"Мөнхжин-Од”-ын "том ар” Алтжин гэнэ үү
Баянгол дүүргийн II хорооны нутаг, "Ногоон төгөл” хотхонд архидан согтуурсны улмаас таван хүн амиа алдсан хэрэг гарч, дуулиан шуугиан нь одоо ч намжаагүй байна. Тус хотхоны 73 дугаар байранд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн хамт архи ууж, өөр өөр орцонд ил харагдах, гэмтэл шархгүй нас барсан байжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн харьяат 55 настай Г Баянгол дүүргийн XIII хорооны нутагт амиа алдсан, дэргэдээс нь эд мөрийн баримтаар ”Бурхан халдун” гэх архины шил хураан авсан гэнэ. Харин тав дахь хүн нь гудамжинд хорвоог орхисон байжээ. Тэд нас барахаасаа өмнө буюу энэ сарын 15-ны үдэш нийлж архидсан байх магадлалтайг эх сурвалжууд хэлж буй юм. Хэргийн газарт хийсэн үзлэгээр "Найрсаг” хэмээх архины шил хоёр, шил цэвэрлэгч "Гайхмаараа” нэртэй шингэний сав олдсон. Дээрх "Найрсаг” хэмээх архийг "Мөнхжин-Од” гэдэг компани үйлдвэрлэдэг бөгөөд тус компани өмнө нь олон удаагийн шалгалтад бүдэрч, зургаа, долоон жилийн өмнөөс л асуудалтай хэмээн шалгагдаж байжээ.
Гэвч эдүгээг хүртэл үйлдвэр хаалгаа барилгүй, бүтээгдэхүүнийхээ зүсийг хувилган үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь олон нийтийн сонирхлыг татсаар удлаа. Хамгийн хачирхалтай нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, ЦЕГ зэрэг албаны томоохон байгууллагууд үйлдвэрийн эзэн чухам хэн болох талаар нэг ч удаа ам нээгээгүй нь "Үйлдвэр том ар”-тай гэх таамгийг улам дэвэргэж орхисон юм. Тиймээс ч манай сурвалжлах хэсэг энэ удаа үйлдвэр ямар учраас өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байсан, мөн үйлдвэрийн эзэн хэн болохыг сурвалжиллаа.
"Тушаал авсан цэрэг” мэт төрийн байгууллагынхан
Манай сурвалжлах хэсэг юун түрүүнд Нийслэлийн Захирагчийн ажлын албанд очиж, архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хэрхэн олгодог талаар тодруулсан юм. Биднийг очиход НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан гадуур хуралтай байсан тул Нийслэлийн хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Ундармаатай уулзав.
Тэрбээр "Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2004 онд гаргасан Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавих журам батлах тухай 58 дугаар тушаал байдаг. Тэрхүү тушаалын 5.9 дүгээрт улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн согтууруулах ундааны үйлдвэрэл эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх буюу хүчингүй болгох тухай саналыг хэд хэдэн тохиолдолд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулна хэмээн заасан байдаг.
Тухайлбал, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгуулаагүй, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй болон сунгагдаагүй үед үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийсэн, согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн, зөвшөөрөлд заагдсан үйлдвэрийн байршлыг дур мэдэн өөрчилсөн, согтууруулах ундааг хүнсний зориулалтын бус түүхий эд, тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн тохиолдолд үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх буюу хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагад гаргадаг.
Мөн технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулсан, үйлдвэрийн дотоодын болон хөндлөнгийн хяналтын шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, онцгой албан татварын тэмдэггүй, хуурамч тэмдэгтэй, үндсэн баримтгүй болон хуурамч, баримттай үйлдвэрлэл, худалдаа, хадгалалт эрхлэн татварын багц хуулийг зөрчсөн, согтууруулах ундааг зөвшөөрсөн байршлаас өөр газар савласан, бусдын шошго, нэр ашиглаж үйлдвэрлэл явуулсан бол мөн түдгэлзүүлдэг. Зөвшөөрлийг манайх хариуцдаггүй. Тусгай зөвшөөрлийг сунгуулахад олон бичиг баримт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өгдөг. Тэр баримтуудын нэгд нь манай нийслэлээс санал очих ёстой байдаг. Тэр саналыг өгөхийн тулд Нийслэлээс Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг гарч, тухайн үйлдвэрт шалгалт хийдэг. Гэхдээ тусгай зөвшөөрөл дууссан үед шүү дээ.
