АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн зарлигдсан Канад, Мексик болон Хятадын импортын татварын нэмэгдэл тариф Бямба гаригт албан ёсоор батлагдсан билээ. Тодруулбал, Мексик, Канадын импортод 25 хувийн нэмэгдэл, Хятадад 10 хувийн нэмэгдэл тариф ногдуулсан байдаг. Харин Канадын импортод уг татварын нэмэгдэл хамаарахгүй. Ерөнхийлөгч Трампийн хувьд тусгай шинжээчдийн баг гаргаж, нэмэгдэл тариф нь АНУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар судлуулснаар зарлигаа баталсан боловч байдал орвонгоороо эргэх бололтой. Тухайлбал, нэмэгдэл татвар төлөх болсон гурван улсын удирдлага Трампийн зарлигийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, америкчууд алдагдлыг нь хүчээр төлнө гэх Конгрессын анхааруулга биеллээ олж магадгүй болов.
Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Бямба гаригт Трампийн зарлиг батлагдсанаас хэдхэн цагийн дараа АНУ-ын импортод мөн адил татварын нэмэгдэл тариф ногдуулахаа мэдэгдэв. Харин Канадын ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын бүх импортод мөн адил 25 хувийн нэмэгдэл татварын тариф ногдуулахаа зарласан байна. Хятад улсын Худалдааны яам Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргаж, харгалзах арга хэмжээг авна гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Энэ мэтчилэн импортын татварын нэмэгдэл хариу арга хэмжээний үр дүнд автомашины үнэ 3000 ам.доллараар нэмэгдэх эрсдэлтэйг Мексикийн Автомашины сэлбэгийн аж үйлдвэрийн үндэсний ассоциаци (INA) анхааруулжээ. Мексик дэх 700 гаруй автомашины эд анги үйлдвэрлэх үйлдвэрийг төлөөлдөг “INA”-ийн тайлбарлаж буйгаар, автомашины эд анги нь үйлдвэрлэлийн явцад гурван хилээр найм хүртэл удаа нэвтрэх ёстой болдог тул тариф нь үйлдвэрлэлийн зардал, хэрэглээний үнэ нэмэгдэхэд хүргэнэ гэжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Трампийн уг шийдвэр нь сөрөг үр дагавар авчирч, аль хэдийн үнэ нь өссөн бүх бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийг донсолгох болно. Мөн энэ нь худалдааны дайныг өдөөж, уршгаар нь ажилгүйдлийн түвшин нэмэгдэх эрсдэлтэй тулгарч байна.
“The Wall Street” сэтгүүлд дурдсанаар, Трампийн татварын нэмэгдэл тариф нь 1.4 их наяд ам.долларын нэмэгдэл зарлагыг бий болгох бооцоо аж.
Үүнээс гадна, холбооны ажилчдын эргэлзээ, эсэргүүцэл нэмэгдэж байна. Элон Маскийн “DOGE”-ийн ажилтнуудыг Олон улсын хөгжлийн агентлагийн системд нэвтрэхийг тус агентлагийн алба хориглосноосоо болж албан хүчээр чөлөөлөгджээ. Мөн олон талт байдлыг дэмжих “DEI” хөтөлбөрийн агентууд өнөөдрөөс эхлэн цалинтай чөлөөнд гарч байна. Түүнчлэн, 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр болсон Капитолын үймээнд Трампийн оролцоо байгаа эсэхийг шалгаж байсан Холбооны мөрдөх товчооны ажилтнууд ажилгүй болох эрсдэлд унав. Үүнийг Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчийн өмгөөллийн бүлэг эсэргүүцэж, ажилтнууддаа сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөхгүй байхыг уриалав. Учир нь Трампийн шинэ засаг захиргаа сайн дураараа ажлаа хүлээлгэн өгсөн хүмүүст тэтгэмж олгоно гэх нэрийдлээр шахалт үзүүлж байгаа билээ.
Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр, Трампийн цомхотгол сайн дурын мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ “Чи яв” гэх утгатай албан бичгийг олгож байна.
Энэ нь хүний хөдөлмөр эрхлэх эрхийг хүчээр боож буй үйлдэл гэж өмгөөллийн бүлэг мэдэгдэв.
Хөрөнгийн зах зээл ч мөн эргэлзээтэй байдалд орж байна. “Dow” фьючерс 1.4 хувиар буюу 600 гаруй нэгжээр буурсан бол “S&P 500” фьючерс 1.9 хувиар буурсан байна. Технологийн өндөр үзүүлэлттэй “Nasdaq Composite”-ийн арилжааны фьючерс орон нутгийн 18:36 цагийн байдлаар 2.4 хувиар буурчээ. “ET”-д мөн сүүлийн 24 цагийн дотор биткойны ханш 3.5 хувиар буурчээ.
Трамп Бямба гаригт татварын нэмэгдэл тарифын ажиллагааг өргөжүүлж, Европын холбоонд мөн адил ногдуулахаар төлөвлөж буйгаа зарласан. Өнгөрсөн хугацаанд олон улсын удирдагчид Трампийн дараагийн нүүдлээс эмээж байсан бол одоо дан ганц америкчууд биш дэлхий нийтээр хоморгод нь өртөх бололтой. Канадын ерөнхий сайд Трюдо өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох тухай мэдэгдэж байсан. Үүнээс өмнө тэрбээр Трамптай дахин нэг уулзаж, татварын нэмэгдэл тарифыг цуцлах эсэхээр ярилцах болжээ.
Гэсэн хэдий ч тус улсыг АНУ-ын 51 дэх муж болсон цагт татвар ногдуулахгүй гэсэн Трамп хэрхэн хэлэлцэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл