60 жилийн ойн медаль хийлгэж "мөнгө унагасан" УБТЗ-ын удирдах ажилтаны асуудлыг шүүх дахин хэлэлцэхээр болжээ


60 жилийн ойн медаль хийлгэж "мөнгө унагасан" УБТЗ-ын удирдах ажилтаны асуудлыг шүүх дахин хэлэлцэхээр болжээ

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Х.Зоригоод холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.

Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2022 оны есдүгээр сард “Цэц-Урлан” ТББ-ын захирал Ц.Болдбаяртай ажил, үйлчилгээний гэрээ байгуулсан аж.

Үүнийхээ төлөө Ц.Болдбаяраас “Хермес” худалдааны төвийн ойролцоо бэлэн мөнгө хахуульд авсан хэрэгт холбогдсон гэнэ.

УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх зардалд 19.9 гаруй сая төгрөг зарцуулахаар дээрх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, түүнийгээ “Хас гоёл” ХХК-иар хийлгэснээр Ц.Болдбаяр 6.5 саяын ашиг олсон юм байна.

НПГ-аас Х.Зоригоод бусдаас хахууль авсан, Ц.Болдбаярыг нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.

Тус шүүх хэргийг хэлэлцээд Ц.Болдбаяраас Төмөр замын цагдаагийн ажилтан мэдүүлэг авч, улмаар АТГ-т харьяаллын дагуу шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж дүгнэн тэднийг цагаатгасан байна. Эл шийдвэрийг прокурорууд үндэслэлгүй гэж үзээд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцсэн юм.

Улмаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ.

https://livetv.mn/p/298159


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.