Тусгай зөвшөөрлийг гурван жилд нэг удаа сунгадаг. Тэгэхээр бид гурван жилд нэг удаа шалгалт хийдэг. Түүнээс сунгах зөвшөөрлийг яам хариуцдаг. Бид зөвхөн саналаа л өгдөг. Үнэхээр тухайн аж ахуйн нэгж нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол өөр өөрсдийнхөө чиглэлээр шалгалт хийнэ. Тухайлбал, татвар төлсөн эсэх, галын аюулгүй байдлыг хангасан эсэх гэхмэтчилэн шалгадаг. Шаардлагыг хангаж байвал бид саналыг яам руу өгдөг.
Яам харин сунгах эсэхийг шийддэг. Ер нь улсын хэмжээнд хэн гэдэг хүний, ямар компанийн тусгай зөвшөөрлийг хэзээ сунгасан, шинээр олгосон бэ гэдэг баримт яаман дээр байгаа” гэв. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ч бид хяналт шалгалт хийх л үүрэгтэй, ямар нэг зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрхгүй, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам шийдвэрлэнэ гэх тайлбарыг хэлж байлаа. Төрийн албан хаагчдын хүнд суртал бидний ажилд нэлээд хүндрэл учруулж байсныг ч энд дурьдахгүй өнгөрч болохгүй биз. Гарсан асуудалд тодорхой мэдээлэл өгөх хүн НМХГ-т байсангүй. Албан тушаалтан бүр л "Тушаал авсан цэрэг” мэт асуудлыг өөрөөсөө зайлуулж байсны зэрэгцээ дөрөв, таван ч албан тушаалтны хаалга тогшоод тодорхой мэдээлэл авч чадсангүй.
Үүссэн асуудлыг хариуцаж буй хэлтсийн нэлээд том албан тушаалтан болох Ц гэх эмэгтэй ч их ширүүн өнгө аясаар "Би юу ч мэдэхгүй” хэмээн хариулж байх юм. Өнгөрсөн онд ч "Найрсаг” архинд нэг иргэн хордож, хэд хэдэн хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл хэвлэлд гарсан нь бий. Тэр үед НМХГ-аас хяналт шалгалт хийсэн эсэхийг асуухад, "Бид тэр бүрт хяналт хийдэггүй” хэмээн хээв нэг хариулж байх юм.
ЦЕГ ч үйлдвэрийн эзний талаар үг унагасангүй
Үүний дараа Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг зорилоо. Холбогдох мэргэжилтэн нь гадуур хуралтай учир эзгүй байдаа. Тиймдээ ч чухам хэн гэгч хүний үйлдвэр эдүгээг хүртэл хуурамч архи үйлдвэрлэсээр байгааг мэдэх боломж байсангүй. Үнэн хэрэгтээ тус яам согтууруулах ундааны үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг сунгах эсэхийг шийддэг юм байна.
"Мөнхжин-Од” ХХК 2011 оны арваннэгдүгээр сараас хойш л чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж, бусдын барааны тэмдэг бүхий шилийг ашиглаж, өөрийн бүтээгдэхүүнийг савладаг, онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглан чанаргүй архи үйлдвэрлэн худалдаанд гаргасан гэх үндэслэлээр шалгагдаж, ЦЕГ болон МХБ-аас тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг салбар эрхэлсэн яамны хариуцсан албан тушаалтанд хүргүүлсээр иржээ.
Гэсэн ч, тусгай зөвшөөрлийг нь цуцалж байсан удаагүй гэнэ. Эдүгээ тус компани "Мөнхжин” гэх архиа "Найрсаг” болгосон ч дээрх зөрчлүүдээ арилгаагүй бололтой. Бидний дараагийн өртөө Улаанбаатар хотын цагдаагийн газар байв. Энд бид мөн л тухайн компанийн эзний талаар тодорхой мэдээлэл авч чадаагүй юм. Тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэн "Нарийн шинжилгээ буюу эсийн шинжилгээний хариу гараагүй байна” гэснээр өөр мэдээлэл өгсөнгүй.
