"Apple" Хятадыг Энэтхэгээр солив


"Apple" Хятадыг Энэтхэгээр солив

 

"Apple" компани өнгөрч буй санхүүгийн жилд Энэтхэг улсад 14 тэрбум ам.долларын үнэ бүхий "iPhone" үйлдвэрлэснийг "Bloomberg" агентлаг Лхагва гаригт мэдээллээ. Энэ нь тус компани Хятадаас гадуурх үйлдвэрлэлээ тэлэхийг хичээж буй хүчин чармайлтын илрэл юм.

АНУ, Хятадын харилцаа муудахын хэрээр "Apple" компани ч Вьетнам, Энэтхэг гэх мэт оронд үйлдвэрлэлээ тэлж, нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхээр ажиллаж байна. Түүхийн туршид Хятад дахь үйлдвэрлэлээсээ асар их хамааралтай байсан компанийн хувьд энэ нь томоохон өөрчлөлт болох юм.

"Apple" компани өдгөө нийт үйлдвэрлэлийнхээ 14 хувийг буюу долоон гар утас тутмынхаа нэгийг Энэтхэг улсад үйлдвэрлэж байна. Энэ нь өнгөрсөн жилийн үйлдвэрлэлээ хоёр нугалсан дүн байлаа. Эдгээр утасны 17 хувийг "Pegatron", 67 хувийг "Foxconn" үйлдвэрт угсарчээ. Үлдсэн хэсгийг нь "Wistron" үйлдвэрт угсарсан байна.

Өнгөрсөн оны зургадугаар сард "Apple"-ын гүйцэтгэх захирал Тим Кук болон бусад удирдах албан тушаалтнууд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой Цагаан ордонд уулзсан. Энэ уулзалтын дараа Тим Кук ярилцлага өгөхдөө "Энэтхэг бол асар том боломж" гэж хэлж байв. Улмаар "Apple"-ын анхны дэлгүүр өнгөрсөн онд Энэтхэгт нээгдсэн.

Хятад улс "Apple"-ын хувьд чухал зах зээл хэвээр байгаа ч сайнгүй борлуулалтаар энэ оныг эхлүүлжээ. "Counterpoint Research" байгууллагын өнгөрсөн сард мэдээлснээр Хятад дахь "iPhone" утасны борлуулалт 2024 оны эхний зургаан долоо хоногт 24 хувиар буурсан байна. Хятадад "Apple" компани "Huawei" гэх мэт ухаалаг утас үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж байна.

Эх сурвалж: CNBC


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.