Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхнүүд


Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхнүүд

 

"Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн” хэмээх хэлц үг байдгийг монголчууд сайн мэднэ. Энэ үгийг хэн нэг нь зохиогоод хэлчихээгүй ажээ. Хаа холын 17-р зууны үед өрнөсөн өөрийн гэсэн үйл явдалтай, тэр нь ам дамжин яригдсаар байгаад үлгэр домгийн шинжтэй болжээ. Манж нар Монгол төрийн эрхийг урвагч ноёдоор бататгаж, монголчуудын хийморь сүлд болсон Төв Халхын даншиг наадмын морь, бөхийн түрүү магнайг авахаар санаархаж эхэлжээ. Даншиг наадмын сураг гараад удаагүй байтал энэхүү наадмын түрүүг авах нэг их хурдан хүлгийг манжууд онцын харуул хамгаалалттай Төв Халхад ирүүлсэн байна. Энэ тухай дуулж сонссон Заяын гэгээнтэн өөрийн нутгийн Боролдой хэмээх хашир шинжээч өвгөнд хаанаас ч хамаагүй хурдан хүлэг олж ир гэж зарлигджээ. Боролдой өвгөн өмнө нь Тэсийн голын унага хурдан гэж дуулсан байж. Тэгээд Булнайн нурууны арыг давж Тэсийн голын эхээс адис авч уснаас нь уугаад цааш явж байтал нэг айлын гадаа үс даахиндаа баригдсан бор саарал зүсмийн, үсээ гээгээгүй хонины бор морь уяатай байх нь нүдэнд тусчээ. Очиж үзвэл үнэхээр хурдан хүлэг, морин эрдэнэ байх нь тэр. Тиймээс тэрхүү морийг хөтөлгөө мориороо сольж авсан байна. Өвгөн олсон олзондоо баярлан явсаар Тэрхийн голд нэгэн ядуу айлд буувал өвгөн, эмгэн хоёр түүнийг ихэд хүндэтгэж цай идээ болж чадах ядахаараа дайлжээ. Энэ айл хувцас хунар муутай ч үзтэл үнэхээрийн үзэсгэлэн төгс, буян заяа тэгш эм хүний шинж бүрдсэн 18 орчим насны ганц охинтой болохыг Боролдой өвгөн анзаараад хоёр хөгшинд эргэж уулзахын ерөөл тавиад аян замд гарсан байна. Тэгээд нутагтаа ирээд мөнөөх үст саарал морио наадамд уяжээ. Үст саарал морь манж ноёны хурдан шаргыг бараагүй хаяж түрүүлж ирсэнээр "Тэсийн голын унага” гэдэг хэлц үг гарсан байдаг. Наадмын хөл намжсан намар цагийн эхээр Боролдой өвгөн үст саарлынхаа түрүү магнай болсон баярт мэдээг төрсөн нутаг ус, Тэсийн гол, түм олон, эзэн хүнд нь сонсгож, өргөл өргөхөөр хүү Туулайхүүгээ дагуулан морджээ. Холын замд мордсон өвгөн явах газрынхаа тэхий дунд байх Тэрхийн голоор нутагтай, өмнө нь танилцаж байсан мөнөөх үзэсгэлэн төгс охинтой өвгөнийд хоног тааруулжээ. Туулайхүү тэрхүү бүсгүйтэй харц мөргөлдөж жиг ургаад явчихыг хашир өвгөн Боролдой анзаарсан тул Тэрхийн голд амьдардаг хоёр хөгшиний ганц охиныг бэр болгохоор тохиролцоод харьжээ. Энэ явдлыг сонссон Заяын гэгээнтэн ч бэр буулгах ажлыг бузгай сайн гүйцэтгэсэн гэдэг. Найрын эхэнд суух Боролдой өвгөн сархданд халамцаад сэтгэл нь ихэд хөөрч "Манж амбантаны тэнэг санаа, манай гэгээнтэний цэцэн санаа хоёрын дундаас би хожлоо” гэхэд хурсан олон "Яаж хожив, яаж хожив” гэж ирээд л шалгааж гарчээ. Тэгмэгц өвгөн "Би чинь Тэсийн голын унаган хүлэгтэй, Тэрхийн голын хүүхэн бэртэй боллоо шүү дээ” хэмээжээ. Тэр цагаас хойш халхчуудын дунд "Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн” гэдэг хэлц үг бий болсон бөгөөд үнэхээр ч нэг үе Тэсийн гол хурдан хүлгээрээ, Тэрхийн гол сайхан хүүхнээрээ Ар халхад магнайлж байсан удаатай юмсанж.

