С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч хаачив?


С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг шүүхэд шилжжээ. Прокуророос шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн долоо хоногт зарлав. 18 жилийн турш "нам жим” байсан энэ хэрэг шийдэгдэх шатандаа орлоо гэсэн үг. Энэ сайн хэрэг. С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн эзнийг олох зөвхөн ар гэрийнхнийх нь бус Монголын ард түмний хүсэл бий. Тийм ч учраас 1998 оны тэр хар өдрөөс хойш энэ хэргийн талаар элдэв таамаг, дуулиан шуугиан, тэр ч бүү хэл энэ хэргийг ярьсаар сонгуульд орж ялдаг нам, улстөрчид бий болсон.

 

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбог­дуу­лан Орхон аймгаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг жил гаруйн өмнө баривчилж хорь­сон. Гэвч тэд энэ хэр­гийг үйлдсэн гэдэгт олон нийт эргэлзэж бай­гаа. Мөн тэдний ар гэрийн­хэн нь "...Малчин, ногоо­чин хоёр яавч ийм хэрэг хийх­гүй. Хилс хэрэгт хол­бог­дуулаад байна” гэж мэдэг­дэж байгаа. Ерөөс дээрх хоёр хүнийг энэ хэрэгт сэжиглэх болсон нь таксины жолоочийн амийг хөнөөгөөд шо­ронд ял эдэлж байгаа Ц.Амгаланбаатарын мэдүүл­гээс үүдэлтэй гэх юм билээ. Тэднээс гадна С.Зориг агсны эхнэр Б.Булганыг яллагдагчаар татан олон сарын турш бай­цаасан. Түүнчлэн Хотын дарга асан Э.Бат-Үүл холбогдож байв. УЕПГ-аас түү­нийг С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар хэдэнтээ дуудсан тухай мэдэгдэж байв. Маргааш нь Э.Бат-Үүл хэвлэлийн хурал зарлаж, өөрийг нь гүтгэж байна гэж мэдэгдсэн.

 

Өдгөө Б.Булганыг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаад байгаа. Харин Э.Бат-Үүл энэ хэрэгт холбоотой нь үнэн үү, аль эсвэл зүгээр л улс төрийн жүжиг байв уу гэдэг яриа Төрийн ордон, намуудын байраар нэг гарч байна. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбогдуулж, олон нийтийн анхаарлыг татаад, дараа нь цагаатгана гэдэг зохиол эртнээс бичигдсэн байсан. Тиймээс Э.Бат-Үүлд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болох нь тодорхой гэж байна.

 

Ямартаа ч хэрэг шүүхэд шилжиж, шүүгч­дийнх нь нэрс ч тодорхой болчихлоо. Харин уг хэрэг маш нууцын зэрэглэлтэй учир мэдээллийг машид нууцалж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлаас харагдаж буй хэд, хэдэн тодорхой зүйл байна.

 

Уг хэрэг одоогоос 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан. Хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг. Хэргийг 1986 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн үү, 2002 оныхоор зүйлчлэв үү гэдгийг харах хэрэгтэй. Учир нь уг хэргийн хэрэгсэх хугацаа буюу 15 жилээс өнгөрсөн тул чухам хэдэн оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн нь чухал болж байгаа юм.

 

Бас энэ хэрэгт яллаг­дагчаар татагдсан хүмүүс анх удаа хэрэг үйлд­сэн үү, давтан үйлд­сэн үү гэдгийг харгалзан ял төлөвлөсөн байх учиртай.

 

Үүнээс гадна холбогд­сон хүмүүст хэд, хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн нөхцөл бай­дал харагдаж байгаа юм. Нэгдүгээрт, улс төрийн зүтгэлтний амь биед халдсан, хоёрдугаарт, бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэдгээр тус тусад нь авч үзэх ёстой гэж зарим хуульч онцолж байна.

 

Хэргийн хамгийн гол анхаарал татаж буй зүйл нь захиалагчийн ту­хай асуудал юм. Монгол Улсын Ерөнхий сайд болох гэж байсан нэртэй улстөрчийн аминд тийм хэрцгий аргаар халдах болсон нь ерөөсөө л захиалгат аллага. Энэ бол тов тодорхой юм. Тэгвэл захиалагч нь хэн бэ.

 

Өнөөг хүртэл энэ хэр­гийн захиалагч гэж олон хүний нэр дуул­даж байсан ч хууль, хяналтынхан энэ тухай албан ёсоор мэдээлэл, мэдэгдэл хийгээгүй юм. Харин одоо хэрэг шүүхэд шилжсэн. Энэ нь хэргийн захиалагч, холбогдогчид тодорхой болсон гэсэн үг. Гэсэн ч захиалагчийн нэр огт дуулдахгүй байгаа, ядаж захиалагч хэн бэ гэдгийг хэн ч ярихгүй байгаа зэргээс харахад хэр­гийн захиалагч нас барсан, эсвэл гадаад руу гарсан гэж хуулийн­хан тогтоосон байх магадлалтайг эх сурвалжууд хэлж байна. Харж л байя.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ЭНХЗАЯА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.