Их Засаг Их Сургуулийн удирдлагууд оюутан амиа алдсан хэрэгт ёс зүйн хариуцлага хүлээх үү?


Их Засаг Их Сургуулийн удирдлагууд оюутан амиа алдсан хэрэгт ёс зүйн хариуцлага хүлээх үү?

 

Их Засаг олон улсын их сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн сургуулийн төгсөх курсын ангийн оюутнууд энэ сарын 15-ны өдөр хонхны баяраа тэмдэглэж байх үеэр 23 настай Г.У гэх эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гараад байна. Оюутнууд Баянзүрхийн товчооноос цааш 15 км зайд байрлах амралтын газарт хонхны баярын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байх үеэр эмэгтэй амиа алджээ. Ийм хэрэг болсон талаарх дуудлагыг амралтын газрын ажилтан цагдаад өгч, улмаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт хүрч очжээ. Эмч нар хэргийн газарт очиход  талийгаач эмэгтэйн зүрхний цохилт удааширсан байдалтай, их хүнд байдалтай байсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан гэх мэдээлэл бий.

Талийгаач эмэгтэйн биед хийсэн задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. Хэрэг явдал болсон амралтын газрын ажилтан medee.mn сайтад өгсөн тодруулгадаа  "Хагас сайн өдрийн нилээн оройхон манай амралтад хонхны баяраа тэмдэглэж яваа хоёр ангийн оюутнууд ирсэн. Тэд анги даасан багш болон ангийн дарга нарынхаа удирдлага доор байгаа гэж байсан. Хэрэг гарсан орой хүүхдүүд бужигнаж, нэг хүүхдийн бие муудсан гээд түргэний эмч нар ирсэн ч охиныг нас барчихлаа гэсэн. Удалгүй цагдаа нар ирээд охины цогцосыг аваад явсан. Тэр шөнөдөө сургуулийн захиргаанаас явж байгаа гээд удирдах багш нар нь мөн ирсэн байсан. Харин маргааш өглөө нь үлдсэн оюутнууд хоол цайгаа идэж уугаад амралтаас явцгаасан. Оюутнууд хонхны баяраа тэмдэглэж архи, пиво ууцгаасан байсан. Харин талийгаач охиныг архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна” гэж ярьжээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаад шалгаж эхлээд байна. Задлан шинжилгээний хариу хэрхэн гарах нь гол анхаарал татсан асуудал юм. Талийгаач эмэгтэй нь тухайн өдөр эрүүл мэндийн байдал нь таагүй байна гээд амралтад явахаас татгалзсан ч, ангийнхан нь төгсөлтийн баярын арга хэмжээндээ заавал явах хэрэгтэй гээд аваад явсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн хонхны баярын үйл ажиллагаандаа оролцож явсан оюутан амиа алдсан энэ хэрэг явдалтай холбоотойгоор  сургуулийн удирдлагуудын хариуцлагын асуудал бас давхар яригдах ёстой юм.

Эх сурвалж: Шуурхай.мн 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.