Дэлхийн шилдэг гэрэл зураг: Үүлэн цүнами


Дэлхийн шилдэг гэрэл зураг: Үүлэн цүнами

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 59 дэх удаагийн Дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зураг шалгаруулах наадмын "Байгаль” төрөлд тэргүүн байр эзэлсэн бүтээлийг "Дэлхийн шилдэг гэрэл зураг” булангаараа хүргэж байна. Тус наадамд 128 орны 5775 зурагчин 82951 бүтээлээ ирүүлснээс энэ бүтээл оролцсон төрөлдөө манлайлж чаджээ.

2015 оны арваннэгдүгээр сарын 6. Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон байгаль цаг уурын нэгэн сонин үзэгдлийг "Daily Telegraph” сонины гэрэл зурагчин Рохан Кэлли дурандаа ийн буулгажээ.

Тэнгэрт цунами мэт үүлс хурж, Бондийн эргийг чиглэн яг л залгих гэж буй мэт урагшлах ахуйд зарим аялагчид өвөрмөц үүлийг сонжин ажиглаж байхад харин зарим нь тоосон шинжгүй биеэ наранд шаран элсэн дээр хөлбөрөх аж. Гэхдээ төд удалгүй энэ  сонин үүл ширүүн аадар бороо, гольфны бөмбөг мэт хэмжээтэй мөндөр, салхи, нүргэлсэн аянга цахилгааныг тухайн бүс нутагт авчирчээ. Үүлний зураг тэрхэн зуурт нийгмийн сүлжээнд тархаж, олны анхаарлыг татсаны зэрэгцээ интернэт хэрэглэгчид "Үүлэн цүнами” хэмээн нэрлэж байв.

Зурагчин Рохан Кэлли бүтээлийнхээ талаар ярихдаа "Сиднейд маш олон удаа шуурга болж байсан. Гэхдээ яг зөв цагт, зөв газраа ажлаа хийж явсан тохиолдол надад үгүй. Тиймээс надад тэр явдал боломж байсан. Боломжийг атгах хэрэгтэй биз дээ” гэжээ. Мөн тэрбээр "Би тэнд кино фестивалийн зураг авахаар очсон байж билээ.

Тэгж явахдаа хар салхи далайн эргийг чиглэж байгааг олж харсан. Аймшигтай сүйрэл болох вий гэдгээс санаа зовж байсан. Гэхдээ 15 орчим минутын дараа үүлс аажимдаа замхарсан” хэмээн өгүүлсэн байна.  Ямартай ч, тэр бүр гэрэл зургийн камерт дүрслэгдээд байдаггүй, байгалийн нэгэн онцгой агшинг тэрбээр ийн буулгажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.