Сонгинохайрхан дүүргийн XXIV хороо, Баруун салааны нутаг дэвсгэр Хустай орчмын айлууд холоос утас татаж цахилгаанд залгасан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэндхийн иргэд цахилгаан гүйдэлд цохиулж мэдэхээр, томчуудаас илүү тоглож наадах багачуулд аюултай орчин үүсээд буй.
Энэ асуудлаар тус хорооны хэсгийн ахлагч н.Удвалаас тодруулахад "Хустайн орчимд 350-400 орчим айл гэрэл цахилгаангүй байгаа. Тиймээс багадаа 50-500 метр холоос утас татаж айлаас цахилгаанаа авч байна. Энэ асуудлаар нийслэлд хандахаар эхлээд зуслангийн газар өмчлүүлнэ. Үүний дараа энэ хавийн дэд бүтцийн асуудлыг шийднэ гээд байна” хэмээж байсан. Тэрбээр иргэдийн амьдрал хүндхэн байгааг, энэ жил сонгууль болох учраас тог цахилгааны асуудал шийдэж өгөх болов уу гэж хүлээж суугаа талаар хэлж байсан юм.
Сонгууль боллоо. Гэсэн ч тэндхийн иргэд тоггүй хэвээр л байна. Харин Эрчим хүчний яамнаас нааштай мэдээ дуулгалаа. Тус яамнаас Нийслэл хотод 6 мянган өрх цахилгаангүй амьдарч байгаа гэх судалгааг гаргажээ. Уг асуудлыг шийдэхэд хөрөнгө, санхүүгийн асуудал тулгарч байгаа учраас эхний ээлжинд Баянзүрх дүүргийн XXI, XXVII хорооны 1500 өрхийг цахилгаантай болгох ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлжээ. Цахилгаанжуулах ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө дуусгахаар төлөвлөсөн аж. Дараагийн ээлжинд мөн тооны айлыг эрчим хүчээр хангах ажил хийгдэнэ” гэж Эрчим хүчний сайд П.Ганхүү хэллээ.
Цахилгаангүй 6 мянган өрхийн дийлэнхи хувийг СХД, БЗД-т оршин суудаг айлууд эзэлдэг байна. БЗД-ийн иргэд өвлөөс урьтаж тогонд залгах нь. Харин СХД-ийн XXIV хорооны зарим өрх хэзээ цахилгаанд залгах нь тодорхойгүй ч айл, өрхийг цахилгаанжуулах үе шаттай арга хэмжээг Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж эхэлжээ.
Г.Тэгшсүрэн
Сэтгэгдэл