Дашрамд хэлэхэд Тэсийн гол нь бас өөрийн гэсэн домогтой. Нэгэн үзэсгэлэнт бүсгүй сэтгэлтэй залуутайгаа гэрлэж амжилгүй хөгшин ноёнд богтлогдох болжээ. Тэгээд тэр, "Уужим хорвоод гэрлэж болохгүйгээс хойш Ус болж урсах юмсан Нууцхан амрагтайгаа ханилж чадахгүйгээс хойш Нуур болж тогтох юмсан” гэж дуулсаар Булнайн нуруунд гарч булаг болж урссан гэх бөгөөд ухаандаа хөгшин ноёнд очихгүй гэж хөндлөн гулд урсахдаа тэс ондоо тийшээ мяралзан оджээ. Нууцхан ханилсан залуу нь нуур болоод хүлээж байя гэсэн тул гоёл чимэглэлээ зүүгээд голдрилоо даган дэргүүлж гэнэ. Зуйгуул хүнд баригдахгүй гэж замаа өөрчлөн урсчээ. Зангаа хэзээ ч хувиргахгүй гэсээр заавал түүндээ очсон гэнэ. Тэс ондоо тийшээ урссан тэр голыг "Тэс” гэж нэрлэсэн гэх бөгөөд нууцхан амраг нь Увс нуур ажээ. Цэцэрлэг сумын цаахантай байдаг хус, гацуур, шинэс, бургас холилдсон бага шиг төглийг тус нутгийнхан Тэсийн голын гоёл гэж билэгшээдэг ажээ.

Арын сайхан хангайн Тэрхийн голын үе үеийн хүүхнүүд царайлаг сайхнаараа олон түмэнд шагшигдсаар ирсэн түүхтэй билээ. Энэ хавиас Халхын аль ч хошууны ноёд баяд бэр гуйх буюу их, бага хатад буулгаж авах нь их байжээ. Тэр ч байтугай 8-р Богдын үед "Тэрхийн голын хүүхэн” хэмээх хэлц үг улам хүчээ авч, Архангайн Тэрхийн цагаан нуураас Богдын ордонд царай зүс, бие хаа сайтай 18 шивэгчин 12 настайгаасаа ирж 32 хүртэлээ үйлчилсэн гэдэг билээ. Ордны шивэгчин болно гэдэг нь тийм амар биш, царайлаг, нуруулаг байхаас гадна янагийн эрдэмд төгс боловсорсон байх ёстой. Тиймээс Богдын шадар туслахууд шивэгчингүүдийг шилж сонгож авахдаа маш нарийн сонголт хийдэг байжээ. Аливаа шивэгчинг 32 нас хүрмэгц нь ордоноос тусгай цалин пүнлүүтэйгээр халж ноёдын гэрийн үйлчлэгч болгодог, эсвэл мөрөөр нь орхидог байж. Гэвч 20 жил янаглахуйн эрдэмд нялхарсан хүүхнүүд жирийн амьдралаар явна гэж бараг үгүй. Ер нь Богдын ордноос л Нийслэл хүрээний дууч эмсийн давхраа бий болсон гэдэг билээ. 8-р Богдын үед Архангайн Тэрхийн голоос "Ухаа хонгор” Юмнэрэн хэмээх үзэсгэлэн төгс бүсгүй Богдын ордонд шилэгдэн очиж байсан түүхтэй.