Үйлдвэрийг хаасан, гэхдээ асуудал байна
"Мөнхжин-Од” компанийн "Найрсаг” архины үйлдвэрийг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хаасан байдаг. МХЕГ-ын даргын тушаалаар тус компанийн үйлдвэрт шалгалт хийхдээ хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн юм билээ. Үйлдвэрийн ажилтнууд "Бүтээгдэхүүндээ саарал өнгийн таглаа ашигладаг, харин гадуур хуурамчаар үйлдвэрлэж байгаа нь цэнхэр бөглөөтэй” гэж хэлж байж. Гэвч шалгалтын явцад үйлдвэрээс цэнхэр бөглөө ч олдсон гэнэ.
Мөн горимын болон дотоод хяналт сул зэрэг зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоосон байх юм. Цагдаагийн байгууллага ч үйлдвэрийн нэр дор хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлжээ. Үйлдвэрийн өнөөгийн байдал ямар байгааг сонирхон Баянзүрх дүүргийн тавдугаар хороог зорилоо. Гадна талдаа хаяггүй, хоёр давхар шар өнгийн байшинд "Найрсаг” архины үйлдвэр байрладаг бөгөөд биднийг очиход гадна хаалга нь түгжээтэй байв. Харин эргэн тойрон нь хяналтын камераар тоноглогдсон байсны зэрэгцээ үйлдвэр тэр хавьдаа л зартай юм билээ.
Мөн хорооны иргэн Б ярихдаа "Хаалга нь хаалттай ч үйлдвэрлэл нь явагдаж л байгаа байх. Ер нь дандаа л ийм байдаг. "Старекс” машинаар архиа зөөдөг юм. Үйлдвэрийн арын хэсэгт байрлах төмөр хаалгыг цохиход онгойлно. Гэхдээ бидэн шиг хүнд яаж онгойлгох билээ. Ажилтнууд нь өөрсдөө ирээд тэр хаалгыг цохиход дотроос нь хяналтын камераар харж байгаад онгойлгож өгдөг юм байна лээ. Саяны хэрэг гарахаас өмнө ч "Найрсаг” архийг нууцаар зардаг байсан шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, манай эгч ч дэлгүүртээ нууцаар зардаг” гэсэн юм.
"Мөнхжин-Од” компанийн захирлыг Мөнхжин гэв үү
Харин өөр нэгэн 20 гаруй насны залуу үйлдвэрийн эзний талаар ярихдаа "Манай эндэхийн оршин суугчид бүгд андахгүй ээ. Наад үйлдвэрийн чинь агуулах нь Монгол цэргийн музейн хашааны буланд байрладаг юм. Тэнд архины шилнүүд хураалттай байдаг. Үйлдвэрийн эзэн нь "Алтжин”-гийн босс Г.Алтаны дүү Мөнхжин гэж хүмүүс ярьдаг юм билээ. Хааяа Ланд 200-тай хүмүүс ирж харагддаг юм. Миний бодлоор үйлдвэрийн дээд давхарт хүн амьдардаг байж магадгүй.
Цонхоор нь морин хуур гэх мэт гэрийн эд хогшил харагдаад байдаг юм” гэлээ. Үнэхээр ч үйлдвэрийн хоёр давхрын цонхны хөшигний завсраар морин хуур хөгжмийн толгой цухуйж харагдсан юм. Үүний дараа хажууд нь байрлах "Одон Орон, Геофизикийн Хүрээлэн”-гийн байрны гадна зогсох ахимаг насны эрэгтэйгээс тодруулахад, "Ойрдоо ажиллаагүй” гэж хариулсан юм. Гэхдээ сониуч зандаа хөтлөгдөн үйлдвэрийн төмөр хаалгыг хэдэнтээ цохисон ч дотор хүн байгаа шинж байсангүй. Ийн зогсч байхдаа 50 хүрч яваа болов уу гэмээр эгчээс үйлдвэрийн талаар асуулаа.
