Захарченкогийн ажилгүй хамаатнууд тансаг зэрэглэлийн машинтай гэнэ


Оросын ДХЯ-ны авилгын эсрэг тэмцэх ерөнхий газрын орлогч дарга Дмитрий Захарченко тус яамны системд ажиллах хугацаандаа гэр бүлийнхнийгээ байр сууц, харш төдийгүй, тансаг зэрэглэлийн машитай болгожээ. Тухайлбал, цагдаагийн даргын дүү бүсгүй, эцэг болон хуучин эхнэр нь люкс ангиллын хэд хэдэн машинтай гэнэ.

Хурандаа Захарченкогийн тодорхой ажил эрхэлдэггүй дүү 45 настай Иринагийн нэр дээр хамгийн үнэтэй машин байдаг байна. Энэ эмэгтэй 9 сая рублийн үнэтэй Mercedes GLS500, түүнчлэн таван сая рублийн Lexus GX460болон"Hyundai” машинтайг нэг сайтад мэдээлжээ.

Гэвч хууль сахиулах байгууллагын төлөөлөгчдийн мэдээлснээр, Mercedes болон Lexus-ийг Ирина биш, харин түүний дүү байнга шахуу барьдаг байна. Энэ эмэгтэй Ростов мужид гэр бүлийнхнийхээ хамт аж төрдөг ч, Москвад зөрчил гаргасны торгуулийн мөнгө түүний нэр дээр ирдэг нь дээрхийг нотолж байна.

Захарченкогийн эцэг Виктор бас дөрвөн сая рублийн үнэтэй Mercedes-Benz ML 400 4MATIC гэдэг тансаг машин унадаг байна. Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн ярьснаар, 63 настай тэтгэврийн өвгөн маш олон зөрчил гаргажээ. "Голдуу хурд хэтрүүлсэн зөрчил гаргадаг бөгөөд тиймээс энэ жийпийг Дмитрий Захарченко өөрөө унадаг байсан хэмээн үзэх үндэслэл бий. Учир нь түүний эцэг Ростов мужид байнга шахуу суудаг юм” гэж эх сурвалж дурджээ.

Хурандаагийн хуучин эхнэр Марина Mercedes-Benz ML 400 4MATIC болон Porsche Cayenne Hybrid гэдэг хоёр машинтай гэнэ. Хоёр машины нийт өртөг нь найман сая орчим рубль ажээ.

Гэрээс нь бэлнээр найман тэрбум рубль гарсан Оросын ДХЯ-ны хурандаа Дмитрий Захарченко одоо хорионд байгаа юм. Цагдаагийн даргыг авилгын хэргээр шалгаж байгаа ажээ. Сүүлд нь Оросын мөрдөн байцаах хороо нийслэлд хурандаагийн гэр бүлээс таван элит байр илрүүлсэн байна.

С.Инда


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.