Д.Оюунхорол: Нүүдлийн аялал жуулчлалын брэндийг бий болгож, энэ чиглэлд манлайлагч болох алхмыг тавиад байна


Д.Оюунхорол: Нүүдлийн аялал жуулчлалын брэндийг бий болгож, энэ чиглэлд манлайлагч болох алхмыг тавиад байна

 

"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-2030: ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

 

"Монгол Улсын тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалт

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Д.Оюунхоролын хэлэх нээлтийн үг

 

2016 оны 11 дүгээр сарын 24

Улаанбаатар хот

 

Эрхэм хүндэт хатагтай, ноёдоо,

Байнгын хорооны дарга, гишүүд, зочид, төлөөлөгчид та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе.

Юуны өмнө, өнөөдрийн уулзалтыг хамтран зохион байгуулж байгаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын алба, Сангийн яам болон бусад дотоод, гадаадын зорилго нэгт түнш байгууллагын хамт олондоо гүн талархлаа илэрхийлье.

Монгол Улс байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн, олон мянган жилийн тэртээгээс байгальтайгаа зохицон амьдарч ирсэн түүхтэй, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншилтэй, эрчимтэй хөгжиж байгаа орчин цагийн цөөн орны нэг билээ.

Манай ард түмний байгалиа хамгаалах уламжлал бидний өвөг дээдэс болох Хүннү гүрнээс эхлэлтэй бөгөөд Их Монгол Улсын үед байгаль хамгаалах хууль цаазын тогтолцоо бүрэлдэж тогтсон түүхтэй. Монголчууд бидний уламжлал эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх биш, харин эх байгалиа аргадаж, ухаалгаар зохицон амьдарч үр өгөөжийг нь хүртэх, газар дэлхийгээ хүндлэн дээдэлж, энэрэнгүй сэтгэлээр хандах, байгалийн нөөц баялгийг ариг гамтай, үр хойчоо бодож ашиглаж ирсэн арга, билгийн ухаан юм.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, үрэлгэн хэрэглээ, байгаль орчны бохирдол, доройтол нь өнөө үед экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж, улс орнуудын тогтвортой хөгжилд сорилт болж байгааг та бид мэднэ.

Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хэд дахин хүчтэй явагдаж байна. Тухайлбал, сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулаарсан нь дэлхийн дундажаас 3 дахин их байна. Үүний улмаас байгаль, цаг агаараас ихээхэн хараат байдаг эдийн засгийн салбаруудад илүүтэй их эрсдэл учирч, гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдэж байна.

Түүнчлэн хотжилтын нөлөөгөөр агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, хог хаягдал хот, хөдөөгүй хуримтлагдаж, стандартын шаардлагад нийцэхгүй ариун цэврийн байгууламж нэмэгдэж байгаагийн улмаас ус, хөрс бохирдож, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боллоо. Тухайлбал, агаарын бохирдол хамгийн ихтэй Улаанбаатар хотод сүүлийн 10 жилийн байдлаар хүн амын амьсгалын замын эрхтний өвчлөл 2.4 дахин, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл 2 дахин өсчээ.

Манай орны төдийгүй, дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд улс орнууд тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, байгальд ээлтэй хөгжлийн загвар бий болгохыг эрмэлзэж байна.

Байгаль, цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоотой, уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улс энэ чиглэлээр өрнөж байгаа олон талт уулзалт, яриа хэлэлцээрт идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирсэн.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт тулгуурлан "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, "Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдийг баталж, тогтвортой хөгжлийн 3 гол тулгуур байгаль орчин - нийгэм - эдийн засгийг харилцан уялдаатай, тэнцвэртэй хөгжүүлэх зорилтуудыг тодорхойлон ажиллаж байна.

БОАЖЯ-ны зүгээс Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг боловсруулж, өнгөрсөн 9 сарын 1-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан.

Парисын хэлэлцээр хугацаанаасаа өмнө буюу 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд өнөөдрийн байдлаар энэхүү хэлэлцээрт 112 орон нэгдээд байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хэрхэн даян дэлхийн хурц асуудал болсныг, хамтын шийдэл, нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдэл нэн яаралтай шаардлагатай болсныг илтгэж байна.

