Хазааргүй мэт аашлах ам.долларыг хорьж дийлэх хүчтэн өнөөдөр манай төр засгийнхан болоод эдийн засагчдад байхгүй бололтой.
Манайд төгрөгийн ханшийг тодорхойлдог мөн эдийн засгаа өөрөө удирдаад явах ёстой Монголбанк гэж ёстой л нэрнээс цаашгүй газар болоод удаж байна. Ингэж хэлэхийн учир "гаднаас орж ирэх ам.долларын урсгал бараг зогссон, мөн түүнчлэн нөөц нь дуусч байгаа” хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болоод Монгол Улсын сангийн сайд Б.Чойжилсүрэн нар ёстой ам уралдан олон нийтэд зарлаад энэ бол өмнөх удирдлагын алдаатай бодлого гээд өөрсдөө уснаас хуурай гарах гэж оролдсон.
Үүний балгаар одоо хазааргүй мэт аашлах ам доллар сүүлийн дөрөвхөн сард 600-700 төгрөгөөр нэмэгдээд одоо цаашид ч өсөхийг үгүйсгэхгүй байна. Ёстой л хэлтэй амтай бүхний амны бай болж байгаа ам.доллар өнөөгийн Монголын хүндэрсэн эдийн засагт дарамт болж байна.
Н.Баяртсайхан Монголбанкны ерөнхийлөгчөөр очихдоо ёстой л амныхаа зоргоор бурж өмнөх удирдлагуудыг нь газар доогуур ортол муулж явсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр өөрийн хар толгойгоо яаж шуухан авч хэл амгүй өнгөрөх вэ гэсэн шиг ноён ам.долларын тухай дурсахаа болиод байх шиг. Үнэхээр чадахгүй бол чаддаг нэгэнд нь өгөөд болимоор. Ер нь бол "гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчийн үлгэрээр үлгэн салган байгаа Монголын эдийн засгаар тоглож суухаар зайгаа тавьсан ч дээр биз.
Тэгээд ч арилжааны банкнууд болон гадны гэх бизнесменүүдийн тоглолтын талбар монгол биш. Ам.долларын ханшийг хүсснээрээ өсгөж, унагаж монгол төгрөгийн ханшийг шороотой нь хутгахыг харж суудаг, үүнийгээ өмнөх удирдлагын болон өнөөгийн эдийн засаг хямарсантай холбож арьсаа хамгаалдаг Монголбанк болон тус банкны ерөнхийлөгч гэх том нэртэй жижигхэн хүнтэй байсны хэрэг байна уу, Н.БАЯРТСАЙХАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ!?
Эх сурвалж: BOLOD.MN
ЧОЙ
Сэтгэгдэл