Улстөрчид ч, нийгмийн идэвхтнүүд ч "...Ц.Даваацэрэн бол уналтад орсон олон уурхайг татаж босгосон чадварлаг менежер” хэмээн тодорхойлж байв. Өөрөө ч янзтай ярина. Гал цогтой гэж жигтэйхэн. Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоноосоо хойш сар гаруйхны дараа нэгэн сонинд "...Сүүлийн үед улс төрийн өнцгөөс, бизнесмэнүүдийн зүгээс Эрдэнэтийг "зоосны нүх”-ээр харж байна. "Энд хүн баяжихын тулд ирдэг” гэж ойлгож байна”, "...Зоосны нүхээр үйлдвэрийг маань харж байгааг би хэлсэн шүү дээ. Өнөөдөр ийм нүхээр харж байгаа хүмүүс нааш цувж байна. Хүмүүс уулзъя л гэх юм.
Тэгээд уулзахаараа хоёрхон л зүйл ярьдаг. Нэгд, ажилд хүн аваач, ажилд оръё гэж ярьдаг. Хоёрт, танайд юм нийлүүлье гэж байна”, "...Энд улс төрийн томилгоо хийгдэх ёсгүй” хэмээн ярьж байв. Энэ бүхнээс нь харахад, үнэхээр л зөв хүнээ тавьж дээ, "Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүйн 40 жил гялалзах нь гэсэн PR Монгол даяар явсан. Мөн ажил авснаасаа хэдэн сарын дараа үйлдвэрээ өргөтгөөд "Саалийн үнээ улам их сүүтэй боллоо” гээд л мэдэгдэж байсан. Ер нь бол "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувь заяа, жолоо цулбуурыг тун боломжийн боловсон хүчин атгажээ гэж нийгэм ойлгож байв. Гэтэл тийм биш ажээ.
Ажлаа авуутаа хийж байсан мэдэгдэл нь арай өөрөөр хэрэгжих болсныг зарим хэвлэл бичиж, цахим хуудсууд нийтэлсэн байна.
2014 оны дөрөвдүгээр сарын 19-нд shudarga.mn сайтад "...2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр 10-11 цагийн хооронд тус компанийн Цахилгаан цехийн цахилгааны монтёр Э, Б нар нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн Баяжуулах фабрикийн төв корпусын ил хуваарилах байгууламжийн дэд станцын тулгуурын хэлхмэл шаазан тусгаарлагчийг солих засварын ажлыг гүйцэтгэж байхдаа осолд орж, иргэн Э хүнд гэмтэж, Б нь нас барсан. Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Сум дундын 14 дүгээр шүүхээс Цахилгаан цехийн Шугам сүлжээ дэд станцын хэсгийн мастераар ажиллаж байсан ажилтныг л буруутган нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн. Сүүлийн үед "Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хүний амь нас эрсэдсэн хэд хэдэн тохиолдол гарч хариуцлагын тогтолцоо алдагдаж, хүнд суртал, шударга, бус байдал хэрээс хэтрээд байгаа. "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу нар удирдлагын ноцтой алдаа гаргаж байгаа тул хариуцлага тооцох ёстой гэж Орхон аймгийн АН-ын гишүүд үзэж байгаа юм байна.
Одоогоос жилийн өмнө хүний эрхийн үндэсний комисс тус үйлдвэр дээр шалгалт хийж, ажилтнуудын ажиллах нөхцөлд анхаарах, орос ажилчдад олгож буй валютын нэмэгдлийн зөрүү монгол ажилчдын цалин хөлсний нэмэгдэл хоёрын хооронд асар их зөрүү байгааг арилгах шаардлага тавьж байсан. Гэвч Ц.Даваацэрэн захирал тодорхой арга хэмжээ авалгүй өнгөрчээ” гэжээ.
Мөн 2015 оны зургадугаар сарын 9-нд www.mminfo.mn сайтад "...Хэдхэн хоногийн өмнө "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн даалгавраар тус компанийн хуулийн хэлтсийн орлогч дарга Б.Ариунзаяа тэргүүтэй хуулийн хэлтсийнхэн үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн менежерүүдийн ажилтай танилцаж, гэнэтийн шалгалт явуулжээ.
Б.Ариунзаяа тэргүүтэй Хуулийн хэлтсийнхэн Хангамжийн хэлтсийн менежерүүдийн суудаг ажлын байранд орж ирцгээн ерөнхий захирлын зааврыг үндэслэн, шалгалт явуулах албан тоот уншин, менежерүүдийг эгнээн зогсоогоод хүн тус бүрийн гар цүнх, халаасыг нэгжин, албаны бичиг баримт, үйлдвэрийн дотоод сүлжээгээр байнгын хяналтад байдаг компьютерийн файлууд, тэр байтугай гар утсан дахь зураг, бичлэг, мессэжүүдийг шалган сүрийг үзүүлжээ.
Монгол Улсын шүүхийн шийдвэргүйгээр хууль хүчний ямар ч байгууллага иргэн хуулийн этгээдийг цагдах, байцаах, иргэний болон ажил албаны нэр хүндэд нь халдах, гутаах, шүүх эрхгүйг АН-ын шахааны даргаар удирдуулсан хуулийн хэлтсийн ажилтнууд мэдэхээ байчихсан нь эмгэнэлтэй.
