МЭНДЧИЛГЭЭ
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны гишүүд болон хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчид, ажилтан ажилтнууд Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.
Нийгмийн хоточ нохой, цаг үеийнхээ сэрүүлэг нь байх үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн сэтгүүлзүйн салбар хөгжлөө даган улам бүр шинэчлэгдэж мэргэжлийн, мэргэшсэн, хариуцлагатай сэтгүүлзүйг төлөвшүүлэхийг зорьж, техник технологийн дэвшлийн нөлөөгөөр цахим мэдээллийн хэрэгслийн "алтан үе”-тэй золгоод байгаа билээ. Өнөө цагийн хэвлэл мэдээллийн өнгийг цахим сэтгүүлзүй, вэбсайтгүйгээр төсөөлж, тодорхойлох аргагүй юм.
Иймд бид салбарынхаа хүрээнд нэгдмэл байр суурьтай байж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө эв эеийг эрхэмлэж ажиллах нь чухал байгааг онцлон тэмдэглэхийн ялдамд зохиогчийн эрхийн зөрчилгүй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, шударга үнэний дуу хоолой болж ажиллахыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.
Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын эрх чөлөө биш. Энэ бол эх орон, тусгаар тогтнол, ард иргэд, хүн бүрийн эрх чөлөөний үндэс-Мэдэх эрх, хардах эрх, мэдээлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, Таны эрх чөлөө юм.
Хэвлэлийн эрх чөлөө мандтугай!
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны
Ерөнхийлөгч Болодын Мөнхдөл
2017 оны 05 дугаар сарын 03
Сэтгэгдэл