Онц байдал зарлаач, Ерөнхийлөгч өө!


Онц байдал зарлаач, Ерөнхийлөгч өө!

Цахим мэдээллийн тойм харлаа. "Хуучин байрны үнэ 10 орчим хувиар буурчээ”, "Ам долларын ханш буцаад өслөө”, "Төсвийг танах, хасах, тайрах зам үлдсэн. Сонголтгүй!!!”, "Үндэсний үйлдвэрлэлийн "амиа хорлолт” тойрсон зовлон” зэрэг гарчгууд ирийнэ. Татварын дарамтанд орсон компани нэр нь танигдсан бүтээгдэхүүнээ үнэгүй тараах гэтэл хэт олон хүн дайрч дэлгүүрийн шилэн хаалга хагалан замбараагүй байдал үүссэн л гэнэ. Хоёр тэрбумын өрөө дараад улсаараа баярлаж байсан атал хэдхэн жилийн дараа хорин тэрбумын өртэй болчихлоо л гэнэ.

Амлалтын солиоролд итгэж төрийн түшээдээ анхнаас нь буруу сонгосон сонгогчдын амыг асуултай биш дээ. Нэг удаагийн сонгууль ч биш, сүүлийн хэд хэдэн сонгуульд диваажин амласан, архи тараасан, хэдэн төгрөг сэм атгуулсанд нь саналаа өгсөөр ирсний гор нь хатуухан гарч байна. Энэ бол эрхэм сонгогчид юугаар ч сольж болшгүй үнэт зүйлээ юугаар ч хамаагүй сольсны гай. Матрын нулимс унагаж, элэг зүрхээ өгөх нь холгүй аяглаж байгаад УИХ-ын гишүүн болмогцоо маргааш нь зангаа таниулдаг өөдгүй түшээг өргөж гаргаж ирсний гай. Ийм юмнууд УИХ-д олонхи болчихоод шудрага, ухаалаг, зөв гишүүдээ сонсохгүй олонхиороо ааглах байдал бий болчихоод байна. Түүнээс ч ноцтой асуудал нь Үндсэн хууль.
 
Үндсэн хууль бол төрийн тогтолцооны суурь. Энэ суурь бөх бат, алдаагүй байх ёстой. Гэтэл сууриа өрөхдөө хий цэцэрхэлцсээр хазгай буруу хийсний горыг өнөөдөр монголчууд нийтээрээ амсаж байна. Хоёр жилийн өмнө шинэ Үндсэн хуулийнхаа ойг нижгэр тэмдэглэсэн. Найрлаж, шагналд умбаж, магтаал хөвөрсөн болохоос Үндсэн хуулиас шалтгаалсан тогтолцооны гажуудлын талаар хэн ч дуугараагүй. Монгол төрийг гурван толгойтой болгочихсоноос болж улс орон хөгжиж чадахгүй, эе эвдэрч төр самуурсаар байгаад хэн нь  ч уучлал гуйгаагүй. Өнөөдрийн улс орны байдал, дүр зураг бол эцсийн эцэст Үндсэн хуулийн алдаанаас болсон төрийн буруу тогтолцооны үр дагавар юм. Манайхан үүнийг анзаарахгүй хувь хүнээс буруу эрээд байна. Тогтолцоо нь буруу учраас гажуудал гарч, нийтлэг эрх ашиг хохирч, нийтээрээ доройтож байна.
 
Сонгуульд ямар нам ялснаас үл хамааран Засгийн газраа хүссэн цагтаа унагаж, яам тамгын газрыг дуртай үедээ салгаж нийлүүлж, боловсон хүчнийг халж сольдог буруу жишиг Монголын төрд тогтчихжээ. Бүр аль намын хүн сайд болсноос хамаараад дээрээс доош нь бүх шатны албан тушаалтныг халдаг сольдог хорлонтой жишиг тогтов. Хэдхэн сарын настай сайдаас болоод мэргэшсэн боловсон хүчнүүд олноор халагдаж, туршлага мэдлэггүй хүмүүс ор сууж, Монгол төрийн холч бодлого, залгамж чанар гэдэг юм алга боллоо. Тэр болгонд төрийн дархлаа суларч байна. Тэр болгонд ард түмэн хохирон хэлмэгдэж байна. Тэр болгонд улс орноороо хамтдаа уруудан доройтож байна.
 
Дарга даамал болохоор, ямар нэгэн тамга барихаар гүйж яваа улс дотор төрд бүү хэл маньд гологдохоор нь мөн ч олон байх юм. Нэг сонсоход хэлж явсан албан тушаалдаа оччихсон л дуулдах. Монгол төр тэр чигээрээ "Би чадна” гэдэг шоуны талбар болсон гашуун үнэнээс зайлах газар алга. Төрийн алба түвэгтэй, бас хариуцлагатай гэдгийг хэн ч анзаарахаа больж, дөнгөж сургууль төгссөн, амьдралын туршлагагүй, ухааны бяд суугаагүй, омголон дэврүүн байдлаа давж харах чадваргүй залуусаар дүүрлээ. Тэр хэрээр Монголын төр хөнгөн хийсгэлэн, суурь муутай, зангараггүй болж байна.
 
