» » Хэвлэл мэдээлэл хэнийх ч биш байх нь туйлын осолтой

Хэвлэл мэдээлэл хэнийх ч биш байх нь туйлын осолтой



УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "МҮОНРТ-ийг Засгийн газрын харьяаны нэг агентлаг болгодог юм уу гэсэн бодол төрөх боллоо.

Эсвэл хуулийг нь хүчингүй болгоод шинэ хууль оруулж ирмээр юм. Тэгэхгүй бол энэ газар чинь луйврын үүр болоод байна. Хэрэгждэггүй хууль, хэрэгжүүлдэггүй дарга цэрэгтэй байх юм бол энэ газрыг Засгийн газрын харьяанд л авъя. Ингэж хариуцах эзэнтэй байлгахгүй бол болохгүй нь. Энэ Үндэсний зөвлөлийнхөн хариуцна гэж юу байхав. Та нар ер нь энэ байгууллагын хуулийг хэрэгжүүлж чадах юм уу, үгүй юм уу” гэсэн юм. Ний нуугүй хэлэхэд энэ үнэн үг шүү. Мөн О.Баасанхүү гишүүний "Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа хүн хариуцлагатай байх ёстой. Тэгэхгүй бол ялсан намын төлөө ажиллаад байна. Эсвэл ялсан намын телевиз гээд зарлачих” гэсэн нь бас үнэн. Амьдрал дээр батлагдаад байгаа үнэн. Энэ газар нь хуулиараа Олон нийтийн статустай. Өмнөх өдрийнх нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр "МҮОНРТ-ийн өмч хэнийх вэ” гэсэн асуудал босч гишүүдийн дунд яриа хөөрөө болоход "Олон нийтийн өмч” гэсэн хариулт гарч ирсэн. Өмчийн эзэн Олон нийт нь тэгээд хаана байна гээд хайгаад давхитал олдсонгүй. Монголчууд бүгдээрээ юм уу, хаашаа юм. Би лав Үндэсний телевизийн том байрыг миний өмч гэхэд итгэхгүй байна. Та ч мөн адил байх. Тэгэхээр Олон нийтийн өмч гэдэг бол хэний ч өмч биш юм байна. Ингээд УИХ-ын ТББ-ын хорооны гишүүдийг мухардалд орохыг харлаа. МҮОНРТ нь төрийн өмч биш, Олон нийтийн зөвлөлийн өмч биш. Захиран зарцуулах эрхтэйгээрээ захирлын л өмч бололтой. Яагаад гэвэл тус байгууллагын хуулиар тэр нөхөр л бүгдийг мэдэхээс өөр арга алга. Тэгэхээр ялсан намын хэн ч байсан хамаагүй захирлаар нь очиж юу дуртайгаа хийж, юу дуртайг нь захиран зарцуулж байдаг газар байснаас төр өөрийн мэдэлдээ авах нь хамаагүй дээр байлгүй.

МҮОНРТ-ийг Олон нийтийн болгох хуулийг 2005 онд тун яаруу сандруу баталсан нь үнэн хэрэгтээ их гоомой юм болжээ. Энэ том байгууллага эзэнгүй мэт болж байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам ойлгогдох боллоо. Энэ тухай бид цөөнгүй удаа бичиж байсан. Олон нийтийн өмч гэдэг бол хэний ч өмч биш, эзэнгүй юмаа гэж. Жишээ нь энэ том, хүчирхэг телевиз эзэнгүй болсныг, маш хэврэг болсныг эртүүд орой гарсан "Цагийн хүрд”-ийн мэдээнээс ард түмэн харлаа. Гэнэтхэн гол мэдээн дундуураа ерөнхий захирлаа иддэг уудгаар нь, ажлын хариуцлага алдсан хөгийн амьтан, одоо гадаадад тэнэж явна хэмээн мэдээлээд эхэлсэн нь ард түмний нүдийг орой дээр нь гаргав. Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд байгаагүй ёс зүйгүй, увайгүй, мэргэжлийн нэр хүндийг шороотой хутгасан үйл явдал болсон. Бод доо, та захирлаар нь ажилладаг телевиз, таныг гадаадад томилолтоор явчихсан хойгуур мэдээний цагаараа таныг "Манай захирал их мөнгө идээд түүгээрээ зугаалаад явчихлаа” гэж мэдээлбэл яах вэ. Ерөөсөө ийм л юм болсон. Эндээс л МҮОНРТ-д хэн дуртай нь очоод, юу ч хийж болох юм байна, эзэнгүй айл шиг газар юм байна гэсэн ойлголт нийгэмд бат ойлгогдсон доо.

