Сирийн босогчид Дамаскийг эзлэн авч, дарангуйлагч Башар аль-Асад эх орноосоо дүрвэснээр түүний засаглал нуран унаж байна. Босогчид ерөнхийлөгчийн ордонд дайран орж, түүний үлдээсэн эд зүйлсийн дундаас машины цуглуулгыг нь анх удаа олж илрүүлэн, дэлгэв.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдийг харахад түүний цуглуулгад сонгодог, супер, ховор бүх л төрлийн машин байна. Үүнд, "Lamborghini Diablo", "Mercedez-Benz SLS AMG", "SL65 Black Series", "Ferrari F50", "Audi R8", олон тооны "Toyota FJ Cruisers" болон "Land Cruiser", шинэ "Land Rover Defender" зэрэг багтжээ. Мөн "Lamborghini LM002 SUV", "Mercedes 600 Grosser limo" машинуудыг хэвлэлүүд онцгойлон дурдав. Цаашилбал, 1990-ээд оны "OBS Ford F-350" дээр суурилан бүтээсэн зургаан дугуйтай "Revcon Trailblazer" байгаа нь хамгийн сонирхолтой.
Гэхдээ энэхүү цуглуулга нь ихээхэн хөрөнгө, эрх мэдэлтэй хүний хувьд тийм ч гайхмаар зүйл биш аж. Тансаг зэрэглэлийн автомашины асар их цуглуулгатай гэдгээрээ алдартай Брунейн Султантай харьцуулахад Ассадын машинууд ихэнх нь идэвхтэй ашиглагддаг. Брунейн Султаны хувьд ихэнх машинаа огт асааж унадаггүй.
Машин сонирхогчдын хувьд энэ бичлэг сонирхолтой, хөгжилтэй байж болох ч нөгөө талаас 13 жил үргэлжилсэн аймшигт иргэний дайны үед Ассад баян тансаг амьдарч байсныг илтгэнэ. Эндээс харвал Башар аль-Ассад 24 жилийн дарангуйллынхаа хугацаанд нэг гараараа үнэтэй эд хөрөнгө цуглуулж, нөгөө гараараа энгийн иргэдийг хэрцгийгээр захирч, олноор нь хөнөөж байжээ.
Сэтгэгдэл