Дээсэн дөрөөний найдвар тасарлаа


Дээсэн дөрөөний найдвар тасарлаа

Энэхүү бичвэр болбоос, урьд нь гарсан аномаль тѳрийн тухай нийтлэлийн шууд үргэлжлэл юм шүү. http://sonin.mn/blog/tserenkhuu+/48332
Эдийн засгийн хѳгжлийн тодорхой концепцигүй, бүрэн боловсрогдоогүй атар хѳрсѳнд  харийн тѳслүүдийг суулгах гэж оролдон, тэргүүлэх чиглэл болгон тунхаглаж, хямралгүй цагийн тохиолдлын, үнэ тогтвортой үеийн гэнэтийн ашгийг зүй ёсны, байнгийн гэж андуу тѳсѳѳлѳн хувийн сонирхолтойгоо хутгаж, шуналаар донтон хэт мэрийж алд дэлмээр алдсан тухай уг нь бичих дашлалтай байсан юм.


Хѳгжлийн тѳвшингѳѳр газар тэнгэр шиг ялгаатай, дэлхийн гегемон (жанжлагч) гүрнээс демократия гэх үзэл суртлыг импортлон оруулж, түүнийгээ хѳл дээр нь босгож хѳрсѳнд нь суулгаж ч амжилгүй оронд нь боолын нийгмийн exclusive ( баячуудын тусгай үйлчилгээний )тимократия тѳр байгуулчихсан концепцийн алдааны тухай бичнэ гээд урьд нь бас ѳр тавьчихсан байгаа. НАМ гэгч хувцсаар бол жанжин малгай биш, гутал юм гэсэн санаа ч араас нь залгаад орох л болуу.
Үүнтэй зэрэгцээд, аномаль тѳрийн тухай нийтлэлийн дараа, түүний үргэлжлэлийг сонирхон нэхсэн уншигчдын саналууд орж ирсэн болохоор тэдэнтэй эргэн буцах холбоогоо бодоод уншигчдаа хүндлэх зарчмыг баримтлан, гарцны тухай үг тэрлэхээс ѳѳр аргагүй болсноо учирлая. Нийтлэлийн дор зүүсэн зарим уншигчдын санаа бодлыг энд товчоолон орууллаа.

...маш ойлгомжтой бичжээ. Болохгүй байна гэдгийг хүн болгон мэдээд байгаа боловч ингээд гаргаад ирж чадах нь ховор байна шүү дээ... Боловсролын тѳвшин доогуур байна гэсэн үг. Хэдхэн хүн ийм байдал дээр тоглож эрх мэдэл, хѳрѳнгѳ мѳнгѳѳ булаацалдаж байна. ( уншигч)
...ингэж бичихээ битгий зогсоогоорой, дэмжинэ шүү! ( уншигч)
...одоо гарц хаана байгаа талаар бичээрэй! Бид онош тавьж чадаж байна. Эмчилгээ хийх аргаа олдог эмч даанч алга. (зочин)
...монголын ѳнѳѳгийн улс тѳрийн тогтолцоог үндсээр нь засахгүй бол ѳнгѳц засвар хийгээд сайжрах нь ѳнгѳрсѳн. Сайхан нийтлэл болжээ. Бичээд байгаарай! ( Пүүжээ ах)
...ард түмэн цусаа ховх соруулсаар толгой тархи гар хѳл нь ажиллаж хѳдлѳхѳѳ больж байгаа аймшгийн үед мундаг бичжээ, баярлалаа. Болдогсон бол ирэх сонгууль хүртэл үндэсний гашуудал зарлаж алив баяр ёслол зугаа цэнгэлийг хориглохсон...(Ачу)
...эх орноо аварцгаая... (зочин)
...25 жил амжилт олоогүй бол хурдхан алдаагаа засах нь хүн бүрийн үүрэг... мѳнгѳ идэх бололцоотой 2000 орчим албан тушаалыг хүмүүс нэг л удаа ашиглах боломжтой гэж бодоод шууд л идэж уух ажилдаа уралдан орох болж (монгол хүн)
...бид олон муу муухай хүмүүст боломж олгодог, тийм нийгмээр амьдран учраа ч олохгүй бэдэрч явна (зочин)
...энэ бүхэнд мэдээж улс тѳрчид буруутай шүү дээ. Улс тѳрчид гэж нэрлэхэд даанч хэцүү, хог шаарнуудыг бид нар ѳѳрсдѳѳ л сонгож гаргасан, дээр нь бас энэ улс тѳрийн намууд гэж нэг (нѳгѳѳ мафи гэдэг юмнаас ч бараг илүү хорлонтой байх) муу муухай бүхний хуйвалдаан, луйвардааны үүр уурхай болсон юм байна ( зочин)
...хѳгжил гэдэг нь ѳѳрѳѳ ѳѳртѳйгѳѳ харьцахаас, ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ таньж мэдэхээс, ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ ялан дийлэхээс эхлэнэ ( Алтангэрэлийн даллага. Уран дѳш)
 ...нүдийг нь олж дүгнэж бичсэн байна, үнэхээр л манай тѳр засгийн толгойд гарагсдад эх орноо ард түмнээ гэх үнэнч сэтгэл дутагдаж улсаа сүйрүүлж ѳѳрсдѳѳ баяжсаар байгаа шүү дээ ( ухааруулагч) ...г.м. улс эх орныхоо хувь заяаны тѳлѳѳ санаа нь зовсон хүмүүсийн бодол хѳврѳнѳ, гарц эрэлхийлнэ. Монголын бүх иргэд тамаас гарах гарц, хѳгжил рүү орох орц эрэлхийлж байгаа, эргэлзэхгүй байна.

