ОХУ-д төлөх ноогдол ашгийг үрсний буруутан нь Ц.Даваацэрэн үү, ТӨХ юу?


 ОХУ-д төлөх ноогдол ашгийг үрсний буруутан нь Ц.Даваацэрэн үү, ТӨХ юу?Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд  уул уурхайн салбараас  шүүсээ барагдтал зүтгэсээр ирсэн  цорын ганц  хувьцаат компани  бол уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр.  Тэр утгаараа "саалийн үнэ” гэгддэг. 
 
Эдүгээ саалийн үнээ минь нэгдүгээрт,  дэлэн нь  хагарч цэврүүтээд шувтрах аргагүйд хүрсэн, хоёрт тугал нь өсч бяруу болсон учраас  хээр хоноод  ирэхээ байх нь.  Аргаа барсан эзэн нь сувайрсан үнээгээ идшинд явуулж, тогоо тослох нь зөв гэж заримдаа бухимдавч түүн шиг сүүний гарц сайтай үнээг дахин олоход бэрх тул   тамхи нэрж мод толгой зодолдуулсан шигээ тэнгэр ширтэн хэвтэхээс хэтэрсэнгүй.  
 
Тэгтэл өдөр бүр тослог сүүг нь худалдан авч  хөөрүүлэн өрөм тавьж, тараг бүрдэг төр гэх  цэцэрлэгийн хүүхдүүд цагаан идээгээ санан орилолдоход хөөрхий саальчинд байж суух газар үл олдоно. Харин  тэр хонхорт санаа амар байж  тогоогоо тослоно уу, зарж үрэх нь хэнд хамаатай юм хэмээн залгилсан сүүндээ хордчихоод "чацга тавин” цагираглаж хэвтээ хүн  бол хуучин эзэн нь.   
 
Яг ийм  байдалд   уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр орчихоод байна.   Төр гэдэснийхээ хэмжээг мэдэхгүй залгилсан сүүндээ хордсон тухай Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж УИХ-ын чуулганы нэгдсэн хурал дээр  анх мэдээлээгүйсэн бол  чацга тавин цагираглаж хэвтэх наад захын асуудал болох байлаа.  Бид л мэдэхгүй явсан болохоос биш   хувь эзэмшдэг Оросын талд өгөх учиртай  49 хувийнх нь ноогдол ашгийг 2012 оноос хойш өгөлгүй  явж иржээ.  Төрийн өмчийн хорооны даргын хэлсэн тоон баримтаар бол 2012, 2013 оны ноогдол ашиг гэхэд нийлээд 70 гаруй сая  ам.доллар гэнэ. 2014 оны тухайд улсын төсөвт сууснаар 70 тэрбум төгрөг гэнэ. 
 
Эдийн засгийн хямрал нүүрлэхээс өмнө тодруулбал, 2014 оны эхэн  үед  дэлхийн зах зээлд зэсийн үнэ есөн мянган ам.доллар руу дөхөж,  уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр  жилдээ 1.1 их наяд төгрөгийн борлуулалт хийн  татвар энэ тэрээ төлөөд 190 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллан Монгол Улсын төсөвт  жилд 600 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Одоо зэс  7700 ам.доллар хүртлээ  ханш нь унаж,  тэр хэрээр  эдийн засаг суларч буй. Ийм үед Орост 100 сая ам.доллар төлнө гэдэг  хэдий хэмжээний  эрсдлийг дагуулахыг  төсөөлөхөд ч бэрх юм. Мөн түүнчлэн Монгол Улс  хоёр улсын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гээд олон улсын арбитрын шүүхэд  өгчихвөл юу болох юм. 
 
Нөгөөтэйгүүр,  Монголын талын 51 хувийг Төрийн өмчийн хороо  төлөөлөн эзэмшдэг. Тэд юу хийж суусан улс вэ. Улс төрийн томилгоогоор албан тушаалд заларсан нөхдүүд "Төрийн халаас хоосорлоо” гэхээр  сандалтайгаа үлдэхийн тулд тусгай дансанд  байршуулсан байсан мөнгийг нь гаргаж өгөөд байсан байж таарах нь уу.  Эсвэл МАН төр барьж байх үеийн Ерөнхий сайд С.Баяр, С.Батболд нарын тарьсан балаг уу. Мөн түүнчлэн дансандаа мөнгөтэй байх үедээ ногдол ашгийг нь төлж байхгүй юу хийсэн юм бэ гэх асуултыг Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзоригоос  холбогдох албаныхан асуух нь дамжиггүй. Ямартай ч шаварт ойчсон шарын эзэн болох Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийн өгч тайлбараар  уг ноогдол ашиг банкинд тусдаа хадгалагдаж байж. Тэгтэл өнгөрсөн жил зэсийн үнэ унасан үед үйлдвэр мөнгөгүйдэж эхэлсэн тул дотоод төлбөр тооцоо,  газрын нөөц ашигласны төлбөрт тавиад туучихсан аж. 
 
