Юуны өмнө эрхэм жүжигчид маань үүнийг эсэргүүцлээ гэж үзвэл их урлагаасаа урваж байгаа хэрэг юм шүү гэдгийг дурдаж хэлэх нь зүйн хэрэг. Нөгөө талаар өөрсдийг нь олонд таниулж, амьдрал ахуй, авьяас чадварыг нь өрдөж өгсөн ард түмнээсээ урвалаа гэсэн үг. Яагаад гэхээр бид ард олны үгийг дамжуулж байгаа хэрэг.
Сонгох бас сонгогдох эрх тэгш хуультай Монгол Улсад бид хэнийгээ дэмжиж, хэнийгээ дэмжихгүй байх нь гагцхүү бидний эрх. Үүнийгээ хуулиар баталгаажуулж, бас хамгаалуулсан бүрэн эрхт улсын иргэн шүү дээ бид. Саяхан болж өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хүрээнд манай урлаг соёлын алдартнууд нэр дэвшигчдийг даган ажлаа алдав. Ажлаа алдав гэсний учир нь тэд маань нэр дэвшигчдийнхээ буруу зөвийг нь ажаад ард түмэнд урлагаараа дамжуулан илэрхийлж байх ёстой улс юм л даа. Ерөөсөө нийгмийн нэг чирэх гол хүчин зүйл нь урлаг мөн байж таарна. Ихэнх мэргэд ч ийн айлдсан нь зөндөө л таардаг байх. Харин манай урлаг соёлынхонд бол тэс өөр, хэн нэгэн нэр дэвшигчийг дагаад явна. Тэр тусмаа энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар манай хошин шогчдын баг МАН-аас нэр дэвшигчийг чамгүй дэмжлээ.
Олны ярих нь манай хошин шогчид Ерөнхийлөгч болох хүнийг дэмжээд өнөөх Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртэхээр явдаг юм байх. Зарим нь хэлэхдээ манай жүжигчид намуудтай гэрээ хийж, нэр дэвшигчийг массын хүрээнд дэмжээд хэрвээ Ерөнхийлөгч болвол Гавьяат жүжигчин цолоо авна хэмээн барин тавин ярьж байна. Болж байгаа процессыг харвал худлаа гэх зүйл ч харагдахгүй л байна лээ. Ийм байвал урлагийн мөн чанар ч алдагдаж дуусна даа. Хүмүүсийн энэ байр сууринаас харвал хошин шогийн жүжигчин Г.Ундармаа, жүжигчин Ц.Цэрэнболд нар гавьяатад горилсон бололтой. Гэвч эхний оролдлого бүтэлгүйтэж, дахин санал хураалт явуулахаар болчихлоо. Энэ бол ид хийж бүтээх насны жүжигчдэд эмгэнэлтэй л явдал юм. Хэрвээ дэмжээгүй нөхөр нь Ерөнхийлөгч болчихвол тэдний мөрөөдөл талаар болно гэсэн үг үү. Энэ ч яахав, хамгийн гол нь урлаг соёлын салбарынхан ийнхүү нэг нэр дэвшигч дагаад эрх ашгийн төлөө сонгуульдаад байвал өнөөх театр тайз нь эзгүйрээд, сүүлдээ жинхэнэ үзэл бодолд, мөн чанарт тулгуурласан уран бүтээл үгүй болно гэсэн үг. Нэг хошин шогийн хамтлаг нэг намыг дэмжээд тохиролцоод явлаа гэж үзэхэд эргээд тэд хэний тухай ямар зүйл дуугарч чадах вэ.
Дэмжсэн нам нь Төрийн эрх барьчихаад хууль зөрчөөд байдаг, хошин шог болон бусад тоглолтоороо нийгмийг шүүмжилж байх ёстой хошин шогчид маань хууль зөрчөөд байгаа Төрөө магтаад л инээлгээд байх болж байна. Мэдээжийн хэрэг ийн хэлж бичлээ гээд Г.Ундармаа нар "би үзэл бодлынхоо дагуу сонголтоо хийж байна” гэх байх. Хэдийгээр тийм ч гэлээ болохгүй зүйл гэдгийг тэдэнд СУИС заасан байх ёстой. Хэн нэг нь онолдоогүй ч олон сайхан жүжигчид найруулагчид ой тойнд нь ортол хэлсэн байх ёстой.
Тэр тусмаа "хошин шогт худал зүйл байхгүй” гэсэн үг бий. Гэтэл өнөө цагт хамгийн худал зүйлийг хошин шогчид олонд толилуулах ийм нөхцөл байдал үүсч байх шиг. Ямартай ч "Хошин шог нь гүнзгий мэдрэмжийн хурц ухаан мөн” хэмээн Ф.М.Достоевский хэлсэн байдаг юм шүү. Дээрх нэр дурдсан жүжигчдээс гадна хошин шогч Л.Баттулга,Т Бархүү гээд жүжигчдийн цуваа үргэлжилнэ. Тэгэхдээ сонгууль эцсийн байдлаар дүнгээ гаргаагүй, дахин санал хураалт явагдана. Магадгүй дахин сонгууль ч болохыг үгүйсгэх арга алга. Юутай ч энэ удаад Г.Ундармаа нарын горилсон гавьяат талаар боллоо.
С.Баяр
Сэтгэгдэл