Тѳрийн аномаль алдаа бол нийгмийн амьдрал, үйл ажиллагааг орвонгоор нь эргүүлсэн, араасаа ноцтой  уршиг дагуулсан, нийгэмд бусцар жишиг тогтоосон, засаглалын дотоод мѳн чанарын гажиг. Ѳнгѳний, хэлбэрийн чанартай гажуудал байсансан бол мэдээжээр бултаараа хэлэлцээд, ѳнгѳ заслын аргаар залруулж болох талтай байсан байж ч мэднэ, гэтэл нэгэнт дотоод мѳн чанарын, бүр эд эсэнд нь шингэчихсэн гажиг гэхээр ёстой Пүүжээ ахын хэлснээр үндсээр нь ѳѳрчлѳхѳѳс ѳѳр альтернатив арга зам байхгүй болсоон. Үндсээр нь ѳѳрчилнѳ гэдэг нь чанарын ѳѳрчлѳлт гаргана, тодорхой тѳвшингийн хувьсгал хийнэ гэсэн санаа. Хувьсгалын нилээд боломжийн хэлбэр гэвэл уг нь үндсэн хуулийн хүрээнд сонгуулиар тѳрийг үндсээр нь ѳѳрчлѳх явдал байгаа юм.
Тогтолцооны ѳѳрчлѳлтийн тухайд бол энэ тѳрд л лав итгэхгүй байсан нь онох байх, шинэ тѳрийн хийх ажил. Буруу тѳр дандаа буруу шийдвэр гаргадаг гэсэн утгаар.
 
Ирэх сонгуульд ард түмэн, урьд хожид үзэгдэж байгаагүй их том найдвар тавьж байгаа нь нийгэм зүйн ажиглалтаас ил байдаг юм, нийгмийн судалгаа, тандалт энээ тэрээ гэх ч хэрэггүй, ерѳѳсѳѳ ѳнѳѳдрийн нийгмийн сэтгэлгээний коньюнктур (бодит байдал) гэвэл ийм л байгаа. Үүнтэй холбогдоод, энэ удаагийн сонгууль бол, бүх ард түмний хувьд тѳрийг тайван замаар ѳѳрчлѳх найдварын эцсийн дээсэн дѳрѳѳ мѳн, энийг ашиглаж чадалгүй ѳнгѳрүүлчихвэл бүх нийтээрээ ангалд унана, түүнээс цааш дарьтай торх дэлбэрхээс ѳѳр аргагүй болж үлдэнэ. Нийгмийн хямрал, цаашилвал бүх нийтийн бослого тэмцэл, болзошгүй иргэний дайн гэсэн үг! Гэтэл энэ найдвар тасрах тийшээ хандчих шиг боллоо, энэ бол гутрангуй прогноз, гэхдээ хэлэхгүй ѳнгѳрч боломгүй юм.

