Манай улс давхар иргэншлийг зөвшөөрөх хуультай болно гэх мэдэгдлийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хийсэн. Түүний мэдэгдлийн араас эрдэмтэд дүгнэлт гаргаж, засагт өргөх бичиг хүргүүлээд байгааг өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Л.Болд гишүүний байр суурийг Ц.Мөнх-Оргил сайдынхтай харьцуулан хүргэж байна. Л.Болд гишүүний тухайд гадаад харилцааны сайд байхдаа давхар иргэншлийн асуудал дээр хатуу байр суурийг илэрхийлдэг байсныг тодотгоё.
Ц.Мөнх-Оргил: Удахгүй Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж өргөн барина
Эх орондоо ирдэг, ах дүү нартайгаа уулздаг, монголтойгоо хэлхээ холбоотой байхын тулд монгол иргэнээрээ үлдмээр байна” гэдэг хүсэлтийг гадаад дахь монголчууд ихээр тавьдаг. Монгол Улсын харьяатын тухай хуулиар давхар харьяаллыг манайх зөвшөөрдөггүй. Гэтэл хүссэн ч, хүсээгүй ч давхар харьяалал бий болдог. Жишээлбэл АНУ-д Монгол эцэг эхээс хүүхэд төрөхөөр тухайн хүүхэд шууд АНУ-ын иргэн болдог. Монгол Улсын харьяатын тухай хуулиар Монгол эцэг эхээс мэндэлсэн бол хаана төрснөөс нь үл хамаараад МУ-ын иргэнээр харьяалагддаг. Ингээд хууль зөрчөөгүй байж л давхар харьяат болоод байна. Иймээс энэ асуудлыг зохицуулахаар олон талын хувилбарууд дэвшүүлээд байгаа. Энэ асуудалтай холбоотой МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Удахгүй Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж өргөн барина. Энэ асуудлыг нэг тийш нь болгоно.
УИХ-ын гишүүн Л.Болд: Өөрийгөө Монгол гэж ярьсан болгоны толгойг илээд байх нь зохисгүй
Монгол Улс иргэний давхар харьяалалд болгоомжтой, бодлоготой хандах хэрэгтэй. Өнөөдөр монголчууд бид хамгаас илүү тусгаар тогтнолоо авч явах ёстой. Энэ хэмжүүрээр бүх асуудлыг хэмжих ёстой. Тийм утгаар энэ хуулийг гаргавал болно. Хуулийн төсөлд Монгол Улсад давхар иргэншил хэзээ ч байхгүй, хэзээ ч хуулиар зөвшөөрөхгүй гэдэг ганц өгүүлбэр оруулж өгөх шаардлагатай. Түүнээс биш өөрийгөө Монгол гэж ярьсан болгоны толгойг илээд байх нь зохисгүй. Монгол Улсын иргэний харьяалал гэдэг дэлхий дээрх өөр аль ч улстай харьцуулшгүй том ойлголт. Монгол Улсын иргэн бүрт үнэгүй газар өмчлүүлж байна. Тавантолгойн хувьцааг иргэн бүртээ үнэгүй өгсөн. Цаашид ч баялгийнхаа хувьцааг өгнө. Энэ бол тусгаар тогтнолын хамгийн том үндэс. Бид гадаадын иргэнд өмчлөлд хамрагдах боломжийг нээхийн тулд энэ хуулийг гаргана гэвэл үүнийг дэмжиж болохгүй.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Сэтгэгдэл