Дэлхийн хамтын нийгэмлэгийн улс орнуудын адилаар Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмрээ /NDC/ тодорхойлон конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлээд байгаа ба Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах үүрэг хүлээгээд байна.

Конвенцийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологийн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд нэгэнт бий болоод байгаагийн нэг нь жил бүр 100 тэрбум ам. доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулах НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан юм. Бид уг санд хандан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги боловсруулж жишиг төсөл хэрэгжүүлэх, эрсдлийн менежментийг сайжруулах, чадавх бэхжүүлэх чиглэлээр хэд хэдэн төслийн санал бэлтгэж хүргүүлээд байна.

Бидэнд тулгараад байгаа өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, тэргүүлэх салбаруудыг байгальд ээлтэй "ногоон” болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд БОАЖЯ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Нүүдлийн аялал жуулчлалын брэндийг бий болгож, энэ чиглэлд манлайлагч болох алхамыг тавиад байна.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас "Дан ганц улс төрийн хэлэлцээр, санхүүгийн урамшуулал эсхүл технологийн шийдлээр тогтвортой хөгжилд хүрэх боломжгүй. Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд бид бодож, хийж байгаа зүйлдээ өөрчлөлт хийх шаардлагатай. Энэ өөрчлөлтийг бий болгоход боловсрол чухал ач холбогдолтой” гэдгийг цохон тэмдэглэсэн байдаг. Иймд БОАЖЯ-ны зүгээс Засгийн газрын 100 хоногийн хүрээнд олон нийтэд мэдлэг олгох ажилд түлхүү анхаарч, дээр дурдсан байгалиа хамгаалах соёл, уламжлалт мэдлэгийн зэрэгцээ тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг, байгаль орчны менежментийн тогтолцоог сурталчлан таниулах сургалтыг төв, орон нутгийн төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, олон нийт рүү хандуулан 1500 гаруй иргэдийн дунд зохион байгууллаа.

Улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх, хүндрэл, саад бэрхшээлийг даван гарахад хүн бүрийн оролцоо, сэтгэл, хүчин зүтгэл нэн чухал. Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг хэмнэлттэй, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлж, экологийн ул мөр багатай бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг уриалж байна.

Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хандивлагчид, олон улсын байгууллагын дэмжлэг туслалцаа онцгой үүрэгтэй болохыг онцлон хэлэхийг хүсч байна.

Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулж батлуулахын зэрэгцээ бодитой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, ногоон барилгын үндсийг тавьж,сургууль, цэцэрлэгийн жишиг ногоон барилгын зураг төсөл боловсруулж байгуулах, тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжиж, ногоон зээлийн сан, эко урамшуулал, татварын хөнгөлөлт зэрэг эдийн засгийн хөшүүргүүд бий болгох, хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн төслийн санал боловсруулжУур амьсгалын ногоон санд хандах зэрэг ажлыг холбогдох яамд, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлд л гэхэд манай яам Япон Улсын Засгийн газартай Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хэрэгжүүлсэн төслөөс анхны нүүрстөрөгчийн кредит аваад байна.

Хүн төрөлхтний өмнө тавигдсан хөгжлийн нийтлэг зорилтууд болох тогтвортой хөгжлийн зорилтууд,Парисын хэлэлцээр, Монгол Улсын оруулах хувь нэмэр, амлалтын хэрэгжилтийг зохион байгуулахад бодлогын яамны зүгээс салбар дундын зохицуулалтаар хангаж ажиллахын зэрэгцэээдийн засгийг олон тулгууртай болгож солонгоруулан хөгжүүлэх, байгальд ээлтэй, өндөр бүтээмжтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж хаягдлыг багасгах, орчны бохирдлыг бууруулж ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгалийн үр өгөөжийг тогтвортой байлгахад чиглэсэн санал санаачилгыг бүх талаар дэмжиж Та бүхэнтэй хамтран ажиллахад нээлттэй байх болно.

Та бүхнийг өнөөдрийн уулзалтад өөрсдийн үнэтэй санал, хувь нэмрээ оруулж, мэдлэг, туршлагаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

Баярлалаа.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.