Үнэндээ иргэд МХЕГ-т ам муутай байдаг. Гэвч мууд муухай, муухайд улцан нэмэр гэдэг шиг л юм боллоо. Учир нь тус газрын ажилтнууд өөрийн танил талаараа дамжуулан барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, стандартад нийцээгүй барилгыг хүлээж авах зэрэг олон хуудуутай, но-той үйлдэл гаргадаг нь нууц биш.
Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Нүхтэд барьж байсан барилга нурж, олон хүн гэмтэж, нэг нь газар дээрээ нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан билээ. Үүгээр ч зогсохгүй хууль бус барилгын ажлаас болж иргэд гэмтэж бэртсэн тохиолдол маш олон. Хамгийн гол нь эдгээр даварсан барилгын компанийн үйл ажиллагааг зогсоох эрх нь МХЕГ-ын дарга Р.Содхүүгийн гарт байдаг. Гэтэл энэ ажилдаа ул суурьтай хандаж чадаагүйгээс 12 настай охин амь насаа алдсан. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ.
Мэдээж барилга барьж байсан компаниас гадна МХЕГ-ын дарга Р.Содхүү ч холбогдох ёстой. Тухайн үед хууль бус барилга гэдгийг нь мэдсээр байж шаардах хуудас төдийхөн өгч, тэднийг аргацааж байсныг юу гэж ойлгох вэ. Өнгөрсөн хугацаанд тус барилгын ажлыг зогсоо гэж ганцхан удаа шаардах хуудас өгсөн байна билээ.
Хэрэв ямар нэгэн танил талгүй хүн барилгын ажил эхэллээ гэхэд тус газрынхан шууд очоод зогсоох арга хэмжээ авчихдаг. Харин ар томтой хүмүүсийн барилга хэдий зөвшөөрөлгүй, хууль бус байлаа гээд МХЕГ-ын шаардах хуудсыг үл тоон сүндэрлэдэг "заншилтай” болсон.
Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнгээс дээрх барилгын ажлыг яагаад өдий болтол зогсоож чадаагүйг асууж тодруулсан юм.
-"Төгс бүрэн” ХХК-ийн барилгыг хууль бус гэдгийг мэдсээр байж яагаад танай зүгээс арга хэмжээ аваагүй юм. Зөвшөөрөлгүй баригдаж байсан гэдэг нь үнэн биз дээ?
-Бид "Төгс бүрэн” ХХК-ийн удирдлагуудад хууль бус барилгын ажлаа зогсоо гэж мэдэгдээд шаардлага хүргүүлж байсан. Шаардлага хүргүүлж байхад тус компанийн барилга гурван давхар болсон байсан. Харин одоо долоон давхар болгосон хойно ийм том осол гаргаж, хүний аминд хүрсэн нь харамсалтай байна.
Хэрэв тухайн үед бидний тавьсан шаардлагыг хүлээж авсан бол ийм зүйл болохгүй байсан. Зөвшөөрөлгүй барилгад манайх хяналт тавих ёсгүй. Зөвхөн үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл л хүргүүлдэг. Тухайн компани мэргэжлийн байгууллагаас албан ёсны бичиг ирсэн байхад зогсоох үүрэгтэйг тэд сайн мэдэж байгаа. Одоо ч бас зөвшөөрөлгүй хоёр барилгын компани үйл ажиллагаагаа явуулсаар л байгаа.
-Тэгэхээр та бүхэн өдий болтол шүүхэд хандаагүй гэсэн үг үү?
-Манайх хуулийн хүрээнд ажлаа явуулдаг байгууллага. Тиймээс шүүхээс бичиг баримт баталгаажсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба арга хэмжээ авдаг журамтай. МХЕГ-ын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ажлын хэсгээс шийд гаргасны дараа тодорхой хариулт өгөх боломжтой.
Энэ бол НМХГ-ын даргын хайнгадуухан хариулт. Ямартай ч түүний хэлж байгаа үг хэн ч сонссон үнэхээр өрөвдөлтөй байсныг хэлэх хэрэгтэй. Хэрэг болохоос өмнө тэд жирийн иргэдэд гаргадаг шиг дарамт шахалтаа үзүүлж байсан бол өдийд тэр балчир охин ээж, аавтайгаа хамт инээж хөөрөөд явах байв.
Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хөөрхий охин тархиа бяцлуулсны дараа Р.Содхүү дарга сая нэг юм ажлын хэсэг байгуулж байна. Үүнийг инээдтэй гэх үү, эмгэнэлтэй гэх үү. Хатуухан хэлэхэд тус байгууллагын ажилчид нь танил талаараа дамжуулж орсон хэсэг нөхөд байдаг гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай нэр устай нь дурдаж байсан.
Иймээс төрийн албыг хувийн компани мэт үздэг Р.Содхүү дарга хүний балчир охины амь насыг авч одсоны дараа ухаарна гэж лав байхгүй. НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн ярьж буйгаар дахиад хоёр ч зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоож дийлэхгүй байна гэсэн. Тэгэхээр хотын дарга Э.Бат-Үүл энэ хууль бус барилгын ажлыг эхнээс нь шалгаж зогсоох гэж байгаа нь тун сайшаалтай.
Халаа сэлгээ хийж буй энэ үед МХЕГ-ын байгууллагыг үндсээр нь өөрчилж, ажил хийж чаддаг хүмүүсийг сонговол яасан юм бэ. "Баатар” дарга үүнийг аль хэдийнэ харчихсан байгаа гэдэгт Улаанбаатар хотын иргэд бид найдаж байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин”
Сэтгэгдэл