Сэтгэл гутралын эм дементийн хам шинж нэмэгдэхэд нөлөөлдөг үү?


Сэтгэл гутралын эм дементийн хам шинж нэмэгдэхэд нөлөөлдөг үү?

 

Дементийн хам шинж өвчний оношийг дагалдуулан сэтгэлийн хямрал, түгшүүр, цочролыг арилгахын тулд эмч нар ихэвчлэн антидепрессант буюу сэтгэл гутралын эсрэг эмийг зөвлөдөг байна. Гэхдээ саяхан гарсан судалгаагаар уг эм нь тархины мэдрэлийн эс гэмтсэнээс болж үүсдэг дементийн хам шинжийг түргэсгэдэг байж болзошгүй гэж үзэж байна. Тус судалгаатай санал нийлэх эсвэл огтоос хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэргэжилтнүүд бий бөгөөд зарим нь ямар ч үндэслэлгүй гэж дүгнэжээ. Шведийн Солна дахь Каролинска хүрээлэнгийн мэдрэл судлалын туслах профессор, ахлах судлаач Сара Гарсиа Птачек хэлэхдээ "Антидепрессант уусан сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийн танин мэдэхүйн чадвар нь цаг хугацааны явцад илүү их буурч байгааг бид олж мэдсэн" гэв.Мөн "Гэсэн хэдий ч өвчтөн болон асран хамгаалагчид энэхүү судалгааг ажиглалтын шинж чанартай гэдгийг мартаж болохгүй. Үүнийг бүрэн нотлохын тулд илүү их судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай байгаа тул хурдан хариу үйлдэл үзүүлэхгүй байх хэрэгтэй" гэжээ.

Гэхдээ судалгаанд хамрагдаагүй мэргэжилтнүүд судалгааны үр дүнг маш болгоомжтой тайлбарлах ёстой гэж үзэж байгаа юм. Тэдний нэг Их Британийн Батын их сургуулийн Амьдралын ухааны тэнхимийн доктор Прасад Ништала хэлэхдээ, " Дементийн хамт шинжтэй өвчтөнүүдийн сэтгэл гутралын байдлыг ноцтой авч үзээгүй гэж бодож байна. Энэ нь үр дүнг гажуудуулж болзошгүй юм" гэсэн байна. Харин урьдчилан сэргийлэх мэдрэлийн эмч, Флоридагийн Бока Ратон дахь мэдрэлийн дегенератив өвчний хүрээлэнгийн судалгааны захирал, доктор Ричард Исааксон хэлэхдээ, сэтгэцийн эмгэгийг эмчилдэг эмч нар энэ судалгаанд үндэслэн сурч мэдсэн практизаа өөрчлөхгүй байх магадлалтай гэжээ.

"BMC Medicine" сэтгүүлд Даваа гаригт /2025.02.25/ нийтлэгдсэн энэхүү судалгаанд 2007-2018 оны хооронд дементийн хам шинжтэй 4,271 хүний сэтгэцийн эмгэг судлалын мэдээллийн сан болох Шведийн танин мэдэхүйн сэтгэцийн эмгэгийн бүртгэлд тусгагдсан эмнэлгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.

Судалгаа эхлэхээс өмнө бүх оролцогчид дор хаяж зургаан сарын турш антидепрессант хэрэглэж байжээ. Тухайлбал, тэд "SSRI" гэгддэг сонгомол. серотонины нөхөн сэргээх дарангуйлагч болох хамгийн түгээмэл антидепрессантыг хэрэглэж байв. Гэхдээ, судлаачид антидепрессант хэрэглэж байсан хүмүүс анхнаасаа хүнд хэлбэрийн дементийн хам шинжтэй байсан эсэхийг тодруулж чадаагүй. Мөн судалгаанаас харахад антидепрессант ууж байсан дементийн хам шинжтэй хүмүүсийн танин мэдэхүйн бууралт нь хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад удаан байдаг бололтой.

Тиймээс антидепрессант нь танин мэдэхүйн чадвар удаашралтай буурахад шууд нөлөөлж байна уу, эсвэл заавал хэрэглэх хэрэгтэй хүмүүс дементийн хүнд шатанд орсон уу гэдэг нь тогтоогдоогүй юм.

Улмаар уг судалгаа нь агуулгын хувьд хэтэрхий зөрж байна гэж Исааксон хэлжээ. "Хэрэв хэн нэгэн энэ судалгааг уншаад дементийн хамт шинжтэй хүмүүсийн танин мэдэхүйн үйл ажиллагаа хурдан буурдаг гэж дүгнэсэн бол энэ нь худлаа юм. Энэ судалгаа тийм биш байна" гэв. Антидепрессант болон танин мэдэхүйн бууралт хоёрын хоорондын холбоог шалгахаас өмнө илүү их судалгаа хийх шаардлагатай байна гэж Лондонгийн их сургуулийн коллежийн тархвар судлал ба генетикийн тархвар судлалын дэд профессор доктор Эмма Андерсон мэдэгдэв. Тэрбээр мөн "Хязгаарлагдмал нотлох баримтад үндэслэсэн эдгээр мэдэгдлүүд нь дэлхий даяар сая сая хүмүүст тусалдаг антидепрессантын талаарх олон нийтийн ойлголтод нөлөөлж болзошгүй юм" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.