Монголын хөрөнгийн биржийг 20-хон тэрбумаар үнэлэх үү?


Лондонгийн биржтэй түншлүүлж, хөгжүүлэх гэж үзсэн Монголын хөрөнгийн бирж сонгодог зах зээлийн зарчимаар хөгжилд хүрэхийн тулд өмчлөлийн статусдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг дээр бол талууд санал нэгдэж байгаа. Тэрчлэн өнгөрсөн засгийн үеэс хувьчлалын асуудал нь идэвхтэй яригдаж байгаа. Гэхдээ чухам яг хэдээр хувьчлах вэ гэдэг дээр маргаантай байж ирсэн. Ямартаа л 5 тэрбум, 7 тэрбум гэдэг үнэлгээний тухай яригдаж байгаад, сая төсөв батлагдахад 20 тэрбумаар тусгаад байгаа.  Ер нь бол тус биржийг 100-150 тэрбумаар үнэлэгдэх боломжтой атал 20 тэрбумаар хувьчлах шаардлага бий юу? гэдэг асуудлыг бид хөндөж байсан билээ.


Бодлого боловсруулагч Сангийн яамны зүгээс биржийн хувьчлалаас улсын нэгдсэн төсөвт 20 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж оруулж ирсэн нь, батлагдсан. Яахав  энэ үнэлгээ нь өмнөх засгийн үеийнхээс илүү өндрөөр тооцож оруулж  ирж байгаа мэт харагдавч,  хөрөнгийн зах зээл гэдэг юм санхүүгийн системд ямар том орон зайтай байж болохыг мэдэх хүмүүсийн хувьд бол өндөр үнэлгээ биш гэдгийг хэлж яриад байгаа юм.

Үнэт цаасны "Новел Инвестмэнт” компаниас Монголын хөрөнгийн биржийн хувьчлалтай холбоотойгоор төсөл хэрэгжүүлэхээр болсноо танилцуулж байсан билээ. Монголын хөрөнгийн биржийн хувьчлалд иргэн бүрийн оролцоог хангахад чиглэж байгааг тэд  онцолж байсан. Хамгийн багадаа 50 мянган иргэн Хөрөнгийн биржийн хувьчлалд оролцуулах боломжтой гэдгийг хэлж байсан юм.  "Новел Инвестмент ”компанийн гүйцэтгэх захирал Д.Ангар хэлэхдээ  "Монголын хөрөнгийн биржийн анхны дуудах үнэ төсөвт тусгасан таван тэрбум төгрөгөөс эхлэх ёстой. Харин иргэн бүр бидний санаачилсан энэхүү төсөлд нэгдэж хамгийн багадаа 100 мянган төгрөгөөр нэгдсэнээр Монголын Хөрөнгийн биржийг хамгийн багадаа 100-150 тэрбумаар хувьчлах боломжтой” гэж байсныг тодотгоё.


Хувьчлалд олон иргэн хамрагдах тусам Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон нийтийн хяналттай болгох, нөгөө талд Хөрөнгийн бирж ашигтай ажиллах хэрээр оруулсан хөрөнгө нь өсөх боломжтой гэж байсан.  Хотын А зэрэглэлийн буюу Хөрөнгийн биржийн газартай ижил Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр хувьчилсан. Тэгэхээр  газартай, орчин үеийн байшин барилгатай, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа Монголын хөрөнгийн биржийг 20 тэрбумаар тогтохгүй үнээр хувьчлах боломж бий гэсэн үг.

Эх сурвалж: Шуурхай.мн



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.