Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2025 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Кэмбриж хотод ажиллав.
Энэ үеэр Кэмбрижийн их сургуулийн “Кавендиш” лабораторид байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр докторын дараах судлаачаар ажиллаж байгаа Т.Ганбаатартай уулзлаа.
Тэрбээр “Бага тунд ажиллаж чадах хор хөнөөлгүй рентген болон Гамма туяаны бүртгэгч төхөөрөмж хөгжүүлэх” судалгааны ажлыг Кэмбрижийн их сургуульд хийж байна. Түүнтэй цөөн хором ярилцав.
-“Кавендиш” лабораторид байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр докторын дараах судлаачаар ажиллаж байгаад баяр хүргэе. Өөрийнхөө судалгааны ажлаас танилцуулах уу?
-Рентген болон Гамма туяа нь маш өндөр энергитэй туяа. Эдгээрийг бүртгэж авах ажил хийдэг гэж ойлгож болно. Бүртгэж авсан туяагаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношлогоо болон компьютер томографийн шинжилгээнд ашиглах судалгааг хөгжүүлж байна. Үүн дээрээ тулгуурлаад эрдэм шинжилгээний өгүүллээ бичиж, патентаа авч, хамтран ажиллагсадтайгаа нийлээд “Start up” компаниа байгуулсан, эхний хөрөнгө оруулалтуудаа татаад явж байна.
-Судалгааны ажлынх нь үр дүн юу байв?
-Ихээхэн үр дүнтэй судалгаа болсон. Бид рентген туяаны ширхэг бүрийг бүртгэж авч чадаж байгаа. Байгалийн “доз” буюу туяаны хэмжээ гэж бий. Тэр хэмжээний туяаг бүртгэж авч чадна гэдэг нь энэ технологи цаашдаа хэрэглээнд орох бүрэн боломжтойг нотолж буй хэрэг юм.
-Таны судалгаа эмнэлэг, эрүүл мэндийн салбарт хэрхэн хэрэглэгдэх бол?
-Тархины томографи, уушигны томографи, бүтэн биеийн шинжилгээнүүдийг хийнэ. Жишээлбэл, хавдарын өвчлөлөөс шалтгаалан хүн төрөлхтөн олноороо амь насаа алдаж байна. Олонх нь хавдраар өвчилснөө сүүлийн 3 юм уу, 4-р үе шатанд орсны дараа л олж мэддэг. Тэгвэл бидний судалж тогтоосон энэхүү технологиор бүтсэн төхөөрөмж нь хавдрын өмнөтгөл үе буюу дөнгөж үүсэж эхлэхээс нь илрүүлэх, мэдэх боломжтой.
Тухайлбал рентген төхөөрөмжөөс хүний биед үзүүлэх хор хөнөөлийг багасгачихвал хүмүүс ойр ойрхон үзүүлж харуулж чадах байх. Нисэх онгоцны буудал, олон нийтийн газарт төхөөрөмжийг байршууллаа гэж бодоход л онгоцноос бууж, суухдаа л хүмүүс рентген туяаны бүтэн шинжилгээнд орчихно гэсэн үг. Ер нь бол хавдар дөнгөж эхэлж байхад л мэдэхийн тулд айхгүйгээр рентгенд ойр, ойр харуулах, хавдартай болж байгаагаа эрт мэдэж, эмчлүүлэх боломжтой болох юм.
-Зах зээлд нэвтрүүлэхэд хугацаа шаардах нь ойлгомжтой байх. Таны бодлоор таны судалгааны үр дүн хэдийд практикт нэвтрэх вэ?
-Технологийн чиглэлийн судалгааны үр дүнд суурилж, шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүнүүд зах зээлд ороход тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай. Бид эхний шатны судалгаагаа явуулаад, боломжтой нь батлагдсан болохоор улам боловсронгуй болгон хөгжүүлж ажиллана. Өөрөөр хэлбэл, компаниа улам өргөжүүлж, технологийн томоохон компаниудтай хамтын ажиллагааны гэрээ хийж, хамтарсны үндсэн дээр үйлдвэрлэлд оруулна. Нэлээд хугацаа орно.
-Нууц биш бол хөрөнгө оруулалтаа хэрхэн босгосон бол?
-Бидний эхний хөрөнгө оруулалт Европын холбооноос тэтгэлэг хэлбэрээр орж ирсэн. Судалгаагаа эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд өргөдөл, материалаа өгөөд өрсөлдөөнт шалгаруулалтад ордог. Энэ жил эхнийхээ хөрөнгө оруулалтыг аваад, 2025.06.01-нээс ажлаа эхлэхээр бэлтгэж эхэлсэн.
-Эх орондоо буцаж очих боломжтой юу? Таны эрдмийн ажлын үр шимийг монголчууд хэрхэн хүртэх вэ?
-Надаас гадна маш олон залуус дэлхийн өнцөг булан бүрт энэ чиглэлээр ажиллаж байгаа. Энэ залуус бүгд эх орондоо очоод дуртай ажлаа хийх мөрөөдөлтэй байдаг байх. Тэдний нэгэн адил би ч гэсэн яг энэ чиглэлийн судалгааг хөгжүүлээд, дэмжээд өгвөл Монголдоо очиж ажиллах боломжтой. Хэдийгээр Монголдоо очоод яг энэ чиглэлээрээ ажиллаж чадахгүй ч гэсэн би болон энэ чиглэлээр судалгаа хийдэг Монгол залуус зөвлөгөө өгөх байдлаар судалгааны ажлуудыг дэмжих сонирхолтой байгаа.
-Монголд иймэрхүү судалгааны ажлыг хөгжүүлэх, дэмжих ёстой юм байна?
-Боломж байхгүй гээд хойшоо суувал, суугаад л байна. Тэгэхээр хэн нэгэн эхлүүлэх ёстой. Хамгийн ирээдүйтэй гэсэн чиглэлүүдээс сонгоод тэндээ маш зоригтойгоор хэдэн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Монголын шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалтууд яаж яваад байна гэхээр маш бага төсөвтэй байдаг, 20 сая төгрөг. Энэ мөнгөөр ганцхан ширхэг бодис худалдаж авна, өөр юу ч хийж чадахгүй. Түүний оронд хэдэн сая доллараар нь хөрөнгө мөнгө зарах учиртай юм.
Ер нь бол 10 сая долларын хөрөнгө оруулалт хийлээ гэхэд бүхэл бүтэн улсын хувьд тийм их мөнгө биш, хэдэн километр замын л мөнгө шүү дээ.
-Судалгаа хийдэг хүний хувьд эмзэглэж явдаг асуудал юу байна?
-Эмзэглэж явдаг асуудал гэвэл монголчууд суурь судалгааны чиглэлд их хоцрогдолтой байгаа. Шалтгаан нь тоног төхөөрөмж болоод хөрөнгө оруулалтын хувьд хүндрэлтэй холбоотой юм. Монголчууд хэрэглээний чиглэлийн технологид хөрөнгө оруулбал ирээдүйтэй. Ингэж гэмээнэ гадаадад байгаа оюуны хүчийг ашиглах, тэднийхээ аль хэдийнэ боловсруулчихсан технологийг Монголд хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж яагаад болохгүй гэж. Ийм боломж байгаа шүү дээ.
Сэтгэгдэл