Ерөнхий сайдын элэг


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн даваа гарагт Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудыг дуудаж, аж ахуйн нэгжүүдийг дарамтлахгүй байх үүрэг өгсөн. 

Татварын дарамтанд орсноосоо болоод дампуурах дөхсөн гэгдэж, бүтээгдэхүүнээ үнэгүй тараах нэрийдлээр үймээн үүсгэх дөхсөн Г.Майцэцэг гэгч хүүхний компанийн дансыг нээх лүндэн буулгасан. Хариуд нь татварын газрынхан "Ерөнхий сайд юу гэсэн ч бай хамаагүй, татварын өрнөөс хэн ч зугтаж чадахгүй” хэмээх мэдээлэл хийгээд орхив.

Ерөнхий сайдын элэг

"Үгний цаана үг бий" гэдэг шиг аж ахуйн нэгжүүдийг дарамтлахгүй байхыг үүргэдсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн  үгний нь цаана "sex shop"-уудыг тайван байлгах даалгавар байсан бололтой юм. 

Ерөнхий сайд ийм сүрийг бадруулснаас болоод цагдаагийнхан ацан шалаанд ороод байгаа гэнэ. Сүүлийн үед 50-60 насны эрчүүд сэргээх бэлдмэлийг тун хэтрүүлж хэрэглэснээс болж нас барах тохиолдол их бүртгэгдэх болсон. Үүнээс болоод цагдаагийн байгууллагад "sex shop"-уудад шалгалт хийж өгөхийг хүссэн гомдол ихээр ирэх болсон байна. Гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийж, сэргээх бэлдмэлүүдийг нь хурааж аван  МХЕГ-т шинжлүүлсэн юм байх. Үр дүнд нь тун хэтэрсэн буюу эмийн сангаар борлуулах ёстой бүтээгдэхүүнийг "sex shop"-уудаар борлуулж байсан болох нь тогтоогджээ. Ингээд цагдаагийнхан 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий сэргээх бэлдмэлийг хураасан аж. 

Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ бүхнийг нь эргүүлж олгох үүргийг тэдэнд өгснөөс болоод цагдаагийн байгууллагынхан наашаа ч үгүй цаашаа ч үгүй яахаа мэдэхээ больчихсон тухай эх сурвалж мэдээлэв.

Сураг сонсох нь ээ, сэргээх бэлдмэлээ хураалгасан дэлгүүрүүдийг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга асан Ө.Пүрэвбаатарын эхнэр ажиллуулдаг юм гэнэ билээ. Ө.Пүрэвбаатар бол "Алтангадас” фракцийн гишүүн. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн элэг "Алтангадас” фракцидаа хэвээрээ л байгаа юм байна. "Уруул дордовч, элэг дордохгүй” гэдэг дээ.

У.Жанцан

Цензургүй.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.