Гэхдээ энд нэг өнцөг харагдаж буй. Энэ нь бидэнд буруу байхгүй. Оросын тал л маяглаж, лицензид өөрчлөлт орсны дараа Советоо хуралдуулж байж ноогдол ашгаа авна гэсэн шүү дээ. Үүнийг  нь бид  сүх далайтал үхэр амар гэдгээр ашиглаж орхисон хэрэг гэж албан ёсоор хэлээгүй ч хийж байгаа тайлбар нь өөрөө хэлснээс өөрцгүйгээр батлаад байгаа юм.  Нөгөөтэйгүүр, эл өр  сая л   хөндөгдсөнөөс бус эхэл ухлыг нь аваад үзвэл  С.Батболдын Засгийн газрын үеэс эхтэй. Түүнийг  өөгшүүлсэн, ашиглаж болох юм байна гэж үргэлжлүүлэгсэд нь  Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар.  Бас  өнгөрсөн хавраас дотоод төлбөр тооцоо, газрын нөөц ашигласны гэхээр  Ц.Даваацэрэн ч буруудана.  
 
Яамнаасаа том загнах болсон тэрбээр ажил хүлээж авсныхаа дараахан сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр жинхэнэ утгаараа ажиллаж байна.  Манай агуулахад 3-4 сар хэрэглэх сэлбэг материал байх ёстой. Нийт 140 тэрбумын үлдэгдэл байсныг 109 тэрбум болгож бууруулаад байна. Үүнээс 8.6 тэрбумын "үхмэл” хөрөнгө байснаас акталж, худалдаалж, шилжүүлсээр зургаан тэрбум болгон бууруулсан. Ер нь хангамжийн хэлтэст ажиллаж байсан ажилчдын арга барилыг өөрчлөх, тэр хүмүүстэй энэ чиглэлээр хариуцлага тооцох чиглэлээр ажиллаж байна. Өмнө нь хангамжийн хэлтэст ажиллаж байсан хүмүүсийг өөрчилж, үйлдвэр дотроосоо туршлагатай хүмүүсийн дунд сонгон шалгаруулалт хийж, хангамжийн мэргэжилтнүүдийг шинээр томилсон. Зөвхөн бараа материалын үнийн зөрүүнээс 34.9 тэрбум төгрөгийг хэмнэсэн. 
 
Хэдийгээр цахилгааны үнэ 30 гаруй хувиар, төмөр замын тариф 10 хувиар өсч, усны үнэ нэмэгдсэн ч үйлдвэрийн хамт олон хэмнэлтийн бодлогоо сайн барьж ажилласны үр дүн юм шүү дээ” хэмээн том дуугарч байсан.  Тэгвэл тэр хэмнэсэн мөнгө тань үйлдвэрлэлийнх нь  зардалд хүрэлцэхгүй байсан юм бол  Төрийн өмчийн хороо болоод холбогдох яам, тамгын газартаа хандахгүй яасан юм. Ингээд учиг олоод хөөхөөр Төрийн өмчийн хороо ч бас хамтдаа унаж  мэднэ.  
 
Үнэн хэрэгтээ Төрийн өмчийн хороог 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс татан буулгах болсонтой холбогдуулан дээрх мэдээллийг гэнэт яагаад ил гаргаж, зарлах болов  гэдэг нь ч  өөрөө  сонирхол татаад эхэллээ.   Энэ бүхнээс харахад, үйлдвэр үнэхээр 100 сая ам.долларын өрөнд уначихжээ.  Идэж уусан юм хойно төлөх л болно. Харин яаж, ямар эх үүсвэрээр гэдэг  нь өвдөж ядаж байгаа толгойг улам янгинуулах нь бололтой. Ийм нөхцөл байдал бүхий уснаас хэрхэн яаж хуурай гарах талаар дээр дооргүй л бодож боловсруулж суугаа биз.  
 
Миний олж харснаар  Оросын тал руу чихэх л үлдэж байх шив. Тодруулж  хэлбэл,  Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа, хуваах ашгийн талаар 2013 оны хэлэлцээрт  "Оросын талын хувьцаа эзэмшигчийг  төрийн өмчит "Ростех”-д шилжүүлэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан явдал л бидний авралын гарц юм. Ингэж  хэлэхийн учир барууны орнууд  Орост хориг тавьчихсан байгаа шүү дээ. Тэгэхээр хориг тавигдсан улсад ноогдол ашиг өгөх нь Монгол Улсын нэр хүндэд харш гэдгээр хугацаа хожиж болох юм даа. Ядаж биднээс  үлдсэн 51 хувь дээрээ гэдийгээд үлдэх ухаан гарах байлгүй дээ. 
 
Ч.Чулуунцэцэг
Эх сурвалж:"Монголын мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.