Урт нэхий дээл өмсч, годон гутлаар гангарсан тэр эмэгтэй ч өөрийн сонссоноо бидэнд хуучилсан юм. Тэрбээр "Өөр архины шилэн дээр шошго нааж, нууцаар худалддаг гэсэн. Авч байгаа хүмүүс нь нөгөө л хэдэн архичид шүү дээ. Нэг гэр бүлийн хүмүүс үйлдвэрийг ажиллуулдаг. "Алтжин”-гийн Г.Алтангийн дүү нь гэр бүлээрээ ажиллуулдаг гэж сонсч байсан юм байна. Гэхдээ баттай биш шүү” гэсээр алхаж одов.
"Найрсаг” архи худалдагдсаар...
Таван хүн архидан согтуурсан үедээ хордож нас барсны дараа албаныхан 7000 орчим шил архийг хураан авсан байдаг. Гэхдээ тэрхүү шалгалтаар архиа сайн нууж амжсан зарим гэр хорооллын зарим дэлгүүрүүд одоо ч худалдсаар байгаа аж. Гэхдээ "Найрсаг” архи өмнө нь ч, одоо ч лангуунд ил тавигдсангүй. Зөвхөн үнэнч хэрэглэгчид нь л худалдан авдаг учир лангууны доор байрлаж, байнгын үйлчлүүлэгчид нь худалдан авдаг байна.
Шар хадны эцэст нэг дэлгүүр л "Найрсаг” архийг зардаг гэнэ. Хуванцар, шил, лааз цуглуулж голоо зогоодог иргэд л энэ архийг худалдан авдаг бөгөөд хамгийн хямд архи нь энэ аж. "Найрсаг” архины 0.5 нь 3500, 0.75 нь 4500 төгрөгөөр худалдаалагддаг гэдгийг бидний нэрлэж заншсанаар "Шар хадны эцэс”-ийн автобусны буудлын орчимд халамцуухан явах ах хэллээ. Гэхдээ саяхнаас архины нийлүүлэлт тасарсан гэнэ.
Тэрбээр өөрийгөө Ц гэж танилцуулж, "Найрсаг архинаас таван хүн хордож нас барсан гэсэн. Одоо энд ахиж зарагдахгүй байх. Удахгүй өөр нэрээр гарах байлгүй. Өмнө нь "Мөнхжин” гэж гарч байсан юм. Ах нь ч уудаг байлаа. Сүүлд "Найрсаг” болсон. Дүү минь чи тэр архийг дэлгүүрийн лангуун дээр ил зардаг гэж бодож байна уу. Үгүй шүү. Энэ хавьд "Найрсаг” архийг зардаг нэг л дэлгүүр бий. Юу боллоо гэж олон дэлгүүр зарах билээ. Гэхдээ өөр хямд архинууд гарсан шүү. "Нутаг”, "Эзэн Чингис” гээд архи бий. Тэдний тухайд 5500 төгрөгөөр зарагдаж байна” хэмээгээд амьдралынхаа талаар ярьж, хэсэг уйлсан даа.
Тэр хавийн дэлгүүрт тус архи байсангүй. Дараа нь цайз захын зам дагуу хоёрдах түүхий эд авах цэг дээр өдрийн турш цуглуулсан шуудай дүүрэн хуванцар сав, шил, лаазаа тушаачихаад зогсож буй "С” гэх ахтай дайралдав. Тэрбээр бидэнд архи олж өгөхөө амлаж, дагуулан явсаар "Дарь Эх”-ийн захын гэр хороололд байрлах хүнсний дэлгүүрт ирлээ. Ганцаараа амьдардаг тэрбээр өдөртөө шил, лааз цуглуулан 7000 орчим төгрөг олж, түүгээрээ оройхондоо нэг шил "Найрсаг” худалдан авч уугаад унтдаг гэдгээ ч биднээс нуусангүй.
