Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болж байна. Нийслэл, орон нутгийн Байгаль хамгаалах нөхөрлөлийн 800 гаруй гишүүн тус чуулганд оролцож байна. Энэхүү чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр:
Үндэсний чуулганд оролцохоор энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Байгаль хамгаалал бол өөрөө амьд явах, үр хүүхэд, хойч үедээ эрүүл амьдрах орчин бүхий эх орон өвлүүлэх чин хүсэлтэй хүн бүрийн үйлс юм. Энэхүү эрхэм үйл хэргийг манлайлан үлгэрлэж унаган нутаг, уул, усаа хамгаалах, нөхөн сэргээх ариун үйлсэд зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж яваа Байгаль хамгаалах нөхөрлөлийнхөн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй энэ удаагийн чуулганд эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн, Та бүхэн бол зөвхөн байгаль хамгаалагчид биш юм. Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Иймд байгаль дэлхийгээ хамгаалан ногооноор нь авч үлдэх үйлст амьдралаа зориулж яваа Та бүхний ажил бол эх орноо манаж байгаа эр цэргийнхтэй дүйх хариуцлагатай бөгөөд, нэр төртэй.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны болон бусад олон хөтөлбөрт тусгасан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, зохистой ашиглах томоохон зорилтуудыг хангахад Байгаль хамгаалах нөхөрлөлийн үүрэг, оролцоо туйлын чухал билээ. Та бүхэн энэ үүргээ ч, оролцоогоо ч энгийн иргэдээс илүү сайн мэдэж, ухамсарлан зүтгэж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд миний бие нэн талархалтай байна.
Байгаль орчныг хамгаалах асуудал дээр алдаа гаргасан улс орнууд ямар сүйрэл, хохирол амсдагийг бусдын бэлэн жишээ бидэнд бэлээхэн харуулж байгаа. Тэдний алдааг давтах эрх бидэнд байхгүй. Хэрвээ давтвал үр хүүхэд, хойч үе маань биднийг өршөөхгүй. Бид хойч үедээ зөвхөн бүтэн эх орон л хүлээлгэн өгөх үүрэгтэй. Бүтэн эх орон гэдгийг би хил хязгаар хүртэлх талбайн хэмжээг хэлсэнгүй. Хүн бүр эрүүл энх амьдрах орчин бүхий агаар, газар, ус, хүрээлэн буй орчин гээд байгаль дэлхийгээ бүтнээр нь хойч үедээ, ирээдүйдээ үлдээх ёстой юм. "Бид эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж аваагүй, харин үр хүүхдээсээ зээлдэж байгаа” гэсэн эртний мэргэдийн үг, чухамдаа энэ утгыг илэрхийлж байгаа гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм учраас л бид бусдын алдаанаас сургамж авах хэрэгтэй. Юуг, яаж хийвэл алдааг давтахгүйгээр ахиц дэвшилд хүрч болох вэ гэдгээ энэ чуулганаар давхар ярилцъя.
Өнөөдөр дэлхийн улс орон бүр эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтаа улсынхаа байгаль орчны даац, чадавхид тааруулан, нийцүүлэн хөгжүүлж байна. Олон улсын эрдэмтэн судлаачид Монгол Улсыг "хөгжих асар их боломжтой” гэж тодорхойлдог нь зөвхөн зэс, нүүрс зэрэг уул уурхайн баялгаар нь хэмжиж харсан шалгуур биш юм. Хөгжих, эдийн засгаа өсгөх, нийгмийн томоохон бүтээн байгуулалтаа даах асар их байгаль орчны даац, чадавхи Монгол Улсад байнаа гэдгийг хэлж сануулсан хэрэг. Харамсалтай нь, бид өнөөдөр тэр боломжоо ашиглаж чадсан уу, хараахан чадаагүй байна. Манай орны байгаль орчны чадавхи, даац нь хэтэрчихээд улсын маань хөгжил зогсч, эдийн засаг нь хямраад байна уу гэвэл бас үгүй. Харин манай улсын эдийн засгийн бодлого ч, хувь хүмүүсийн үйлдэл ч байгаль орчиндоо хэтэрхий халтай байгаад л хамаг учир байна.