Мөн Тэрхийн голоос "Гоё ажаа” хэмээх хочит Янзага хатан халхад нэр алдраа дуурсгаж байв. Хорьдугаар зууны эхэн үед амьдарч асан халхын цуутай хүүхнүүдийн нэг бол Янзага хатан мөнөөсөө мөн. Учир нь Янзага хатан манай зарим зохиолчийн бүтээлд мөнхөрчээ. Нутгийн нэртэй баян Дансранжавын ганц охин Янзагыг 17 настай байхад нь Тариатын хүрээнээ Майдар цам үзэж явсан Заяын гэгээн Жамбацэрэн олж хараад түүнд бэлэг сэлт өгч явсан гэдэг. Тариат, Цахирын хүрээний харчуудыг лам харгүй хуйлруулж явсан Янзага бүсгүйд нутаг усныхан нь төдийгүй холын хошууныхан ч сүй тавьдаг байж. "Гоё ажаа” сайхан хүүхэн төдийгүй бусдаар тоглоом тохуу хийж наргидаг, их наргианч даажинтай нэгэн байжээ. Нэг удаа нутгийн ноёны агь найран дээр "Гоё ажаа”-д сэтгэл алдууран сээтгэнэхэд Янзага "Та надтай уулзахыг хүсвэл хоёулаа морьтой уралдъя. Таныг түрүүлбэл би уулзана” гэжээ. Цаадах нь ихэд баясаж "Тэгье л дээ” гээд мориндоо мордоод ухасхийтэл эмээлтэйгээ сугаран унажээ. Учир нь "Гоё ажаа” ноёны агийн морины эмээлийн олмыг амжаад тайлчихсан байж. Янзага хүүхэн бага залуудаа нутгийн савсаг, хүүхэмсэг харчуудыг янз бүрийн аргаар чаддаг байсан бөгөөд түүнтэй багадаа тоглож өссөн нэгэн дүрсгүй лам залуу тоглоомонд нь оролцон тусалдаг байж. Жишээ нь тэр Янзагын унтдаг бага гэрт эмэгтэй хүний хувцас өмсгөл, зүүсгэл зүүгээд харчуудыг хүлээж хэвтэх бөгөөд савсаг харчуул харанхуй гэрт орж ирээд Янзагыг орлон тоглогч ламыг элдвээр чангаана. Тэгэхэд нь мань лам эмэгтэй хүн шиг янаглан элдвээр аягладаг байсан бөгөөд цаадуул нь улайран ноцолдох үед хажуудаа байсан түмпэнтэй үхрийн баасаар нүүр нүдгүй шавж орхингоо чанга дуугаар хашгирна. Тэгмэгц Янзага хүүхэн зарцын хамт гаднаас гүйн орж ирээд мөнөөх савсаг эрийг нүүр хий газаргүй болгох жишээтэй. Олон арван савсаг эр ийнхүү үхрийн баасаар нүүрээ шавуулж байсан гэдэг. Нэг удаа нутгийнх нь баян тайж тэднийд ирж дайлуулаад нэлээд согтжээ. Үдэш болох үеэр баян тайж Янзагыг гарч уулзъя гэж нүд ирмэсэн байна. Тэгээд уулзмагцаа түүнд алтан ээмэг бөгж атгуулж, Янзага хүүхэн ч бэлэг сэлтэнд нь талархсан дүр үзүүлээд шөнө нь нууц дохиогоор учрахаар тохиролцжээ. Янзага түүнд хандаж "Би аавын орны өмнүүр унтана. Таны хуруунаас нарийн утас уячихаад нөгөө үзүүрийг нь би өөрөө атгаад хэвтэнэ. Таныг утаснаас чангаахаар би дохиог чинь ойлгоод таны өвөрт яваад орчихъё” хэмээжээ. Сайхан хүүхэн өвөртлөхөөр болсон тайж их л баясгалантайгаар баруун орон дээр буруу харж хэвтээд Янзагын өгсөн утасны үзүүрийг атгаад худлаа хурхирч гарсан байна. Харин Янзага өөртөө байгаа утасны үзүүрийг аавынхаа хүзүүн дэх сахиуснаас сэмхэн уячихаж. Төдөлгүй өөхөн дэн унтарч хүмүүс нойрсох үеэр өнөөх савсаг тайж утсаа таттал цаад хүн нь ер ажиггүй байв гэнэ. Гайхсан эр хэд хэдэн удаа хүчтэй таттал "Хэн бэ?” гэх ууртайхан дуу гарч Янзагын аав өндийгөөд иржээ. Эхнэр нь сандран дэн барьтал савсаг тайж өндийгөөд суучихсан утасны үзүүрээс дугтарч суусан гэдэг. Тиймээс Янзагын аав "Энэ одоо юун утас вэ. Хүн унтуулахгүй хаашаа янзын золиг вэ. Чи ер нь ямар санаа агуулаад байна аа” гээд тайжийг хөөгөөд явуулсан гэдэг. "Гоё ажаа” гучин нас хүртэлээ хүнтэй суулгүй энэ мэтээр савсаг эрчүүдийг дамшиглаж, бас шунал тачаалыг нь хөдөлгөж байсаар нутгийнхаа нэгэн уртын дуучин, бөх залуутай гэрлэж, үрээр өнөр, үрээгээр баян, түүнчлэн нутгийн олондоо "Гоё ажаа”, "Янзага хатан” гэх мэтээр авгайлуулсан шиг сайн сайхан амьдарч байгаад жар гаруй насандаа бурханы оронд оджээ.

