АН-ын дарга Лу.Гантөмөрийг огцруулж, оронд нь Н.Алтанхуягийг “залах” уу


АН ихээхэн асуудалтай байна. Тэд анхнаасаа л фракцаар хуваагдаж ирсэн. Түүнийгээ “…Ардчилал” хэмээн зөвтгөдөг. Гэвч тэр нь үргэлжид намдаа гай болсоор ирсэн. 2020 оноос хойшх хагарал нь ч үүнтэй шууд холбоотой. Товчдоо, “ханлигийн систем”-ээсээ салж чадахгүй байгаа нь энэ намд лидер төрүүлэхгүй байгаа юм.

Хэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Дөнгүүр нь бүгдээрээ “…Би” гэдэг зуршилтай. Жилийн өмнө АН-ын дарга болсон Лу.Гантөмөр өнөө хэр нь “дарга” болж, бүрэн эрх мэдэл хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үүний илэрхийлэл юм. АН-ын дарга болохдоо “…Эвлүүлнэ” хэмээсэн нь одоогоор бүтээгүй байна.

Тэрбээр “…Хэцүү юм байна” гэж хэвлэлээр ярьсан. Үнэхээр ч тийм л дээ. Тэр байтугай сонгууль ойртчихоод байхад л АН-ын даргыг огцруулах тухай үг, үйлдлүүд явагдаж байна. МоАХ фракц түүний амар заяаг үзүүлэхгүй л байна. Тэднийхэн өнгөрсөн жилээс хойшх АН-ын дотоод сонгуулиудад “амжилттай” оролцож ирсэн. Нийслэлийн АН, нэлээд хэдэн аймгийн АН, АЗХ гээд намынхаа гол төлөөллийн байгууллагуудад эзэн суучихсан. “…АН-ын дарга Лу.Гантөмөрийг цагаан сарын өмнө унагана” гээд бэлдээд эхэлжээ. 

Он солигдохын өмнө иймэрхүү зүйл яригдсан. “…Оронд нь Н.Алтанхуягийг АН-ын даргаар тавих юм байна” гэж байв. Н.Алтанхуяг ч “улс төрийн найруулга”-даа сайн, бас намынхаа олон “ханлиг”-ийг тэгш боломжоор хангадаг дарга байсан гэж яригддаг. Түүгээр нь түрүү барьж энэ суудал руу зүтгүүлж буй аж. Энэ мэдээ бодитой бололтой.

“Ажиллагаа”-нд бэлдэж байгаа сураг гарч байсан. Үүнийг батлах мэт 2024 оны эхний өдөр уулзалт хийж, түүнийгээ олон нийтийн сүлжээгээр “мэдээлж” байх юм. Ер нь бол АН-д байгаа олон бүлэг, фракц, ашиг сонирхлын нэгдлүүдээс хамгийн айхтар зохион байгуулалтад орчихсон нь МоАХ болчихоод байгаа юм. Өнгөрсөн жилийн турш АН-ынхан “…Муу Женко” гэж байгаад л хамаг эрх мэдлээ түүнд олгож ирсэн. Одоо ганц алхаад л АН-ын даргыг авчихдаа тулжээ. Лу.Гантөмөрийн хувьд цагаан сар хүртэл үргэлжилж мэдэх МоАХ-ныхны энэ “дайралт”-ыг өнгөрөөж чадвал 2024 оны сонгуульд намаа удирдаж орно. Тэрийг тэсээд гарсны дараа ч АН-ын асуудал дуусахгүй. Хэн ч энэ намын дарга байгаад сонгуульд бэлдэхэд мөн ч олон бэрхшээлтэй тулна даа. Яг л дөнгөж эхэлж байгаа намын дарга адил…

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.