Казакстан улсаас ядруурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Марат тэргүүтэй найман иргэнийг энэ сарын 12-нд "Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хууль бусаар хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тодруулбал, Ж.Маратыг Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулан шалгаж эхэлжээ.
Одоогийн байдлаар Ж.Маратын олон улсын картуудад байршуулсан байсан зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа бөгөөд эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдэн төгрөгийн мөнгө угаасныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Улсын мөрдөн байцаах газарт хохирогчдоос мэдүүлэг авч байгаа юм байна.
Энэ талаар цахим ертөнцөд "Хэн нэгэн хүчээр элсүүлээгүй өөрөө сайн дурын үндсэн дээр элссэн учраас гэмт хэрэгт тооцохгүй. Хохирсон хүмүүсийн хохь болоод үлдэнэ” хэмээн байр сууриа илэрхийлэх хүн цөөнгүй байгаа.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад,"Хариуцлага бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтад хүрнэ гэх мэт тайлбар, таниулга хийж, иргэдийг илт төөрөгдүүлж, нэг хүнд мөнгө өгч бусад хүмүүс хохирч үлдэж буй нь гэмт хэргийн шинж агуулсан" гэж хэлэв.
Монгол Улсын нутаг дэвсгэрт "олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа”-г хуулиар хориглосон байдаг. Тодруулбал, 2001 оны 2-р сарын 1-ний өдөр хуульчилснаар, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглодог.
Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д "Бусдын эд хөрөнгө, эсвэл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авснаар иргэнд хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг.
Дашрамд, Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар ""Жи Тайм” сүлжээний хохирогчдын тоо 400-д хүрч, хохирлын хэмжээ 200 саяд хүрсэн” гэв.
Т.Гэрэл
zaluu.com
Сэтгэгдэл