Дархан-Уул аймгийн "Цээнэ клиник" эмнэлгийн хүүхдийн дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяртай ярилцлаа.
---------------------
-Урьдчилан сэргийлэх эхо үзлэгээр танд үзүүлсэн гуравдугаар ангийн буюу найман настай 35 хүүхдээс 22 нь өвчлөлтэй гарсан гэж дууллаа. Үүнээс харахад хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал гэдэг нь харагдаж байна.
-Юуны өмнө шавь нарынхаа төлөө санаа тавьж үзлэгт хамруулсан багшид баярлаж байна. Энэ үзлэгээс харахад цаашид урьдчилан сэргийлэх үзлэгийг олон хүүхдэд, олон ангид хийх ёстой гэдгийг ойлгож авлаа.
35 хүүхдээс элэгний хоргүй хавдар 2, бөөр усжих эмгэг 3, давсагны үрэвсэл буюу цистит 8, нойр булчирхайн архаг үрэвсэл 3, чацархайн булчирхайн үрэвсэл 6, үений үрэвсэл 1 хүүхэд оношлогдсон.
Тэр бүү хэл жингийн дутагдалтай, өсөлтийн хоцрогдолтой байж болохоор хүүхдүүд ч байсан. Томчууд хүүхдийг хүндрээд өвдсөн үед нь л өвдлөө гэж мэддэг. Хэлэхгүй л бол тоодоггүй. Сар бүр эмнэлэгт очоод үзүүл гэхгүй ээ. Ядаж жилдээ нэг удаа хүүдүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг болмоор байна. Энэ нь мэдээгүйгээсээ болоод хожуу оношлогдоод хүндэрч болох олон өвчин эмгэгээс сэргийлж байгаа нэг хэлбэр юм.
-Өвчлөлийн шалтгаан нөхцөл нь анхаарал татаж байна л даа. Дөнгөж найман настай хүүхдүүд шүү дээ.
-Хүүхдийн өвчлөлийн нэгдүгээрт бөөр, шээсний замын үрэвсэл, хоёрдугаарт хоол боловсруулах замын өвчлөлүүд орж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ идэж, ууж байгаа хоол ундыг маш сайн анхаарах хэрэгтэй. Өвчлөлийн шалтгааны хувьд хүүхдүүд циститийг ариун цэврийн өрөөний суултуураас халдвар хэлбэрээр авсан байх магадлалтай. Аль эсвэл даарах, уух усны хэрэглээ нь маш бага байж болно. Бөөрний үрэвсэл төрлөхийн байж болно. Харин нойр булчирхайн архаг үрэвсэл нь төрлөхийн байх боломжгүй.
Энэ нь амьдралын хэв маягаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, буруу хооллож, чанаргүй хоол идэж байна гэсэн үг. Би хүүхдийн эхон үзлэгийг 40 мянган төгрөгөөр хийдэг. Гэтэл үнэтэй байна гэж уурлах хүн ч байна. Найман настай хүүхдүүд элэгний хоргүй хавдар, бөөр усжих эмгэг, цистит, нойр булчирхайн архаг үрэвсэл, чацархайн булчирхайн үрэвсэлтэй байна гэхээр эцэг эхчүүдийнх нь зарим нь цочирдсон бол тоохгүй, үл ойшоосон эцэг эхтэй ч таарлаа. Ер нь хүний мэдлэг, боловсролоос хамаарч үзүүлэх хариу үйлдэл нь хүртэл өөр, өөр байдаг юм байна.
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт 6-17 насны хүүхдүүд жил бүр сүрьеэ, сэтгэц, амны хөндийн эрүүл мэндээ үзүүлэх ёстой гэж заасан. Иргэдийн дунд ч шүднээс илүүг үзэж гавьсангүй гэх шүүмжлэл явсаар өдийг хүрсэн. Найман настай 35 хүүхдээс 22 нь өвчлөлтэй гарснаас харахад урьдчилан сэргийлэх үзлэгт хүүхдийн хэвлийн эхог нэмэх шаардлагатай гэсэн үг үү.