Дээхэн үед Архангайн Тамирын гол, Тэрхийн голоор нутаглаж явсан Магаддарь хэмээх сайхан бүсгүй Манж, Монголын түүхэнд нэрээ үлдээсэн байх аж. 18, 19-р зууны үед Манж нар Ар халхын ноёдыг урвуулж авахын тулд юуны өмнө үзэсгэлэн төгс гүнж нараараа урхиддаг, зарим ноёдыг бүр хайртай хатнаас нь салгаад хүчээр Бээжинд аваачиж суулгадаг байжээ. Ингэж Манжийн хүргэн болсон ноёдыг "Эфү” гэж нэрлэсээр ирсэн түүхтэй. Тэрхийн голын сайхан хүүхэн Магаддарийн эр нөхөр Наянт ванд иймэрхүү хувь заяа тохиож, сайхан хань Магаддариасаа аргагүйн эрхэнд салж сарниж байсан түүхтэй юмсанж. 1984 онд хэвлэгдсэн "Монгол ардын уртын дуу” хэмээх номонд "Уртын сайхан хүрэн” хэмээх дуу бий. "Уртын сайхан хүрэн минь, Уужмын холоос гишгэгдэлтэй зэ, Уйдашгүй та нараасаа, Ийм л хол суудаг билээ зэ” гэж эхэлдэг. Энэ дууг уг номонд тайлбарлахдаа "Наянт ванд Манжийн эзэн хаан өөрийн гүнжийг хатан болгож өгсөн тул тэрбээр арга буюу гүнжийн аясыг дагаж харийн нутагт одохдоо үзэсгэлэнт хатан Магаддариа гэрт нь буцааж, сайн түшмэл Мянганбуугаа орхин уртын сайхан хүрэн морио унаж явахдаа зохиосон” гэж өгүүлжээ. "Уртын сайхан хүрэн” дууны өөр нэг хувилбарт,
"Хол Бээжинд суудалтай билээ зэ
Хоёр богд дүүтэй байлаа
Гурван Тамир нутагтай билээ зэ
Гурван богд дүүтэй байлаа
Манжийн хааны гүнж байвч
Магаддарийг минь гүйцэх үү дээ
Манжийн хиа олон боловч
Мянганбууг минь гүйцэх үү дээ” хэмээжээ. Энэ нь хүний нутагт хичнээн сайн сайхан амьдравч уугуул ус, суугуул нутаг, хань ижил, хамтран зүтгэгчдээсээ дайжсан нь хичнээн гунигт явдал болсоныг илчилмой.

Сайн ноён хан Намнансүрэнгийн өргөөнд Нэнсэндэн хэмээх үзэсгэлэн төгс бүсгүй залагдаж явсан бөгөөд энэ нь Догшин цоохор ноён Төгс-Очирын их хатан Цогтдарийн хүү, Ренчинсаш гүнгийн хатан байв. Тэрбээр домогт Тэрхийн голын сайхан хүүхэн байж. Нэг удаа Нэнсэндэн хадам эх Цогтдарь хатныг элдэв муу үйл хийгээд байгаа талаар сэжиг авч, улмаар Намнансүрэн ханыг говиор явах үед нь зориуд бараалхаад "Хүмүүсийн сэтгэл эргээд байна. Ах минь биеэ бодоорой” гэж айлтгахад Намнансүрэн хэлсэнийг нь урвуулан бодолгүйгээр "Муу бэргэн дүү минь хол нутгийн хүн болохоор аав ээж, ах дүүгээ санаа юу. Миний дүү Арын сайхан хангайгаараа нэг яваад ирээч” гэж сэтгэл засах үг хэлж суусан гэдэг. Хожим Цогтдарь хатны хэрэг илчлэгдээд Ринчинсаш тэргүүтэй хүмүүсийг цаазаар авахуулахад Нэнсэндэн хатан "Ариун сэтгэлийг барьж Сайн ноён ханд аюулын дохио өгч байсан” гэдгээр цагаадаж байсан түүхтэй.

