Хуулийн байгууллагынхан албан тушаалтнуудыг “агнаж” эхэллээ


Хуулийн байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт нэр бүхий хэд хэдэн албан тушаалтныг шалгаж эхэлжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэлээ.

МИАТ-ийн Т.Батчулуун мөнгө угаасан байж болзошгүй

"МИАТ" ХК-ийн Коммерийн захирал Т.Батчулуун хуулийн байгууллагынхны шалгалтад орсон албан тушаалтнуудын нэг юм. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс бусадтай бүлэглэн их хэмжээий мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн цагдан хорьжээ. Тэрбээр ХБНГУ дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газрын дарга С.Дорждэрэм, багын найз н.Баясгалан нартайгаа үгсэн хуйвалдаж, онгоцны зорчигчийн үйлчилгээнд хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт хуурамч байж болзошгүй нэгэн компанийг шалгаруулжээ.

Ингэхдээ тэд МИАТ ХК-д гурван еврогийн үнэтэй дарсыг найман еврогоор нийлүүлэн их хэмжээний ашиг олж, олсон орлогоо Монгол Улсын нэр бүхий хоёр иргэний данс руу шилжүүлсэн аж. Түүнчлэн Т.Батчулуун, С.Дорждэрэм нар банкнаас 1.5 тэрбум төгрөг бэлнээр гаргах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. 

Д.Доржпүрэв сая долларын гүйлгээг банкаараа дамжуулан авсан уу

Хуулийн байгууллагынхны шалгаж буй дараагийн хүн нь Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэв. Түүнийг мөн л Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Чингис бондын хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар энэ сарын 21-нд Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Тэрбээр дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа ДЦС-III ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх төсөлд Чингис бондын хөрөнгөөс 35 сая ам.долларын санхүүжилт авсны дараа нэг сая ам.долларыг нь өөртөө завшсан хэмээн буруутгагдаж байгаа гэнэ. Тодруулбал, Д.Доржпүрэв нь БНХАУ-ын "Human industrial equipment installation" компанитай ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр гэрээ байгуулж, гэрээний дагуу 35 сая ам.доллар шилжүүлэхээс нэг сая ам.долларыг нь өөрийн байгуулсан "Фин сервис" банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан нь мөнгө угаасан үйлдэл байж болзошгүй гэж хуулийнхан үзэж байна. 

Н.Мөнхбат, Н.Батбаяр нар хамтдаа шалгагдана

Тэгвэл дараагийн эрхмүүд нь Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар юм. Тэднийг Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой асуудлаар шалгаж эхэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар сайд асан Н.Батбаярыг уг хэрэгт холбоотой эсэхийг нь шалган тогтоосны дараа Н.Мөнхбатаас байцаалт авч, зарцуулалтын учрыг олох аж.

Н.Батбаярын тухайд Эрүүгийн хуулийн 263.2 "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан", 264.2 "Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн", 150.3 "Онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн" үндэслэлээр сэжигтнээр шалгагдаж эхэлжээ. Эдийн засгийн хөгжлийн яам тухайн үеийн Засгийн газраас гаргасан Чингис, Самурай бондын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж, бондуудын мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэгт санхүүжилт хийж байсан билээ.

Н.Батбаяр 2012 онд Эдийн засгийн хөгжлийн сайд болмогцоо бонд босгох ажлыг гардан гүйцэтгэж, "Чингис" бондыг санаачилсан төдийгүй 1.5 тэрбум ам.доллар, Японоос "Самурай" бондын 600 сая ам.доллар, "Кредит Свисс" банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг тус тус авсан байдаг. Бондын эргэн төлөлт ирэх оноос хийгдэнэ. Ийнхүү цаг нь тулчихаад байгаа тул тэднийг шалгаж эхэлсэн нь энэ аж. АН-ыг засаг барьж байх үед УИХ дахь МАН-ын бүлгээс Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгах цөөнхийн бүлгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг 2015 оны төсвийн төслийг хэлэлцэхээс өмнө байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад илгээж байсан. Засгийн газар Чингис, Самурай бондын хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчин төсөвт тусгалгүйгээр УИХ-ын хяналтаас гадуур, ил тод бус байдлаар зарцуулсан. Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой байсан ч Засгийн газар энэхүү хуулийг дагаж мөрдөөгүй учраас энэ удаад олонхоороо засаг байгуулсан МАН-ынхан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг байгуулж маш ноцтой гэсэн зүйлүүдийг илрүүлсэн гэнэ. Тиймээс л нэр бүхий хүмүүсийг холбогдох бичиг баримтад үндэслэж ийнхүү шалгах болжээ.

Түүнчлэн Засгийн газар Монголбанктай хамтран 2012 оны сүүлээс хэрэгжүүлж эхэлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөг зарцуулсан ч энэ хөтөлбөрийн талаарх мэдээлэл олон нийтэд хаалттай хэвээр байсан тул энэ удаад ч мөн адил нэгдсэн шалгалт хийхээр болсон тухай хуулийн эх сурвалж мэдээлж байв. Ямартай ч хууль хяналтын байгууллагаас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт дээрх нэр бүхийг хүмүүсийг шалгаж эхэллээ.

Мөн олны анхаарлын төвд ороод байсан Чингис, Самурай бондын мөнгө буруу гараар орсон эсэхийг ойрын өдрүүдэд тогтоож хэн буруутай нь ил болох үлдээд байна. 

Эх сурвалж:
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.