Хэлбэр хөөх биш бодлого яриач, Б.Болор сайд аа


Хэлбэр хөөх биш бодлого яриач, Б.Болор сайд аа
"Түүгээр явсан гайг үүгээр дуудна” гэгчээр өөрт хамаагүй асуудлаа ярьж шоуддаг, улстөрч, сайд дарга манайд хэтэрхий олон болчихож. Ёстой л нэгэн нийтлэлчийн бичсэнчлэн бөөсөнд хутга гэдэг л энэ байх. Яамны нэг мэргэжилтний хийх ажлыг салбарын сайд давхиж очиж хийчихээд том ажил хийж гавьяа байгуулсан аятай цахим ертөнцөөр түүнийгээ сүр бадруулан зарлах болсон. Зарим нь сайдын суудалд очсоныгоо хаан болсон хэмээн сэтгэж төрийн албаны ажилчдыг бацаан, товаришаар нь дуудаж томорч эхлэв. 
 
Энэ мэт хийтэй, хөөтэй сайд, дарга нараар 25 жил бид удирдууллаа. Цаашдаа ч удирдах нь тодорхой юм байна. Тэдний нэг нь Сангийн сайд Б.Болор. Сүүлийн өдрүүдэд эрхэм сайдын ярилцлага, мэдэгдэл хэвлэлүүдийн нэгдүгээр нүүрнээс л том гэгчийн зурагтай эхлэх болжээ. Төсвийг тэгж хаслаа, багш, эмч нарынхаас бусад нь бол цалингаа хасуулах ёстой л гэнэ. 
 
2016 онд дэд сайд нарыг хална, солино. Яам агентлагийг татан буулгана л гэнэ. Ёстой л юм, юмны эзэн шиг аашилж байна. Ерөнхий сайдын өмнөөс очоод л цалин нэмэхгүй гээд хэлчихдэг зоримог Сангийн сайдтай боллоо, бид. Мэдээж ингэж ажиллаасай гэж ард түмэн хүсч байсан нь үнэн. Залуу хүнийг зоригоор улстөрчид, улс төрийн намуудад худалдагдахгүй ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байлаа. Гэхдээ хэлбэр хөөж биш. Б.Болор сайдын ярилцлага бүрийг уншихад нэг л их хасч танах тухай ярьсан байх юм. 
 
Гэхдээ хаанаас, хэрхэн хасах, тэр хасалт таналт нь хэр тооцоо судалгаатай вэ гэдгийг хэлэхэд бэрх. Монгол Улсын 2015 оны төсөв 600 тэрбумаар тасарчихсан. Сүүлийн долоон жилийн турш бид данхайсан бүтэцтэй, данхагар төсөвтэй ажилласан. Үүнийг ч эрхэм сайд ойлгохын дээдээр ойлгосон байна лээ. Тиймээс хасалтыг төрийн өндөр дээд албан тушаалтай гэх 260 хүнээс эхлүүлж тэдний цалинг 30 хувиар бууруулахаар шийдсэн, хамаг гадаад, дотоод томилолтыг хааж, төрийн нарийн бичгийн дарга нарыг явгалав. Окей. Энэ бол зоригтой шийдвэр.
 
Гэхдээ 600 тэрбумын алдагдлыг нөхөх гэж тэндээс хэдэн төгрөг хэмнэх юм бэ. Зарлагын алдагдлыг бууруулах ашигтай санаа нь хэдэн хүмүүсийг явгалж, цалингаас нь хасаад л шийдчихдэг асуудал биш гэдгийг Бельгид боловсрол эзэмшсэн эдийн засагч мэдмээрсэн. Б.Болор сайд өчигдөр "Сайдын цаг” уулзалтад оролцохдоо их л чухал чухал мэдэгдэл хийв. 
 
Ажлаа аваад сар хүрэхгүй хугацаанд тэрбээр 12 агентлагийг нэгтгэснээр улсын төсөв ашигтай ажиллах мэргэн санааг олж чаджээ. Гааль, татвар хоёрыг нэгтгэж орлого бүрдүүлдэг газар байгуулах гэнэ. Урдах ажлаа дийлэхгүй байгаа Улсын бүртгэлийг Статистикийн ерөнхий газартай нийлүүлэхээр шийдэж гэнэ. Ашигт малтмал, Газрын тос хоёр нэгдэж Ашигт малтмал, газрын тосны газар болж ажиллах юм байна.
 
Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгах, Мэдээлэл шуудан харилцаа холбооны газар, Худалдан авах ажиллагааны газар зэргийг татан буулгахаар болжээ. Гэхдээ ажилчид нь халагдах гэхээс илүү нэг байшин суларч нөгөөг нь зарж борлуулаад хэмнэх тухай яриа л энд гарсан аж. Нэг байшиндаа очоод л бөөгнөрч суугаад ажиллана. 
 
Тэр хэрээр өнөөх ачааллаа дийлдэггүй байгууллагыг зүхсэн занасан иргэдийн тоо л нэмэгдэх биз. Улсын бүртгэл Монгол Улсын бүх иргэдийн төрсөн, нас барсан, шилжсэн, нүүсэн, гадаад паспортын сунгалт, шинээр авах зэрэг түм буман архивын асуудлыг хариуцдаг. Гэрлэж үхэхээс эхлээд бүх л асуудал энэ байгууллагаар дамжиж байна. Ачааллаа дийлэхээ больчихсон энэ байгууллага сар бүрийн статистик мэдээ гаргана гээд боддоо.
 
Яаж ч бодсон төрсөн хүнээ бүртгэхээс бусдаар энэ хоёр байгууллагад чиг үүргийг давхардал гэж алга. Төсвийн орлогыг бүрдүүлдэг гэдгээрээ татвар, гааль хоёр адилхан байж болох ч чиг үүрэг нь ижил гэсэн үг биш. Гаалийн байгууллагын албан хаагчдын тоог цөөрүүлэх боломж нийлсэнээр бүрдэх үү, Болор сайд аа. Хар мянган аж ахуйн нэгжийн ажлаа дийлэхгүй байгаа татварын алба гаальтай нэгдлээ гээд юу өөрчлөгдөх юм. 
 
Хэсгийн байцаагчийн албан тушаалыг бууруулах ажлыг нийлсэн, нийлээгүй хийчихэж дөнгөнө. Энэ том хоёр байгууллага нэгдсэнээр харин ч яамны дайтай байгууллага бий болно. Алба нь нүсэрдэнэ. Ажил нь улам бүр л цалгардана. Гаалийн бичиг баримт бүрдүүлэх гэсэн иргэд, татварын асуудлаа шийдэх гэсэн хэдэн мянган аж ахуйн нэгжийн түгжрэл хоёр байшинд биш нэг өрөөнд бужигнах нөхцөл байдал үүсэх нь. Үүнийг тооцож үзсэн үү. Маргааш нэг сайд гарч ирээд гааль, татвар хоёрыг нэгтгээд "Орлого бүрдүүлэгч яам” байгууллаа гэж зарлахад нэг их гайхахгүй болох нь. Мэдээж Харилцаа холбооны зохицуулах газар зэрэг байгууллага байгаа учраас чиг үүрэг нь давхардсан зарим байгууллагыг яам агентлагт нэгтгэх асуудал бол байлгүй л яахав. Гагцхүү байгаа олооч ээ. Хөрсөнд буугаач, сайд аа. 
 
Хэлбэр хөөсөн өөрчлөлт биш бодлого яриач. Уул уурхайн техник, технологи, бараа бүтээгдэхүүний импорт тасарсан нь төсвийн алдагдал үүсэх хамгийн том шалтгаан болсон. Үүнийг өөр ямар эх үүсвэрээр нөхөхөө ярилц. Экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаа шийд. Үйлдвэр барих төсөв батал. Экспортын чиг баримжаатай үйлдвэрүүдээ дэмжих бодлого ярь. 12 агентлагийн зургаан байшинг суллаж, тэрний тог усыг хэмнэлээ гээд бид зарлагаа нөхөх юм уу. Барилгын компаниуд дампуурлаа зарлаж эхэлчихсэн, хаа сайгүй эзэнгүй оффисын барилгууд түрээслэх эзнээ хүлээгээд дараалал үүсгэчихсэн байхад төрийн агентлагийн сууж байсан хуучин барилга худалдаж авах хүн олдох уу. 
 