Монгол Улс байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх гарц шийдэлгүй болчихоогүй. Байгальд халтай хүрэн эдийн засгаас байгальд ээлтэй ногоон эдийн засагт шилжих нь Монгол Улсын тогтовортой хөгжлийн замын зураг, 2020 он гэхэд хүрэх зорилго гэдгийг бид НҮБ-ын төвшинд тунхаглан ажиллаж байна.
Хүрэн эдийн засаг аль болох богино хугацаанд эдийн засгийн ашиг олохыг илүүд үзэж бусад сөрөг үр дагаварыг үл тооцдог сул талтай. Харин ногоон эдийн засаг товчоор хэлэхэд, шилдэг технологи, сайн менежментийг хослуулж байгальд хамгийн бага хохирол учруулах, учруулсан тохиолдолд түүнийгээ нөхөн сэргээдэг тогтолцоо юм. Энэ бол хууль тогтоомжийн хүрээнд бодлогоор төр, засгийн төвшинд хийж эхлэх ажил. Засгийн газраас энэ бодлогын хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргасан бөгөөд тухайлбал, гол мөрөн, голын ус бохирдуулсан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох, шаардлагатай бол лицензийг нь цуцлах шийдвэр гаргаад байна. Мөн уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө батлуулахаас гадна дэнчингийн мөнгө урьдчилан байршуулж, нөхөн сэргээлтийн үр дүнг харгалзан буцаан олгох зарчим баримтлах талаар судалж байна. Утаагүй үйлдвэрлэл болох аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгаа тэтгэх, эрчим хүчний алдагдалгүй ногоон барилгын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих чиглэлд тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Байгаль орчин хүн төрөлхтний эрүүл амьдрах орчин, амьсаглах хүчилтөрөгч болохоос нэг хэсэг хүний, нэгэн үеийнхний амьдралын хэрэгцээг хангахад зориулагдсан нэг удаагийн санхүүгийн хэрэгсэл биш юм. Иймд цаашид алтыг нь авсан хоосон авдар, ухсан нүх үлдээхгүйн тулд манай Засгийн газар "Байгаль орчны сайн засаглал”-ыг илүү бодитой хөгжүүлэхийн төлөө ажиллана. Үүний тулд сайн боловсон хүчин, орчин цагийн шилдэг технологи, санхүүгийн зөв урамшуулал, нутгийн иргэд болон энд цугларсан Байгаль хамгаалах нөхөрлөлийнхөн Та бүхний хяналт хамгийн их хэрэгтэй. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулж ажиллах нь байгалийн нөөц баялгийг хадгалж хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чухал механизм болохыг бодлогын түвшинд тодорхойлж, эрх зүйн хувьд хуульчилж чадсан нь томоохон өөрчлөлт болсон билээ. Энэ хүрээнд Байгал хамгаалах нөхөрлөлүүд байгуулагдаж, улмаар нэгдсэн зохион байгуулалтад орж өөрсдийн санаачлагаар 2014 оноос Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо байгуулан ажиллаж байгаа нь менежментийн маш зөв хэлбэр гэж Монгол Улсын Засгийн газар үзэж, бас сайшааж байна. Жишээ нь, ойн салбарт гэхэд нөхөрлөлөөр хамгаалагдсан ой, нөхөрлөлгүй ой хоёр эрс тэс ялгаатай байгааг Та бид бүгдээрээ мэдэх болсон билээ. Дашрамд дурдахад ой, хээрийг түймрээс хамгаалах нь орон нутгийн удирдлагуудын үндсэн үүрэг болохыг хатуу сануулж, энэ ажилд урамшуулал, хариуцлагын механизмыг хослуулан хяналт тавьж ажиллахыг хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад онцгойлон анхааруулж байна.