Хэн нэгэн даргын цүнхийг нь барьж, пальтог нь өмсүүлж гүйсэн овжин залуус бялууны захаас хүртэж, дараа дараагийн ээлж айсуй бялууны үнэрээр нь дураа дарж явна. Энэ бол залуу үеийнбуруу биш. Хүссэнээ хийх, хөгжиж дэвших боломжийг нь мафижсан намаас хамааралтай төрийн тогтолцоо хаачихаар тэд яах билээ. Эсвэл эрх мэдэлтэй нэгнийх нь  хөнжлийн сэжүүр доогуур шургана. Эсвэл харийн оронд ажиллаж амьдарна. Эсвэл бор зүрхээрээ зүтгэж шар махтайгаа хатаж,  угаасаа болохгүй байгаа тогтолцооны золиос болно.
 
Ийм л байдалд өнөөдөр монголчууд улс орноороо төртэйгээ, хүнтэйгээ шаварт суучихаад байна. Түүний балаг нь хамгийн түрүүнд эдийн засгийн хямралаар илэрч байна. Жил бүрийн наймдугаар сард байрны үнэ өсдөг бол энэ жил эсрэгээрээ уналаа. Орон сууцны найман хувийн зээлд иргэдийг хамруулж байгаа ч банкин дээр очоод болзол нөхцлийг нь хангах хүн цөөхөн байна. Яг үнэндээ монголчууд хэнэггүй, бас хүлээцтэйдээ л өнөөдөр чимээгүй байгаа болохоосбиш өөр орон байсан бол ард түмэн нь уур хилэнгээ аль эрт гадагшлуулахаар болчихоод байгааг эрх баригчид мэдэж байгаа болов уу?
 
Төрөөс юм шаардахгүй, тэнгэрээс гэнэт унаад ирэх бэлэгт итгэхгүйгээр цаг наргүй хөдөлмөрлөж, зээл тавин бизнес хийж, өөрөө өөрийгөө болгохоос гадна өчнөөн хүнийг тэжээж  байгаа олон мянган шудрага хүмүүс өнөөдөр байдгаа барьцаанд тавьж, өр зээлэнд баригдаж, амьдралын төлөө чин үнэнчээр зүтгэснийхээ шийтгэлийг амсаж байгааг эрх баригчид ер нь мэддэг болов уу? Өмнө нь ядуучууд хоолгүй хонодог байсан бол одоо дундчууд хоолгүй хонохдоо тулчихаад байгааг анзаарч байгаа болов уу? Өчнөөн зоогийн газар үйлчлүүлэгчгүй байх болж, өчнөөнлангуу түрээслэгчид зэлээ эвхэж, өрийн сүлжээ ямар аймшигтай болсныг тэд төсөөлдөг болов уу? Өөрт нь тал засч долигоносон, тайвшруулсан засвартай мэдээ тоймд тэд хууртсаар сууна уу? Чин хүсэл байвал бодит үнэнийг мэдэх ч уг нь амархан даа.
 
Өнөөдөр  улс орны байдал үнэхээр хүнд, ард түмэн бухимдалтай байна. Үүгээр далимдуулж популизм хийгсэд ч байна. Эх оронч нэгэндээ популист гэдэг хаяг зүүж үгийнх нь үнэ цэнийг санаатайгаар унагаах нь ч байна. Нас хоорнд бүү хэл, нам дотроо ч нэг нэгнээ дарж авах аян шалтаг болгогсод олон байна. Баатар болж тодрохыг эрмэлзэгсэд зөндөө байна.
 
Гэвч тэднээс юу ч горьдоод нэмэргүйг өнгөрсөн амьдрал хангалттай харуулсан. Одоо байгаа төр засагт чадавхи алга. Төрийн хямрал жирийн бидэнд ч тодорхой байгаа, хэдхэн сайдаа ч томилчихож чадахаа больсон ийм үед ганц найдвар Монгол Улсын Ерөнхийлөгч л байна. Ерөнхийлөгч онц байдал зарлаж бүх эрх мэдлийг гартаа авмаар байна.
 
Тэгээд мэргэжлийн шигшмэл хуульчдыг суулгаж байгаад Үндсэн хуулиа боловсруулж, эрдэмтэн мэргэдээ дайчлан ойрын болон хэтийн хөгжлийн бодлогоо чамбайруулаад, энэ нурсан сүйрсэн байдлыг  цэгцэлж зөв замаар замнах бэлтгэлийг хангасны дараа онц байдлаа цуцлан жинхэнэ утгаар нь ардчилсан улсаа хөгжүүлмээр байна. Өөр сонголт хийх аргагүй болтол Монгол Улс дордчихоод байна. Ерөнхийлөгч Та эр зориг гарган үүнийг хийгээч хэмээн эх орондоо хайртай, шудрага ёсыг дээдлэгч жирийн нэгэн сэхээтний хувьд гуйя!
 
 
 

 

Урианхан Б.Галаарид


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.