Магад газарт нь шунасан хэсэг бүлэг худалдаж аваад л нураагаад шинийг барьчихна. Эс бөгөөс газрын наймаачдын гараар дамжаад л алга болно. МАН-ын үед магадгүй газрыг хувьчлаад авчихсан ч байж мэдэх. Хаа байсан 2016 оны наймдугаар сард есөн яамтай болгох тухай яриа өнөөдөр хэрэггүй ээ. Ийм шоу хийгээд бид хол явахгүй. 2016 онд АН засаг барьж, Б.Болор сайдаараа үлдэнэ гэж хэн мэдчихээд байгаа юм. 
 
Б.Болор сайд өнөөдөр төсөвт есөн яамтай байхаар суулгалаа гээд тэр хэвээрээ байна гэсэн хууль байхгүй. Тэртэй, тэргүй Үндсэн хуульдаа засаг барьсан нам нь Засгийн газраа бүрдүүлнэ гээд заачихсан байхад Б.Болорын гэгээн мөрөөдлийг намууд дагана гэсэн баталгаа алга. АН-ынхан өөрсдөө дөрвөн жил төр барихдаа Засгийн газрын хэдэн яамдыг хэд хэд өөрчилсөн байхад, 2016 онд төр барихад яаж ч өөрчилж болно, тэрнийг. Үнэхээр л яамдыг цомхотгож, төрийн албыг цөөлөх гэж байгаа бол арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлчих. Төсвөө батлаад л яамдаа цөөлчихье, АН-ынхаан. Үнэхээр тэгж чадвал Б.Болор таны зоримог шийдвэрт талархахаас яахав. Саяхан л үйлдвэр, хөдөө аж ахуй хоёр ерөөсөө нийлэхгүй юм байна гээд хоёр яам болгож байсан. Б.Болор гишүүний дэмжиж дарсан кнопны ногоон гэрлийг ч ард түмэн мартаагүй байгаа. 
 
Гэтэл ямар шид нь хөдлөсөн гэхээр өнөөх хоёрыгоо дахин нийлүүлэх тухай ярих болов. Аж үйлдвэрийн талаар гаргасан төрийн бодлого тэгэхээр зүгээр л цаас болж хувирах уу. УИХ-аар өнөөдөр хэлэлцэж байгаа Төрөөс хүнс хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг баталж яах юм. Жил болгон бодлого баталж, яам байгуулах бүрт өөрчилдөг жилийн насгүй бодлогоор бид хөгжих үү. Эрүүл мэнд, спорт гэсэн ямар ч хамаагүй хоёр асуудлыг АН-ынхан дураа хүрэхээр салгаж, дургүйгээ хүрэхээр нийлүүлдэг хэрэг үү. Хүний хөгжлийн асуудлаа тэргүүнд тавих АН-ын бодлого хаачив. Яам нэгтгэж, нийлүүлснээрээ төсөв хэмнэчихдэг бол өнгөрсөн хугацаанд бид тэрбум, тэрбумаар л хэмнэчих байлаа. Тиймээс бөөсөнд хутга болох хэрэггүй ээ, сайд аа. Амьдралд арай ойрхон зүйлээ л ярья. 
 
Өнөөдөр яах вэ гэдгээ судлая. Сонгуулийн дараагийн асуудлыг өнөөдөр ярьж шоудаж суугаад яах юм. 2016 оны төсвийн орлого, зарлагыг хоёр их наядаар бууруулж тооцсон нь сайн хэрэг. Дэд сайд нарын албыг үгүй болгох зоригтой ажлаа дэд дарга, орлогч нараар үргэлжлүүл. Зэсийн үнийг 6900 ам.доллараар төсөөлж байсан гэнэн амьдралыг хөрсөнд нь буулгасанд баярлаж байгаа. Энэ мэт амьдралтай ажлаа эхлээд ярих нь зүйтэй биз. Яам салгаж нийлүүлж цаг алдахгүйгээр хэрэгтэй ажилтныг нь үлдээгээд ашиггүй албатуудыг цөөлөх боломж хангалттай байгаа. Үүнийгээ наймдугаар сар гэж хойш тавилгүй яг өнөөдрөөс эхэл. Тэгж чадвал бид хөрсөнд буусан төсөвтэй болох учиртай. Цомхотголд хамруулах хүмүүсээ хувийн хэвшилд шингээх тухай яриагаа л ажил хэрэг болго гэж зөвлөе.
 
Б.Өнөртогтох 
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.