-Гадаадын хөрөнгө оруулагч 10 хүн тутмын зургаа нь хууль эрх зүйн орчин биш, мэргэжлийн хяналт, гааль, орон нутгийн Засаг дарга нар дарамтлаад би ажлаа хийж чадахгүй байна гэж үздгийг судалгаа харуулсан гэх-
УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн оны есдүгээр сард ээлжит бус чуулганы хаалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах талаар үгэндээ дурдаж байснаа сануулж, аймаг, нийслэл ИТХ-ын дарга, Засаг дарга нараас энэ талаар юу хийж байгааг нь хэдхэн хоногийн өмнө болсон уулзалтын үеэр дахин шаардав.
Эдийн засгийн хүндрэл, валютын орлогын хомсдол бодитой нүүрлээд байгаа энэ үед гадаадын шууд болон шууд бус хөрөнгө оруулалт чухал гэдгийг эрх барьж буй МАН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрч ирсэн. Харин үр дүнг хүсч буй бол хөрөнгө оруулалт буурсныг шалтгааныг хайх нь ч зүй биз. М.Энхболд дарга хөрөнгө оруулалт Монголоос нүүр буруулсны шалтгааныг судалж, тооцоолсноо дурдаад бидний "харилцаа, хандлага биш болохыг” онцолж байх аж.
Тэрбээр "гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн орчноос илүү албан тушаалтнууд чөдөр тушаа болж байгаа” гээд анхаарал татахуйц судалгааны үр дүнг онцолжээ. Юу гэхээр гадаадын хөрөнгө оруулалт буурсныг хууль эрх зүйн орчин тогтворгүйгээс болж байгаа гэж хүн бүр ярьдаг ч бодит байдал дээр хөрөнгө оруулагчдын 57 хувь нь ямар нэг дарамт шахалт, хүнд суртлаас болж байгаа гэжээ. Гадаадын хөрөнгө оруулагч 10 хүн тутмын зургаа нь хууль эрх зүйн орчин биш, мэргэжлийн хяналт, гааль, орон нутгийн Засаг дарга нар дарамтлаад би ажлаа хийж чадахгүй байна гэж үздгийг судалгаа харуулсан гэх.
УИХ-ын даргын хувиар, эрх баригч намын даргын хувиар М.Энхболд даргын өгсөн сануулгын мөрөөр Хууль зүйн яам л нэг шийдвэр гаргаснаас бусдаар орон нутгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй ажээ. Үүнийг нотлон харуулах "эс үйлдэл”-ийн жишээг гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын хариуцсан ажиллуулдаг вэб сайтын өнөөдрийн дүр төрх харуулах байх.
Монгол хэл дээрх хуучирсан мэдээлэл, статистиктай, ихэнх холбоос нь идэвхгүй, үзсэн, зочилсон зочдын тоон үзүүлэлт нь 0 заасан энэ сайт уг нь Монголын тухай мэдээллийг хөрөнгө оруулагчдад хүргэх, сурталчлах үүрэг зорилготой, гадаад ертөнцөөс Монгол руу нэвтрэх гарц гүүр болох учиртай байх.
Түүнчлэн Засгийн газрын санаачилгаар гадаадын зарим орон дахь Элчин сайдын яам, консулын газраа татан буулгах гэж байгаа явдал ч шууд болон шууд бус олон утгаар гадаадын хөрөнгө оруулагчид, хамтрагчдаас татгалзаж байгааг илтгэн харуулах биз ээ. Тодруулбал, Индонези, Бразил дахь Монгол Улсын ЭСЯ-д, Японы Осака хот дахь Ерөнхий Консулын газар, БНХАУ-ын Хайлаар дахь Консулын газрыг зардал хэмнэх шалтгаанаар татан буулгахыг санал болгоод буй. Татан буугдах хар жагсаалтад орчихоод байгаа Бразил дахь Монгол Улсын ЭСЯ бол Латин Америкийг тэр чигээр нь хариуцдаг газар. Бразил, Латин Америкт цөөхөн монголчууд аж төрдөг байж болох ч эдийн засаг, хамтын ажиллагааны яриа хэлэлцээний чухал механизм болох BRICS-т ач холбогдол өгч үүнийг байгуулсан. Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, ӨАБНУ-ын хамтран байгуулсан BRICS бол манай дэлхийн хамгийн нөлөө бүхий улс гүрнүүдийн нэгдэл. Нэг үгээр бол BRICS-ийн гишүүн, Латин Америкийн хамгийн хүчирхэг улстай гадаад харилцаагаа өргөжүүлэх шаардлагагүй гэж ойлгогдохуйц үйлдэл. Индонезийн хувьд Зүүн Өмнөд Азийн арван орны нэгдсэн бүлэглэл болох АСЕАН (Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо)-ы төв оффис байрладаг, голлох улс. АСЕАН-ы бүлэглэл бүс нутагтаа олон талт үйл ажиллагааг идэвхтэй явуулж ирсэн, эрчимтэй хөгжиж байгаа (эдгээр орны ДНБ-ий нийлбэр нь 737 тэрбум ам.доллар) учраас Азийн тэргүүлэгч орнууд БНХАУ, Япон болон БНСУ хүртэл АСЕАН-тай түншлэхийг тэмүүлж "АСЕАН+3” хэмээх томьёолол хүртэл бий болоод байгаа. 2016 оны эхний хагасын байдлаар АСЕАН-ы гишүүн орон болох Филиппин улсын жишээг харахад л холбооны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээс 40.5 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт энэ улс руу орсон байх аж.
М.Энхболд дарга "Багийн Засаг дарга хүртэл өөрийнх нь нутаг дэвсгэрт байгаа гадаадын хөрөнгө оруулагчид багагүй дарамт үзүүлж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгэхээр багийн Засаг дарга нар нь хөрөнгө оруулагчдыг жийж, Засгийн газрын бодлого нь хүртэл хөрөнгө оруулагчдаас нүүр буруулж, энэ асуудлаа парламентаараа хэлэлцэж байгаа нь бидний бодит үнэн.
Сошиал хэрэглэгчдийн дунд тренд болж буй онигоо бий. "Монгол Улсыг бурхан зориуд хөгжүүлдэггүй. Яагаад гэхээр нэг удаа Монголоос жаахан газар гуйхад нь харамлаад өгөөгүй юм гэсээн” гэж. Үнэндээ бид бүх зүйлээс гадныхнаас харамлаж, тэднийг хажиглаж, чухам л эх орон, ард түмнийг маань нүүлгээд, эсвэл бүр хулгайлаад аваад явах гэж байгаа мэт аашилж аягласаар өнөөдрийг хүрсэн. Үр дагаварт нь өнөөдрийн хямрал.Тэд уг нь хамтарч ажиллая, ашгаа хувцаалцья л гэж байгаа хүмүүс. Ер нь бол мөнгийг нь бид гаргая, ашгийг нь хамт хүртье л гэж байгаа юм шүү дээ.
Эх сурвалж:
Хүйтэн царай, хүнд суртлыг маань хэдий болтол тэсэх бол?!
2017/01/11 13:01
Сэтгэгдэл