Өмнө нь барилга дээр ажиллаж байгаад дөрвөн давхраас унаснаас хойш сайх ахын хөл гэмтэж, доголох болжээ. Бид нэлээд удаан алхасны эцэст өнөөх дэлгүүрт ирлээ. Гэхдээ энд дэлгүүрийн нэрийг нууцалъя. Хажуудаа хоёрдагч бүтээгдэхүүн авах цэг байрлах хүнсний дэлгүүрийг тэр хавийн шил лааз цуглуулан амьдардаг ирдэг ч анддаггүй юм билээ. Саяхан танилцсан ах ч бидний хашааны буланд үлдээгээд өөрөө "Найрсаг”-аа авахаар орлоо. Даваа гарагийн орой ч ах уг дэлгүүрээс "авдагаа” авч уусан гэнэ. Хэсэг хугацааны дараа өмссөн үл ялиг нарийн хир суусан хар куртикнийхээ дотуур нууж, "Дуусч байгаа гэнэ. Ашгүй ганц үлдэж. Зургийг нь авахад л болно биз дээ” хэмээн инээсээр гарч ирлээ.
Биднийг ийнхүү ярьж зогстол хажуугаар өнгөрч байсан мөн л "архи уудаг” гэдэг нь харахад л илт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн "Хүүе хаана зарж байна. Олдохгүй байсан шүү дээ. "Бүжин”-гийнх дуусчихсан. "71”-д удахгүй ирэх юм гэнэ лээ” гээд булааж авах дөхөв. Архинд дуртай энэ мэт иргэд үнэ хямд атлаа их хэмжээтэй учраас л "Найрсаг” архийг сонгон хэрэглэдэг бололтой. Үнэндээ эл архи дэлгүүрийн лангуун дээр худалдаалагддаггүй бөгөөд шил, лааз, цуглуулж, олсон хэдээ архинаас өгөх эдгээр иргэд л нууцаар худалдан авдаг гэнэ.
"Спирт бал бурам” ХХК-ийн архины шилэн дээр "Найрсаг” архины шошгыг наажээ
Архинд нэлээд дуртай хижээл насны ахын дэлгүүрээс худалдан авсан 0.75 хэмжээтэй "Найрсаг” архины шил "Спирт бал бурам” ХХК-ийн бүтээгдэхүүний шил байсныг энд онцлох нь зөв болов уу. Тус шилний дээд хэсэгт "Шагай” шиг хэлбэртэй тэмдэглэгээ байх аж. Зөвхөн "Спирт бал бурам” ХХК-ийн бүтээгдэхүүний шил дээр л ийм тэмдэглэгээ байдгийг уншигчид маань санаж буй биз ээ. Түүнчлэн, тус архийг худалдан авсан иргэд шилээ 100 төгрөгөөр тушаадаг гэнэ. Тус архины бөглөө нь ч саарал өнгөтэй байсан юм.
Мөн хачирхалтай нь "Найрсаг” архины үнэ нэмэгдсэн байжээ. Таван иргэн хордож нас барсан гэх дуулиан тархаж, холбогдох байгууллагууд дэлгүүрүүдэд хяналт, шалгалт хийж, тус нэрийн архийг хураан авсны дараа бараагаа сайтар нууж чадсан зарим дэлгүүрүүд авдар дахиа гаргаж, 300 төгрөгөөр нэмж зарж байгаа гэнэ. С гэх ахын хэлж буйгаар хэрэг гарахаас өмнө 0.75-тай "Найрсаг” 4500 байсан аж. Гэтэл одоо 4800 болж нэмэгдсэн гэнэ.
Эцэст нь тэмдэглэхэд, архидан согтуурсан үедээ хордож нас барсан иргэдийн цогцост үзлэг хийхэд цуснаас нь метилийн спирт илэрсэн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэдээлсэн байдаг. Улмаар "Найрсаг” архинаас уг спирт илрээгүй бөгөөд урьдчилсан байдлаар "Гайхмаараа” гэх шил арчигч шингэнд хордсон байх магадлалтай гэх дүгнэлтийг албаныхан хийгээд байгаа юм. Гэхдээ өөр компанийн бүтээгдэхүүний шилийг ашиглан хуурамч архи үйлдвэрлэгч компаниудыг цэгцлэх цаг болсныг энэ удаагийн хэрэг харууллаа. Харин албаныхан эздийнх нь толгойг илээд өнгөрөх үү, эсвэл жижиг үйлдвэрүүдийг цэгцлэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Н.Батзаяа
Б.Даваахүү
Эх сурвалж:mminfo.mn
Сэтгэгдэл