Ялангуяа францчууд нутаг нэгт бүсгүйчүүдээ огт өрөвдөж хайрлахгүйгээр мөрдөн мөшгиж, зүйл бүрээр зовоож байв. Ялагдсан хорсол, олон жил эзлэгдсэн уур хилэнгээ эдгээр эмэгтэйчүүдэд гаргаж, тэр ч бүү хэл газар нутаг салж бутарсан бурууг тэдэнд тохож байлаа.
"L'épuration sauvage" гэж нэрлэгдсэн кампанит ажиллагааны үеэр 30 орчим мянган эмэгтэйг немцүүдтэй холбоотой байсан хэмээн олон нийтийн өмнө гутаан доромжилж байжээ.
Тэр үеийн нэгэн гэрч: "Бидний хажуугаар арав гаруй эмэгтэйчүүдийг суулгасан ачааны машин олны доромжлон хашгирах, хараан зүхэх, шүгэлдэх дуун дор явж өнгөрсөн. Тэдгээр эмэгтэйчүүдийн үс, гэзгийг нь хуссан байсан. Бүгд ичгүүр, айдаст автан толгойгоо даран бөхийсөн байлаа” гэж ярьжээ. Олон тооны зураг, бичлэг ч үүнийг баталж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн үсийг хусаад зогсохгүй, нүүрэн дээр нь хас тэмдэг зурж, духан дээр нь тамга дарж байжээ.
Бүсгүйчүүдийг зүгээр л буудаж орхих тохиолдол ч гарч байсны дээр олон эмэгтэйчүүд энэ бүхнийг тэсэж чадалгүй амиа хорлож байв.
Тэдгээр хүүхнүүдийг "үндэсний шившиг” хэмээн нэрлэж, 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар шоронд хорьж, иргэний бүх эрхийг нь хасч байлаа. Ийм явдал Европын бусад оронд ч гарч байв.
Бас нэг хэцүү зүйл байсан нь: германчуудаас төрсөн хүүхдүүд байжээ. Дайсны үр удам болж төрсөн тэдэн шиг гадуурхагдаж, шоовдорлогдсон иргэд байсангүй. Тэднийг "Эзлэлтийн үеийн хүүхдүүд” гэж нэрлэдэг байв.
Францад бараг 200 мянган ийм хүүхэд төрсөн бөгөөд харин францчууд бусад улсыг бодвол арай зөөлөн хандаж, герман нэр авах, герман хэл сурахыг нь л хориглож байжээ. Гэхдээ л хүүхэд томчуудгүй доромжлон гадуурхах явдал гаргаж байсан нь мэдээж. Тэдний олонхи нь эхчүүддээ хаягдаж, хүүхэд асрах газар өсчээ.
Зохиолч Сомерсет Моэмийн 1944 онд бичсэн "Бууж өгөөгүй эмэгтэй" зохиолын гол баатар герман цэргээс олсон хүүхдээ хөнөөж байгаа тухай гардаг. Энэ бол бодит түүх бөгөөд иймэрхүү явдал олноор гарч байжээ.
Эзлэлтийн үеийн хүүхдүүдийн "Хил хязгааргүй зүрх” хэмээх 300 гаруй гишүүдтэй Франц–Германы ассоциацийг үндэслэгч: "Нийгэм бидний эрхийг боогдуулж байсан тул бид энэ ассоциацийг байгуулсан юм. Дэлхийн 2-р дайны үед франко–герман гаралтай болж төрсөн нь бидний буруу биш. Бид өөрсдийнхөө эцэг эхийг хайж олох, бие биедээ туслах, түүхийн дурсгалт зүйлсийг хадгалан авч үлдэх зорилгоор нэгдсэн юм. Урьд нь энэ бол хориотой сэдэв байлаа” хэмээн өгүүлжээ.
Өнөө үед Германд франц эмэгтэйгээс төрсөн герман цэргийн хүүхэд германы харьяат болохыг зөвшөөрсөн хууль байдаг.
Норвегт 15 мянга орчим эмэгтэйчүүд жил хагас хүнд хүчир ажилд зүтгэхээр шийтгүүлж, тэднээс төрсөн бүх хүүхдүүдийг засгийн газраас "оюуны хомсдолтой” хэмээн зарлаж сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү илгээж 60-аад оныг хүртэл тэнд хорьж байжээ.
Тэднийг "нацистийн удам”, "мэдрэл муутнууд” хэмээн нэрлэж, төрөл бүрийн эмнэлгийн туршилтанд оруулдаг байсан тухай хожим нь Норвегийн "Дайны үеийн хүүхдүүдийн Холбоо”-ноос мэдэгдсэн байна.
2005 онд л Норвегийн парламент эдгээр гэм зэмгүй хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйж, 3000 еврог нөхөн төлбөр болгон өгчээ.
Сэтгэгдэл