Ингэхээр л энэ байгууллагыг эзэнтэй, өмчийг нь эзэнтэй болгох арга хэлбэрүүдийн нэг нь Ц.Нямдоржийн хэлээд байгаа "Засгийн газар мэдэлдээ авъя” гэсэн санаа юм. Өөр олон арга хэлбэр байж болно. Статус нь олон нийтийнх, өмч нь төрийнх байж болно. Төр-хувийн хэвшил хамтарсан байж болно. Ер нь хуульд нь өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болчихож. Өнөөдрийн энэ олон хувийн хэвлэл, телевиз, радиод ч Олон нийтийн статусыг оруулж болно шүү дээ. Жишээ нь сонины голын дөрвөн нүүр Олон нийтийнх байж болно. Телевизийн цагийн хэдэн хувь ч байдаг юм, олон нийтийнх байя. Тэр нүүр талбай, цагийн хөлсийг төрийн татаасаас өгдөг юм байгаа биз. Харин өнөөдрийн МҮОНРТ-ийн статус бол дэлхийн хаана ч байхгүй хэлбэр гэдгийг л олон нийт ойлголоо. Олон эзэнтэй айл эзэнгүйддэг гэдгийг өнгөрсөн нийгмээс харсан даа. Соц нийгэмд бүх өмч ард түмний нэрийн дор, бид юу ч үгүй хувхай хоосончууд л 70 жил амьдарсан. Эхнэр нь төрөхөд шөлний ганц хонь нэгдлийн даргаар цохуулж авах гэж үүдэнд нь дугаарладаг байсныг өнөөдрийн шинэ үеийнхэн мэдэхгүй. Ард түмний өмч биш даргын өмч байсан байгаа биз дээ.

Ер нь бол МҮОНРТ-ийн хууль анх гарах болсон шалтгаан нь 1999 онд "Ардын эрх” сонинг хувьчлах гэж яаруу сандруу боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний дөрвөн заалт бүхий хуулиас үүдэлтэй юм. Энэ хуулийн гол заалт нь "Төр засаг өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн заалт. Өнөөдрийн шинэ нөхцөл байдалд бол төр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагатай байх хэрэгтэй болжээ.

Эцэст нь хэлэхэд өнөөдөр Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонин, телевиз, радио нь нийгэмд онцгой чухал байр суурь эзэлсэн хэвээрээ байна. Улам ч үнэ цэнэтэй, итгэл үнэмшилтэй, хуулийн хариуцлагатай болж байна. Яагаад үүнийг хэлэх болов гэхээр, нийгмийн сүлжээ буюу сошиал сүлжээ бий болсноор нийгмийн зарим хэсгийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг үгүйсгэх хандлагатай болж төөрөлдсөн. Эдгээр төөрөлдсөн хэсгийнхэн одоо л өөрийн редакцийн бүтэцтэй хэвлэлийн байгууллага нь өөрсдийнх нь өмнө хариуцлага хүлээдэг болохыг ойлгож байна. Нийгмийн сүлжээ, сошиал нь хэвлэл мэдээлэл биш. Хувь хүний хоолны ширээнийхээ ардаас үзэл бодлоо илэрхийлдэг, юу дуртайгаа бичдэг тийм л бичил суваг. Тэд юу ч ярьж бичиж, хэнийг ч доромжлон гутааж болно. Хуулийн хариуцлага хүлээхгүй. Энэ нь амьдрал дээр батлагдаж байна. Сошиалаар муулж буй зүйл амьдрал дээр эсрэгээрээ зөв байгааг бид байнга харж байна. Харин зөв гэж нийгмийн сүлжээ тэр чигээрээ шагшин шуугьж буй зүйл нь амьдрал дээр хамгийн буруу, аюултай зүйл байх нь олонтаа. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд онцгой үүрэг гүйцэтгэж буй үнэ цэнэ бол тэд зөвхөн үнэн бодитой, эргээд хуулийн хариуцлага хүлээх, маш их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарж бий болгосон контентуудыг нийгэмд хүргэж, үр дүнг нь үзэж байгаад юм.

Д.Батболд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ШИНЭ ОН | 2016/12/15 17:20
ЗӨВ ШҮҮ