Сүүлийн 3 жил яригдаж байгаа сонгуулийн шинэ хуулийн тѳсѳл, УИХ-ын гишүүдийн зориудын санаа зоргоор хэлэлцэгдэлгүй хойшлогдсоор ямар ч үр дүнгүй ѳнѳѳг хүрсэн, нээгдэж байгаа намрын чуулганаар хэлэлцэгдэж магадгүй л юм гэсэн шүү гутрангуй аяс үлдлээ.  Энэнээс ч гутрангуй нэгэн ажиглалтыг уншигчдын сонорт хүргэе. Энэ нь, ѳнѳѳгийн улс тѳрчид сонгуулийн гагцхүү хэлбэр талын юмаар хѳѳцѳлдѳн тэрийгээ тэнгэрт тултал  хѳѳрѳгдѳн том асуудал болгон харагдуулж, жинхэнэ агуулгы нь хав дараад, нуувчинд хийгээд үлдчих гэсэн зориудын далд санаатай (dauble-standart) үйлдлийн тухайд юм. Энэ бол хардлага огтхон ч биш, харин ФАКТ.
Тэд сонгуулийн систем, санал тоолох аргачлал, хар машин, зохион байгуулалтын хэлбэрийг л сүр бадруулан ярьцгааж, намаараа талцан маргалдаж, ажил хэрэгч дүр эсгэн ард түмнийг онхолдтол хуурч, ар хударгаар нь луйвраа хийцгээж байна. Хэлбэр тѳдий юмаар баахан маргалдаж, цаг авч сунжруулсаар цагий нь тулгаад зѳвшилцлѳѳ, тохиролцлоо гэсэн алдарт аксиомоо хэлээд л хуучнаар нь явуулах лаймуур хийж байна.
Ард түмнийг ѳнгѳцхѳн юмаар амархаан хуурчихаж байна.
Угтаа бол сонгуулийг яаж, ямар системээр явуулж, саналыг хэрхэн тоолох нь намуудын эрх ашгийн үүднээс л чухал болохоос ард түмэнд тийм ч чухал асуудал биш ээ! Нѳгѳѳ Тѳмѳр замын цариг гэсэн чухал биш технологийн асуудлаар 6 жил маргалдаж, ард түмнээ талцуулж хэрэлдүүлэн, бүхэл бүтэн улсын хѳгжлийг гацаадаг шигээ л юм хийцгээх гээд байна. Энийг бид зон олноороо сайн ойлгох цаг иржээ.

Яаж сонгох нь гол биш, хэн гарч ирэх нь л ард түмэнд нэн чухал!!! Сонгуулийн хуулийг ѳѳрчиллѳѳ, цааш нь сонгогчид ѳѳрсдѳѳ мэдэг гээд хаях гэж байна. Үдшийн харуй баруйгаар цагаан мод шидчихээд ѳѳрсдѳѳ гүйгээд эрээд олоод ир гэх Итгэлтийн цүү хаядаг шиг л юм болох гээд байна. Хэдэн бор цаас харчихаараа нүд нь сохорч ...би оллоо... гээд хашхирах хүн олон болсон цаг. Сонгогчдын олонхи  нь ухамсар, боловсролын тѳвшин, сонголт хийх чадварын хувьд бэлэн үү гэвэл үгүй юм. Соёл иргэншлийн тѳвшин, нийгмийн ухамсар шударгаар сонголт хийх тийм хэмжээнд очих болоогүй.
 
Ийм нѳхцѳлд яах ёстой вэ?

Ийм нѳхцѳлд нэр дэвшигчдэд босго тогтоох ёстой, энэ бол олон улсын тѳвшинд туршаад шалгарчихсан арга. Босгыг ашиглан мэргэшсэн парламентчдын эзлэх даацын жинг тасралтгүй дээш нь татах ёстой, нэг ёсны жендер.
Тѳр түших, тѳрд алба хаах эрхийг олгох босго, доошилж яваа монголын хувьд ѳндѳр байх ёстой. Тѳрийн гэх их айл руу орох үүдний босго ѳндѳр байхын хирээр тѳрийн ѳѳрийх нь dignity ( дээдлэн шүтүүлэх сүр жавхаа) дээшээ гарч ирэх учиртай. Одоо шиг, түмпэн түмпэнгээр бѳѳлжих угаадсаны хувин, хогийн тантангаараа дуудуулахаа болих цорын ганц гарц бол энэ. Гэтэл нэр дэвшигчдийн критерийн талаар улс тѳрчдийн дотроос л лав хэн бугай ч ганц үг ч гав хийхгүй  байна. Тэд ѳѳрсдийгѳѳ зайлуулах юм хийхгүй л байхаа даа, тийм хэмжээний эх оронч чанар тэдэнд байхгүй нь амьдрал дээр үйлдлээр нотлогдчихсон зүйл.
Наад зах нь, монголын онцлогод тохирсон доорх критери үнэлгээнүүд байж болмоор санагдана.