Байгалиа, байгаль орчноо хамгаална гэдэг нь тойруулж хашаа хатгаад, хүний гар огт хүргэхгүй байхыг хэлэхгүй. Монголчууд бид зөвхөн амьдралын хэвшлээрээ нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн биш ээ. Бидний оюун санаа, сэтгэлгээ ч цаг үе, нийгмийн хэв шинжээ дагаад нүүдэллэж чаддаг. Орчин цагийн байгаль хамгаалал бол байгалийн баялгаа зөв, зохистой ашиглах явдал юм. Хүн эрүүл амьдрахад хүрээлэн буй орчин хамгийн чухал шиг, улс орон хөгжихөд мөнгө, мөнгө олоход байгалийн баялгаа ашиглахаас өөр сонголт одоогоор бидэнд алга. Манай улс өнөөгийн нөхцөлд байгалийн нөөц, баялагтаа тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох, дэмжихээс өөр аргагүй байна. Ингэхдээ аль болох байгаль орчиндоо хохирол багатай аргаар нөөцийг ашиглах, амьд байгалийн өөрийн нөхөн сэргэж байх нөхцөлийг хангасан үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Ингэж зөв бөгөөд зохистой ашигласан, дараа нь нөхөн сэргээсэн бол энэ нь байгаль орчны хамгийн сайн хамгаалал болно. Эдийн засгаа тэтгэж, улсаа хөгжүүлэхийн тулд уул уурхайн салбараа тэлэх хүслэн байхад, байгаль орчны сөрөг нөлөөгөөр хүний эрүүл, аюулгүй амьдралын орчин хумигдах хяслан бас зэрэгцэж байна. Хүсэл, хясал хоёрын тэнцвэрийг хангахад төрийн бодлогоос гадна иргэдийн оролцоо маш чухал. Ялангуяа манайх шиг өргөн уудам газар нутагтай орны хувьд нутгийн иргэдийн оролцоо нь байгаль орчноо хамгаалах, зохистой ашиглахад хамгийн хүчтэй хяналт болно.
Мөнгө үнэргүй ч, мөнгийг бохир, хөдөлмөр шингэсэн мөнгө үнэ цэнэтэй гэж манай ард түмэн ярьдаг. Байгаль орчноо сүйтгэж олсон мөнгө бол бохир мөнгө. Эх дэлхийгээ уйлуулж, ирээдүйгээ хорлож олсон тийм мөнгө эдийн засгийг тэтгэхгүй. Үр хүүхдүүдийн маань сайхан ирээдүйгээс үнэ цэнэтэй эдийн засгийн өсөлт гэж байх ёсгүй. Тийм учраас байгалийн баялгаа зохистой ашиглаж, байгаль орчноо нөхөн сэргээж олсон ийм мөнгө үнэ цэнэтэй бөгөөд өгөөжтэй байх болно. Тэр бол ирээдүйнхээ төлөө хийж байгаа бидний эерэг хөрөнгө оруулалт юм. Түүнээс бус, цөлжсөн талбай, хомсдсон усны нөөц, устсан ой, бохирдсон агаар үлдээх, өвлүүлэх эрх бидэнд байхгүй. Одоо бүгдээрээ ширгээснээ бус, сэргээснийхээ тоог хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч, зүтгэл гаргаж ажиллах ёстой. Ухая, олборлоё гэж байгаа хэсэг нь унаган төрхөөр нь эргэж сэргээх төсөвтэй, төлөвөлөгөөтэй, хамгийн гол нь сэтгэлтэй байхыг шаардаж ажиллая. Өөрөөр хэлбэл, хамгаалагдсан байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн хослол бол манай Засгийн газрын бодлого, баримталж ажиллах үндсэн зарчим байх болно гэдгийг хэлье.
Монгол эх орныхоо газар шороо, байгаль орчныг ариун төрхөөр нь хадгалан хамгаалж хойч үедээ өвлүүлэх эрхэм үйлсийг тэргүүлэх үүрэгтэй Та бүхний амьдралд аз жаргал, ажилд амжилт хүсье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл