АН-ын Хэрэг эрхлэх газрын 40 хүнийг ажлаас нь халжээ. Тэдний олонх УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг АН-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хутацаанд орсон хүмүүс юм. Гэвч намынхаа байрыг "Шонхор тауэр” руу буурь сэлгүүлж, "Ардчиллын өргөө" хэмээн нэрийдсэн АН-ын шинэ дарга С.Эрдэнийн энэ шийдвэрийг эсэргүүцэх. эгдүүцэх хүн түрүүчээсээ олширч байх шиг. Гэхдээ МӨНГӨТЭЙ НЬ ХӨГЖМӨӨ захиалдаг шиг эрх мэдэл нэгэнт С.Эрдэнэ даргын гарт төвлөрсөн болохоор Хэрэг эрхлэх газартаа халаа, сэлгээ хэрхэн өрнүүлэх нь түүний таалал. Харин үүнтэй зэрэгцэн С.Эрдэнэ даргын орлогч нар хэн байх вэ гэсэн асуулт АН-д төдийгүй улс төрд сонирхолтой сэдэв болж эхэллээ.
Үүнээс өмнө АН-ын "гал тогоо”-г хэн барих бол гэсэн асуулт болон хүлээлт намын гишүүдэд нь байсан ч намын даргын тамга атгасан С.Эрдэнэ анхны тушаалаараа Ц.Тувааныг түр орлон гүйцэтгэгчээр томилж орхисон. Үүнийгээ тавдугаар сард товлосон VIII Их хурлын өмнө цоо шинэ бүрэлдэхүүнтэйгээр байгуулах Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг тодруулах ажлыг нугалуулах зорилготой хэмээн тодотгосон ч баруун гарынхаа хүнийг "түр орлон гүйцэтгэгч” нэртэй явуулж байгаад жинхлэхгүй гэсэн баталгаа С.Эрдэнэд байхгүй. Нэг үгээр хэлбэл, АН дахь эрх мэдлийн хуваарилалт эхнээсээ "Шонхор” фракцын гарт шилжиж эхэлсэн нь энэ. Тиймдээ ч, үлдсэн бялууны хэрчим дээрх бусад фракцын зодоон ил далд явах болсон нь намын дэд даргын сэнтий.
Ил болсон хийгээд улс төрийн хүрээнд явж байгаа мэдээллээр С.Эрдэнэ дөрвөн орлогчтойгоор ажиллах төлөвлөгөө гаргажээ. Тэдгээр нь, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа болон БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар. Ж.Батзандан гишүүний тухайд С.Эрдэнийн хуучин албыг авч УИХ дахь АН-ын Бүлгийн дарга болох хүсэлтэй байсан ч МҮДН-ын Д.Эрдэнэбатад өмнүүрээ дайруулсан. Улмаар нэгэн цагийн анд О.Магнайг Ерөнхий нарийн бичгийн даргад зүтгүүлэхээр С.Эрдэнэтэй тохироо хийсэн гэх ч тэр нь талаар болж, АН-ын Их хурлын маргааш Ц.Туваан түр орлон гуйцэтгэгчээр ажиллах болсон. Тэгэхээр хоёр ч удаа "чадуулсан” Ж.Батзандан гишүүн гурав дахь боломжоо АН-ын дэд даргын сэнтий гэж харж байгаа бололтой. Үүнд нь "Шонхор” фракцын малгайн дор явсан үе нь нэмэх оноо болж буух болов уу.
З.Нарантуяа гишүүний хувьд анхнаасаа намын дэд даргад нэрээ дэвшүүлэхээ ил тод илэрхийлсэн. АН-ын экс дарга З.Энхболд, "Шонхор” фракцтай ойр явдаг тэрбээр энэ үгийг зүгээр ч нэг хэвлэлээр дамжуулан дайгаагүй нь лав. Харин хөшигний ард ямар нэгэн байдлаар тохироо хийж эхэлсэн учраас зориуд гэрэл цохиулсан байх талтай. Дээрээс нь, түүний ард З.Энхболд хэмээх том хүч зогсч байгаа учраас энэхүү магадлалыг улам өндөрсгөж буй. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн дөрвөн орлогчийн нэгээр З.Нарантуяа гишүүнийг томилоход тэгтлээ гайхаад байх зүйл биш юм. З.Наранлуяа гишүүний адил бараг ногоон гэрлээр АН-ын дэд дарга болох хүн нь Бүлгийн дарга Д.Эрдэнэбат.
Намын даргын сунгаанд МҮДН-аас бэлгэдэл төдий хэмжээнд өрсөлдсөн түүнийг фракцынхан нь дэд дарга болохоор намынхаа байраар эргэлдэх болсон тухай мэдээлэл бий. Учир нь, намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа авчирсан сонгуулийн ялалтын түүх түүнд бий. Иймд намдаа нөлөөллөө алдахгүй байх МҮДН-ын хувилбар Д.Эрдэнэбат болсон хэрэг. Гэхдээ Бүлгийн даргаа МҮДН-д өгсөн "Шонхор”-ынхон дахин дэд даргын суудал "бэлэглэх” нь зарим талаараа эргэлзээтэй.
АН-ын дэд даргаар томилохоор ярьж эхэлсэн дөрвөн хүний дунд хамгийн содон хийгээд гайхшрал төрүүлсэн эрхэм нь БНН-ын дарга Б.Жаргалсайхан. Үүнийгээ ч илтгэх мэт тэрбээр Хан-Уул дүүргийн АН-д саяхан элсчээ. Намын даргын сунгааны үеэр нэр дэвшигч С.Эрдэнийг компанийнхаа бүтээгдэхүүнээр дэмжиж оролцсон түүнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэдэг яриа гарсан ч тэгсхийгээд намжсан. Намын дарга С.Эрдэнэ ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг санал болгохгүй сунгаагаар тодруулна хэмээсэн нь Б.Жаргалсайхантай холбоотой яриаг улам бүдгэрүүлж орхисон. Нэг үгээр хэлбэл, түүнийг С.Эрдэнэ санал болгосон ч Б.Жаргалсайхан сунгаанд төдийлөн хол "давхихгүй”, дэмжлэг хүлээх боломж хомс. Тиймээс намын дарга болоход нь шаггүй "тусламж” үзүүлсэн Б.Жаргалсайханыг АН-ын дэд дарга болгож дэвшүүлэх нь хамгийн боломжит хувилбар гэж харсан С.Эрдэнийн нүүдэл энэ байж болох. Эндээс АН-ын удирдлагын бүтцийг аль ч талаас нь харсан "Шонхор”-ынхон бүрдүүлэх нь. Өөрөөр хэлбэл, Ерөнхий нарийн бичгийн даргаа авсан "Шонхор”-ынхон дэд дарга нараа ч Ж.Батзандан, З.Нарантуяа, Б.Жаргалсайхан гэсэн өөрсдийн хүмүүсээр бүрдүүлэх бололтой. Бусад фракцууд нь удирдлагынхаа энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авахыг хэлж мэдэхгүй ч бэлэн болсон хувилбараар тулаанд зөвхөн "Шонхор”-ууд л нисэх нь ээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Сэтгэгдэл