-Тийм ээ. Ер нь бол эцэг эхчүүд хүүхдийн эхо байдаг гэдгийг мэддэггүй. Найман настай хүүхдүүд том хүний тусдаг өвчнөөр өвдөж байна. Энэ бол эмгэнэл. Элэгний хоргүй хавдрууд насанд хүрсэн хүнд амьдралын явцад үүсдэг. Гэтэл хоёр хүүхдэд илэрсэн нь элэгний хоргүй хавдар төрлөхийн байж болно гэдгийг харуулж байна. Тиймээс цаашид урьдчилан сэргийлэх үзлэгт эхог нэмж оруулах шаардлагатай. Гэхдээ нэг асуудал байна.
-Ямар ?
-Монголд хүүхдийн дүрс оношилгооны эмч маш цөөхөн. 2021 оноос хойш жилд 4-5 хүүхэд л төгссөн гэхээр үсрээд л 10-20 эмч байгаа байх. Төгссөн хүмүүс яг мэргэжлээрээ ажиллаж байгаа эсэх нь бас тодорхойгүй. Энэ чиглэл боловсон хүчний хомсдолд орчихсон.
Ямар сайндаа сумандаа ирсэн эхог ашиглаж чадахгүй таван жилийн дараа цоо шинээр нь акталж байгаа ч тохиолдол байна.
-Жилд 4-5 хүүхэд дүрс оношилгооны эмчээр төгсдөг гэхээр яахын аргагүй бага тоо. Яагаад ийм бага төгсөгчтэй байна вэ ?
-Чи бодд оо. Би хүүхдийн дүрс оношилгооны эмч болохын тулд найман жил 6 сар сурсан. Эхлээд зургаан жил эх эмчээр сурна. Төгсөөд дүрс оношилгооны эмчээр хоёр жил сурна. Дараа нь хүүхдийн дүрс оношилгооны эмчээр зургаан сар сурна. Үүний эцэст найман жил 6 сар сурч байж хүүхдийн дүрс оношилгооны эмч болдог гэсэн үг. Боловсролын тогтолцооны нэг гажуудал нь хүссэн хүн бүр хүүхдийн дүрс оношилгооны эмчээр суралцах боломжгүй. Учир нь улсаас квотын захиалга өгдөг. Тэр нь маш бага учраас жилдээ ойролцоогоор 5-6 хүүхэд л төгсдөг. Хувиараа хүүхдийн дүрс оношилгооны эмч болъё гээд очвол захиалгагүй гээд хүлээж авахгүй. Би ЭХЭМҮТ-д өмнө нь ажиллаж байсан.
ЭХЭМҮТ нь хүүхдийн дүрс оношилгооны эмчийн 13-н орон тоотой байх ёстой байтал 8 эмч ажиллаж байгаа. Нэг эмч өдөрт 50-60 хүүхэд үздэг. Яаралтай тусламжаар шөнөдөө 70-80 хүүхэд зовиуртай ирдэг. Ачаалал нь үнэндээ аймшигтай их.
-Нөгөөтэйгүүр эмнэлгүүдэд эхо аппаратны хүрэлцээ хангалттай байж чаддаг уу ?
-ЭХЭМҮТ-д 21 аймаг, 330 сумдаас иргэд ирж үзүүлдэг. Тэр хэрээрээ ачаалал нь их. Энэ нь аймаг, сумдад дүрс оношилгооны эмч байхгүйтэй холбоотой.
Худалч хүнд гэхэд эхо аппарат өрхийн эмнэлэг бүрт байгаа. Гол нь ашиглаж мэддэг хүн байхгүй. Сум бүрт төрөл, төрлөөр нь баахан эхоны аппаратууд өгөөд л байдаг ашиглаж мэдэх хүн алга. Тиймээс цаашид дүрс оношилгооны эмч нарыг бэлдэхэд төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Ядаж квотоо нэмэх нь зөв шүү.
Ярилцсанд баярлалаа.
https://ubn.mn/p/67294
Сэтгэгдэл