1. Нэр дэвшигчид тѳрийн албан тушаалтны шалгалтыг заавал ѳгсѳн байх. Тѳрийн албан тушаалтны шалгалт ч ѳгѳѳгүй мѳртѳѳ тѳрд алба хаадаг гээд бодохоор бээр нь битүүрчихсэн буртгийн юм мѳн ч их байна даа.
2. Боловсрол, мэдлэгийн тѳвшин. Одоо байгаа гишүүд, тѳрийн албан тушаалтнуудын дипломуудын үнэнийг шалгаад ард олонд мэдээлчих хэрэгтэй. Хар нь хараараа, цагаан нь цагаанаараа ялгараг. Тэдэнд хариуцлага ногдуулахдаа гол нь биш, нэг ёсны ард түмнээсээ уучлал гуйх боломж олгоно гэсэн үг. Ийм эр зоригтой улс тѳрч байгаа бол уу?
3. Ажлын дадлага. Ажил, амьдралын дадлага туршлага суугаагүй, сэтгэлгээ нь тогтворжиж тѳлѳвшѳѳгүй нялцайсан нусан буунууд бол бүдрэхээр босго тогтоох нь зѳв.
4. Авилгалд ямар нэг хэмжээгээр холбогдоогүй, манайхны ярьдгаар цэвэр ёс суртахуунтай байх босго. Үүнтэй уялдуулаад саяын Ѳршѳѳлийн хуулийн хэлэлцүүлгийн протоколийг олон түмэнд ил болгочих нь дээр.
5. Нэг хэсэгтээ л насны босго байх л хэрэгтэй. Уламжлалаа бодоод 40 нас гээд тогтоочихвол зүгээр юм. Дѳч хүрсэн эр, дѳрвѳѳ дарсан ат гэдэг байхаа.
6. Эмэгтэйчүүдийн жендерийг 35%иар тогтоох. Цагаан сүү тээсэн эх хүн авилгалд ѳртѳх нь ёстой л нэгж тохиолдол байдаг байх.

Босго тогтоох, босгоо ягштал үндэслэн мандат олгох бүх ажлыг УИХ-ын ажлын хэсэг биш, авилгач хулгайч нарт атгуулсан намууд бол бүүр ч биш гагцхүү Сонгуулийн байнгийн хороо хийх ёстой, орон нутагт ч ялгаагүй. Энийг ард түмэн шахаж хийлгэх ёстой, тэгж эс чадвал мѳхнѳ. Долоогчид ( хусам долоогчид гэсэн утгаар шүү) саад болно, гэхдээ л очих цэгээ тогтоон хараад туйлбартай, шийдвэртэй урагшлах л ёстой байх.

Аномаль алдааг aрд түмэн биш, тѳр хийсэн, тэхээр тѳр эхлээд алдаагаа засах учиртай. Бүх муу муухайг сонгогчид руу түлхээд байж бас боломгүй.  Сонголтыг сонгуулийн хайрцагнаас биш нэр дэвшүүлэхээс эхлэх ёстой шүү.
Урьдаас бэлдээд хайрцаглачихсан тулгалтын жагсаалтнаас нэгийг нь дугуйлаад сонгуулийн хайрцагны нүх рүү унагах бол сонгууль биш, зүгээр л сонгуулийн эцсийн шатны үйлдэл. Нэр дэвшигчдэд критери тогтоохгүй байна гэдэг бол харин цаад утгаараа сонгох бололцоог хааж, Үндсэн хуулийн үзэл санааг зѳрчиж байгаа маш бүдүүлэг аномаль алдаа шүү.


Баахан л ёстой, ёстой гэчихлээ, харин тэр ёс нь одоогоор алга даа, харамсалтай нь  тэр ёс яригдах ч үгүй юм шиг байна, цагийн урсгал биднийг хүлээхгүй л дээ.
Ялааг хуйлсан сонингоор цохиж алах аргаар яваад монгол улс  авилгачдаас хэзээ ч салахгүй, баасны ялаа шаваад байгаа газры нь л хуу цэвэрлэвээс сая үр дүнд хүрэх болно.
МОНГОЛ ХҮН  мѳн ч ухаантай даа, монголчуудын тѳрѳлхийн сийрэг ухаан, үеийн үед хадгалагдаж ирсэн генийн мэдрэмжинд л найдах нь дээсэн дѳрѳѳний эцсийн шижим болон үлдэх шив дээ.
 
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.