"Монгол Улс дахь үндэсний болон хотын хог хаягдлын менежментийн стратеги” сэдэвт семинар, сургалт өнөөдөр эхэллээ. БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа "Үндэсний болон хотын хог хаягдлын менежментийн стратеги боловсруулах төсөл”-ийн хүрээнд боловсруулсан хог хаягдлын менежментийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг уулзалтаар хэлэлцүүлж, мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсч байна. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр семинарыг нээж хэлсэн үгэндээ "Хог хаягдлын асуудал бол бид бүхний өдөр тутмын үйл ажиллагаанаас үүдэлтэй, бидний хамгийн сайн мэддэг боловч шийдвэрлэх шаардлагатай олон зүйлийг дагуулсан асуудал билээ. Дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлага нь хаягдал багатай технологи, арга ажиллагаанд шилжих, хог хаягдлыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах замаар байгалийн нөөц, баялгийг хэмнэх, эцсийн устгах хог хаягдлын хэмжээг бууруулахад чиглэж байна. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, 2014 онд батлагдсан "Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн зорилго энэхүү чиг хандлагатай нийцэж байгаа боловч нарийвчилсан зохицуулалт шаардлагатай асуудлууд ч бий” гэв.
Монгол Улсад сүүлийн таван жилийн дотор хог хаягдлын хэмжээ дөрөв дахин буюу жил тутам дунджаар 500 гаруй мянган тонноор нэмэгдэж 2015 оны байдлаар 2.9 сая тонн хог хаягдал үүссэн байна. Өсөн нэмэгдэж буй хог хаягдал, олон жилийн турш зайлуулагдаагүй аюултай хог хаягдлын улмаас хөрс, ус, агаар бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Тиймээс цаашид хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар устгах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах үйлвэрлэлийг дэмжих, урамшуулах замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц, баялгийг хэмнэх эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай байгааг семинарт оролцогчид хэлж байв.
БОАЖЯ-ны зүээс 2007 оноос эхлэн 21 аймгийн төвийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг ландфилл технологийн дагуу засч тохижуулах ажлыг үе шаттайгаар хийх шаардлагыг орон нутагт тавьж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч энэ нь өнөөг хүртэл технологийн дагуу бүрэн хийгдэж чадахгүй байгаа юм. Тулгамдаж буй эдгээр асуудлыг шийдвэрлэхэд "Үндэсний болон хотын хог хаягдлын менежментийн стратеги боловсруулах төсөл” үр дүнгээ өгнө хэмээн үзэж байгаа аж. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Азийн Технологийн Институтын Ази, Номхон далайн бүс нутгийн нөөцийн төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа энэхүү төсөл нь Ази, Африк, Латин Америкийн бүс нутгаас сонгогдсон улс орнуудын үндэсний болон хотын түвшний хог хаягдлын менежментийн стратегийг боловсруулах болон сайжруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм.
Мөн энэ үеэр "Хог хаягдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, Монгол оронд тулгамдаад байгаа цахим болон цахилгаан хог хаягдлын менежмент, тооллогын чиглэлээр олон улсын туршлагыг танилцууллаа. Гурван өдөр үргэлжлэх семинарт БОАЖЯ, ЭМЯ, БХБЯ, ЗТХЯ, БХЯ, БСШСЯ, аймаг, дүүрэг, олон улсын байгууллага, боловсролын байгууллагаас нийт 70 гаруй төлөөлөгч оролцож байна гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.
Сэтгэгдэл