Ар Халхын тамгатай 13 хутагтын нэг, Арын сайхан хангайн 6-р Зая бандид Жамбацэрэнг 1932 онд улаан хувьсгалчид цаазаар аваачсан бөгөөд тухайн цаг үедээ Юндэн гөөгөө гэж шагшигдаж явсан энэ сайхан эрийг Архангайн Тэрхийн голын сайхан хүүхнүүд болох Чангаанз, "Улаан” Долгорсүрэн нар энхрийлж явсан байх аж. 1932 онд Зая бандид Жамбацэрэн тэргүүтэй "эсэргүү” нарыг шүүх хурал Нийслэл хүрээнд их л сүр дуулиантай болж, түүнийг харахаар хүрээний гангачуул хуйларч байсан гэдэг. Тэдний нэг болох Цэндсүрэн хэмээх бүсгүй хожим ийм нэгэн дурсамж үлдээжээ. "…Зая бандид Жамбацэрэн гэж халхын цуутай сайхан эр байлаа. Хүрээний хүүхнүүдийн нүдийг булаасан ганган залуу гэлцэн ам дамжин шивнэлддэгсэн. Би тэр хүнийг үзэхсэн гэж мөрөөдөж л явлаа. Тэгсэн чинь нөгөө Жамбацэрэн хутагт эсэргүү болж гэнэ. Орос клубт хэргийг нь таслах юм байна гээд л шуугицгаах. Тэр өглөө нь хар үүрээр босоод, гэрийнхнээсээ нуугдаж орос клубт очлоо. Хүн амьтан дүүрэн. Голдуу л залуу бүсгүйчүүд харагдана. Жамбацэрэн үнэхээр сайхан залуу байсан даа. Богино халимагтай, өндөр гоолиг нуруутай, удаан хоригдож гундсан ч гэлээ өнгөлөг, цэвэрхэн цагаан царайтай, сайхан эр харагдаж байсан. Шүүх хурлыг Гомбожав гэж хүн даргалж байсан. Шүүх цаазын бичгийг үндэслэн Зая бандид Жамбацэрэнг буудан алсугай гэж уншихад хуралд оролцогсод дуу алдан шогширч толгой гудайлган, зарим нь сэмхэн нулимсаа арчиж байж билээ” хэмээжээ. Хэн хүний хараа булаасан ийм сайхан эр хүн Халхын сайхан хүүхнүүдийн соруудтай учирч явсан нь ойлгомжтой. Тэрбээр эрийн цээнд хүрмэгцээ Тэрхийн голын "Улаан” Долгорсүрэн хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй дэр нэгтгэжээ. Хангай нутгаас төрж гарсан хутагтынхаа хатныг сонгохын тулд Зая гэгээний ойр дотны хүмүүс олон арван бүсгүйчүүдээс шилж сонгон байж "Улаан” Долгорсүрэнг тодруулж байсан гэдэг. Мөн Зая бандид эгч дүү Чангаанз, Цэрэнпил хэмээх сайхан бүсгүйчүүлтэй нэр холбогдож явсан байна. Архангай аймгийн уугуул, ахмад зохиолч, зураач, Соёлын тэргүүний ажилтан Сүрэнгийн Жүнш гуай Зая бандид Жамбацэрэнгийн талаар олон жил судалгаа хийжээ. Тэрбээр Зая бандидын хатан "Улаан” Долгорсүрэн, нэр холбогдож явсан Чангаанз, Цэрэнпил нарын тухай ийнхүү хүүрнэсэн юм. "…Хатан Долгорсүрэн бие нуруу тэгш шулуун, царай зүс тунгалаг, номхон даруу, монгол бүсгүйчүүдийн сайн шинж бүрийг шингээсэн нэгэн байв. Хутагтыг хий гүтгэгдсэнээс хойш бэлэвсэрч үлдсэн эхнэр "Улаан” Долгорсүрэн нь хүн ядарвал нутгаа, тураг ядарвал уулаа барааддагийн үлгэрээр танил тал, төрөл садангаа түшиглэн олон хүн цугларсан хот газрыг бараадсан байдаг. 