Алдрын тавцанд алга ташуулан зогсох эрчүүдийн ард


-Аливаа улстөрч, удирдагчийн ард ажлыг нь нухаж, арван хурууны өндгөө арчигдтал албыг нь гүйцэлдүүлж явдаг арав, хориор тоологдохгүй эмэгтэйчүүд байдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Том том юм ярьж, тодорхойгүй байдал үүсгэчихээд пээдийж явдаг цүнх баригчид биш тооцоотой, нягт нямбай эмэгтэйчүүд л аливаа багийн ажлыг нугалдаг- 


Ардчилсан намын даргын сунгаа ширүүсч, өрсөлдөгчид өдгөө таван сумаа нэг нэгээр нь сугалан өөд өөдөөсөө харвахад бэлэн болжээ. Зи даргын багцалж барьсан таван сум шиг нэг хуйнд хэзээ ч нэгэн зэрэг багтах боломжгүй таван өөр эрх ашиг тэнд явааг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон хэрэг. Өрсөлдөгчид өдгөө бие биеийнхээ эсрэг өрөг дээр нэг, өргийн гадна хоёр удаа сум тавьж буйг хэвлэлээр өрнөж буй тулаан харуулж эхэллээ.
Эрчүүдийн тулаан ширүүсч болох ч энэ дундаа эмэгтэйчүүд, эхнэр хүүхдүүдийг хавчуулан "хохирогч” болгохоор улайрч буй нь тэмцэл ямар хэмжээнд хүрснийг илэрхийлэх байх. Тэр тусмаа зүгээр л нэг нэгнээ "шанаадахын” оронд нэгнийхээ ард зогсч буй гэмгүй хүн рүү, тэгээд бүсгүй хүн рүү гар сарвайх нь их л давчдаж буйн шинж биз... Жишээ нь, Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж буй Д.Үүрийнтуяаг хэвлэлээр гайгүй сайн гөвөөд эхэлсний шалтгаан нь түүний өмнө зогсч буй С.Эрдэнэтэй холбоотой. С.Эрдэнэ рүү сунгасан гараа эмэгтэй хүн дээр буулгачихаад үүндээ эрэмшиж суугаа хэн нэгэн өрсөлдөгчийн ард үгүй ядаж л өөрийнх нь гэргий хүүхэд байж л таараа. Хэн нэгний нударга зөрж орж ирэхдээ эзнээ ололгүй эндүүрээд эмэгтэйчүүд дээр бууна гэдэг хэний ч харсан увайгүй үйлдэл.
Энд С.Эрдэнийг ч юм уу, түүний гарын хүн гэгддэг Д.Үүрийнтуяаг өмгөөлөх зорилго үгүй бөгөөд улс төрд удаан хугацаанд үргэлжлэн ужигарчихаад байгаа нэг хандлагыг л буруутгах гэсэн юм. Юу гэхээр Ардчилсан намд гэлтгүй аль ч нам, улстөрчдөд ажиглагдах болсон нэг зүйл нь болж бүтэхгүй зүйлдээ эмэгтэйчүүдийг ашиглан гар хөлөө болгодог, хэрэг буруудахад тэднийг хөлдөө чирдэг явдал. 
Өнгөрсөн хугацаанд улстөрчдийн хоорондын тэмцэл, өширхлийн золиосонд эмэгтэйчүүд хэлмэгдэн хуулийн байгууллагаар шалгагдаж, хоригдож шийтгэгдсэн тохиолдлууд ганц хоёроор тоологдохгүй. Дээр нэр дурдсан Д.Үүрийнтуяа гэхэд 2008 оны сонгуулийн дараа С.Эрдэнэтэй холбоотой сонгуулийн маргааны улмаас, түүнчлэн мөн л түүнтэй нэр холбоотой өмч хөрөнгийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдан хоригдож байв. Тэрчлэн Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн нүүрсний хэргээс болоод нягтлан бүсгүй, экс Ерөнхий сайдын эргэн тойрны эмэгтэйчүүд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулгатай холбоотой асуудлаар туслах бүсгүйчүүд нь гээд үнэн худал нь одоо хэр нь тогтоогдоогүй хэргүүд дээр цөөнгүй эмэгтэйчүүд сэтгэл санаа, бие махбодиороо хохироод л үлдсэн. Тэдний ард нялх нярай, өсвөр насны үр хүүхдүүд нь, хөгшин хөвөө эцэг, эх нь шаналж суугаа. Өдгөө ердөө намын даргын сонгуулиас болоод зүгээр ажил хийж яваа эмэгтэй хүн элдвээрээ хэлүүлээд сууж байгаа нь үүний нэг л жишээ. Монголын улс төр, улстөрчид эмэгтэйчүүдийг бохир тоглоомдоо ашигладаг нэг тийм буруу жишиг бий болчихоод байгаа юм биш үү? 
Амжилттай яваа аливаа улстөрч, удирдагчийн ард ажлыг нь нухаж, арван хурууны өндгөө арчигдтал албыг нь гүйцэлдүүлж явдаг арав, хориор тоологдохгүй эмэгтэйчүүд байдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Том том юм ярьж, тодорхойгүй байдал үүсгэчихээд пээдийж явдаг цүнх баригчид биш тооцоотой, нягт нямбай эмэгтэйчүүд л аливаа багийн ажлыг нугалдаг. Энэ бол өнөөгийн Монголын нийгмийн нийтлэг дүр зураг. Ажлыг нь эмэгтэйчүүд нугалж, амжилтыг нь эрчүүд хүртдэг нь энгийн жишиг болтлоо ээнэгшжээ. С.Эрдэнийн хүн гэгдэж, элдэв муу нэр бүрийг нь үүрэлцэж байгаа сонсогддог Д.Үүрийнтуяа ч бас үүний л нэг жишээ. Үнэндээ түүнийг би танихгүй, үнэхээр гэмтэй үгүйг нь ч мэдэхгүй. Энэ удаад ямартай ч АН-ын даргын сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм байна. Яагаад заавал тэр эмэгтэй нарийн бичгийн даргаар томилогдсон нь надад сонин биш, яагаад гэвэл энэ бол тэдний намын өөрсдийнх нь л хэрэг. Яагаад С.Эрдэнийн хүн гэдгийг нь мэдсээр байж нарийн бичгийн даргаар томилчихоод яагаад одоо хэвлэлээр гомдоллож байгаа нь ч сонин биш. Зүгээр л эмэгтэйчүүдээр хамаг ажлаа нугалуулчихаад дараа нь хэнэг ч үгүй хэмх нүддэг эрчүүд муухай харагдаж байна. Тэр тусмаа Ардчилсан намын шинэчлэлийн төлөө сонгогдох гэж байгаа эрчүүд ийм байгаа нь харамсалтай байна. Тэд тэгтлээ шинэчлэлийг эрмэлзэж буй юм бол таван нэр дэвшигчийнхээ дунд нэг эмэгтэйг сонгож яагаад чадахгүй байгаа юм бэ. Надад лав эмэгтэйчүүдийнхээ нуруун дээр гишгин байж амжилт, алдрын тавцан дээр алга ташуулан зогсдог эрчүүд увайгүй харагдаж байна.

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.