Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн 30 хувь нь эрсдэлтэй байгаа бол баригдаж буй болон баригдсан байгаа барилгын захиалга мөн 30 хувийн уналттай. Мөн арилжааны банкуудын гаргасан нийт зээлийн 30 хувийг Ипотекийн зээл эзэлж байгаа. Хэвийн явж байгаа гэж хошгируулсаар сонгууль давсан энэ зээл нам зогсоод удлаа.
Намуудын тооцоо судалгаагүй амлалт яаран эхлүүлсэн төслүүдээс арай нэг хүндээ үлдэцтэй шууд тусгалтай байсан нь Ипотекийн зээл. Гэхдээ бараг хүчээр явж ирсэн ч гэж болно. Улс төрийн зорилгоор Засгийн газар олон нийтэд таалагдах аливаа шийдвэрээ гэнэт гаргаад шууд зарлачихдаг. Доод байгууллагадаа энийг шийд гээд тулгаж үүрэгддэг. Монгол банкны хувьд Ипотекийн зээл дээр ийм л дүр зурагтай байсан нь одоо ил болоод байна. Учир нь бодит байдал дээр энэ зээлийг санхүүжүүлэх эх үүсвэрүй болчихоод байна.
Барилгын салбарынхан Ипотек гэдэг угжнаасаа салаад хөөсрүүлж байсан үнээ газарт буулгачихаад байгаа ч борлуулалт нь гацсан хэвээр. Ипотекийн зээл эхэлсэн ба зогссон хүртэлх энэ зайд бидний олж авсан хамгийн том сургамж бол энэхүү үнийн хөөрөгдөлт.
Энэ зээлийг зогсоовол эрх баригч нам сонгуулийн нэг том амлалтаасаа ухарсан болж ээлжит зэмлэлээ хүлээнэ. Улс төрийн түүхээрээ бол Ипотекийн зээлийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө яаран эхлүүлсэн. Харин одоо шинэ Ерөнхийлөгч тодрохын өмнө зогсчихвол буруутгал нь эрх баригч нам дээр буюу нэр дэвшигч дээр нь хасах оноо болж буух эрсдэлтэй. Ийм болохоор энэ зээл эдийн засаг, мөнгө санхүүгийн эх үүсвэр талаасаа боломжгүй ч "намын даалгавраар" дараа жилийн наадам хүртэл үргэлжлэх байх.
Арилжааны банкууд ч энэ зээлийг үргэлжлүүлэх талд байгаа гэдэг. Гэхдээ иймэрхүү үл хөдлөхийн хөлдүү удаан явцтай зээлийн эх үүсвэрийг дангаараа эрсдэл хүлээгээд гаргах боломжгүй. Үүнд төрийн дэмжлэг баталгаа зайлшгүй хэрэгтэй болно. Хятадаас авах зээлээс буюу 25 тэрбумын эх үүсвэрээр Ипотекийн зээлийг эхлүүлэх тухай эрх баригчид дуугарах болсон. Энэ бол ИТХ-ын сонгуулийн хачир дээр тавьсан зүсэм өөх гэж болно. Бодит тооцоо үндэслэлийг Монголбанк, Сангийн яам судлах хэмжээнд л явж байгааг эх сурвалжууд хэлж байна.
Дээр хэлснээр сонгууль хаяалж энэ зээл үргэлжлэх нь тодорхой. Харин зээл эхэлсэн нөхцөлд одоогийн тогтоож буй бодит үнээ хөөсрүүлж нэмэхгүй шүү гэдгийг барилгын компаниудтай хатуу тохирох ёстой юм.
Ам.доллар хоногоор дээшилж байгаад Монголын хувийн хэвшлийнхэн цохилт хүлээж байгааг хаана хаанаа ойлгох ч бороон дундуур гэдгээр зээлийн боломж дээр үнээ нэмж иргэдийнхээ боломжийг боогдуулах хэрэггүй. Үүнийг төр барилгын компаниудад үүрэгжүүлсэн ч гэмгүй.
Зээл бүтэх сайхан. Шинэ байранд орох бүүр сайхан. Харин амьдралынхаа 20 жилээрээ зүтгэж төлөх иргэдийн дарамт хэвээр л үлдэнэ. Ипотекийн зээл эхлэх өдөр байрны үнийн хөөс зэрэг хагарч байгаасай.
Б.ИХЭР
Сэтгэгдэл