Хамт ажилладаг нөхдөө айлган сүрдүүлэгч тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн орлогч дарга Балдоржийн Ариунзаяа гэгч нь Ерөнхийлөгчийн төрсөн ахын хүүхэд гэх бөгөөд хуулийн чиглэлээр хувийн дээд сургууль төгссөн, 2012 оны сонгуульд АН ялж улмаар 2013 онд авга ах нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоны дараа гэнэт дэвшин хэлтсийн орлогч дарга болсон хэл ус ч үгүй, ойворгон, сүржигнэгч гэдгээрээ нэр сүр нь мандаж яваа залуу гэнэ” хэмээн нийтэлжээ.
Түүнчлэн www.today.mn сайтад "...Ц.Даваацэрэнгийн шахааны хүмүүс ихэвчлэн төрсөн нутаг Өмнөговь, нэгэн үес ажиллаж явсан Бор-Өндөр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдээс мэргэжлийн гэх нэрийн дор цуглардаг аж. Тухайлбал, Бор-Өндөрт хамт ажиллаж байсан н.Пүрэвсүрэн гэх хүн өдгөө "Эрдэнэт”-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд хамгийн итгэлт хүнээр нь шалгаран заларч, хүний нөөцийн хэлтэст Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хамт ажиллаж явсан н.Батдэлгэр сууж буйн зэрэгцээ ашигт малтмалын газар төрийн албанд мөр зэрэгцэн зүтгэж явсан орос нөхөр н.Владимир хэмээх найзаа мөн дэргэдээ авсан гэх мэтээр хошин түүхүүд дуусашгүй үргэлжилнэ.
Ц.Даваацэрэнгийн хамаг л ар өврийн ажлыг амжуулж явдаг үйлдвэрлэл хариуцсан орлогч захирал Д.Даваасамбуу гэх эрхэм "Land cruiser” 200 машинтайгаа явж байгаад Хөтөлийн цаана онхолдон, эгэм болон бусад ясаа гэмтээсний улмаас БНСУ-д эмчлүүлэхээр явсан байдаг. Ингэж явахдаа гараа боосон байдалтай казинод тоглож буй зураг нь олон нийтийн цахим хуудаснаа нийтлэгдэж, шүүмжлэл дагуулж байсан ч тэгсхийгээд замхарсан.
"Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын ярьж буйгаар өдгөө эл байгууллагад шахааны хүмүүсийн бүхэл бүтэн арми үүссэн бөгөөд өнгөрсөн онд хуучнаар "Строй инвест” компанийн барьж "Эрдэнэт”-ийн худалдаж авсан VI микрийн 16 давхар орон сууц эдгээр хүмүүсийн амьдран суудаг газар нь болжээ. Ингэж "Эрдэнэт” үйлдвэрт чемодан барьсаар ирж, гэнэт ажилд ордог шахааны хүмүүс маш богино хугацаанд байранд орж, унаа тэрэг хөлөглөн давхицгаадаг байдал нэгэнт дасал болсон” гэсэн байна.
Энэ мэтчилэн тааруухан мэдээллээр Ц.Даваацэрэн захирлын түүх сүүлийн үед сүрхий баяжжээ. Дээрээс нь нэмээд Орост төлөх ёстой дөрвөн жилийн ногдол ашгийн 100 гаруй сая ам.долларын асуудал гэнэт гараад ирлээ. УИХ дээр хэлэлцэж ярьсан болохоор мань эртэй ямар хамаа байна гэвэл эндүүрэл. Ногдол ашгийн мөнгийг хонь гэвэл хоньчин нь Ц.Даваацэрэн захирал юм. Бас Советын хурал дээр "Эрдэнэт үйлдвэрийг сэргээнэ, босгоно, үр өгөөжтэй байлгана” гэж байж ерөнхий захирал болсон хүн. Хаанаас нь ч харсан энэхүү ногдол ашгийг "маллах” үүрэгтэй албан тушаалтан.
Хэрэв Засгийн газар авч хэрэглэх гээд байвал сонин хэвлэлд ярилцлага өгдөг шигээ "Ард түмээн, энэ мөнгийг ингээд хэрэглэчихлээ. Орост өртэй болчихлоо” гээд мэдэгдчих ёстой байсан. Хэрэв тэгсэн бол өнөөдөр Ц.Даваацэрэнд жинхэнэ утгаар нь итгэж болох байлаа. Өдгөө УИХ хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлахаар "судалж” байна. Энэ гэрээг соёрхон баталсны дараа Совет хуралдана. Тэр хурал дээр Ц.Даваацэрэн захирал юу хэлэх вэ. "Би уг нь харж л байсан юм. Гэтэл манайхан аваад идчихсэн” гээд сууж таарна. Энэ бүгдээс улбаалсан уу, саяхнаас "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн суудал ганхсан талаар яриад эхэллээ.
Б.Дамдин-Очир
Зууны мэдээ
Сэтгэгдэл