1937 онд хүрээ хийд хаагдсаны дараа энэ хүүхэн Өнжүүлийн баян залуу Сэр-Од гэгчтэй нийлж зах дээр алт мөнгөний наймаа хийж байжээ. Тиймээс зарим хүн энэ хоёрыг Зая бандидийн үнэт зүйлийг зарж баяжсан гэж ярьдаг юм. 1939 онд Сэр-Од өөд болсоноор "Улаан” Долгорсүрэн Гандангийн лам байж байгаад цагчин болсон Балжир гэдэг хүнтэй толгой холбожээ. Балжир гуай уран гартай дархан хүн байсан тул маршал Чойбалсангийн цагийг засдаг байж. Зая гэгээнтэний дэргэд байсан туслах, бараа бологч шадрууд нь дан урлагийн авъяаслаг дуучин, хөгжимчин, ерөөлч магтаалч нар байсан бөгөөд бараа бологч Гочоо нь хуур, хуучир, шанз, лимбэ зэрэг монгол үндэсний бүхий л хөгжмөөс гадна мандолин, гармон зэрэг орос хөгжмийг ч гарамгай сайн хөгжимдөнө. Мөн өмнө нь Зая гэгээний аягачинаар ажиллаж байгаад эцэстээ эхнэр нь болж нэр холбогдож явсан Чангаанз гэх бүсгүй, түүний төрсөн дүү Цэрэнпил хоёр гарамгай шанзчин, дуучин байлаа. Чангаанз хүүхнийг Жимсгэнэ, Алимаа гэх мэт нэр дагалдаж, үйл амьдралыг нь янз бүрээр худлаа бичсэн байдаг юм. Би учрыг сайн мэддэгийн хувьд баримтад тулгуурлан үнэнийг хэлэхэд Чангаанз, Цэрэнпил хэмээх шанзчин, дуучин, урлагийн авъяастай, нуруу тэгш, царай зүс тунгалаг, хэн хүний нүдийг булаахаар эгч дүү хоёр хүүхэн байсан нь үнэн. Эгч Чангаанз нь гэгээнтэний аягачинаар ажиллаж байнга дэргэд нь үйлчилж, мөн дүү Цэрэнпил нь эгчийнхээ нөлөөнд гэгээнтэнтэй ойр дотно байж дуу хөгжмөөрөө баясган цэнгүүлж байсан болно. Эцэст нь эгч Чангаанз нь гэгээнтэний хатнаар нэр холбогдсон нь үнэн болно. Чангаанз нь засаг төр өөрчлөгдөн Архангай аймагт анх хүн эмнэлэг байгуулагдахад анхных нь сувилагчаар орж орос эмчтэй хамт ажиллаж байсан болно. Мөн тус аймгийн төвд анхны улаан булан байгуулагдахад сайн дурын уран сайханчаар орж ший жүжиг болон дуу хөгжмөөрөө олныг баясгаж байсан болно. 1959 онд Архангай аймгийн төвд "Шинэ санаачлага” хэмээх клуб байгуулагдахад миний бие эрхлэгч нь болж байлаа. Тэр үед эгч дүү Чангаанз, Цэрэнпил хоёр сайн дураараа дуулж хуурддаг байлаа. Сүүлдээ дуу хуур нь аймгийн радио нэвтрүүлгээр цацагдаж, улмаар улсын радиогийн фондод орж улс даяар цацагдаж байсан юм. Тэр үед Чангаанз гуайн гэр бүл Ломбо, Цэрэнпил гуайн гэр бүл Шарав гэж тулхтай хүмүүс байсан юм. Энэ хүмүүс дал, наяад оны үед өөд болцгоосон. Зая гэгээнтэн маш цэцэн цэлмэг хүн байжээ. Түүний сайн анд, харгалзагч Аргалдай нь хотын сайхан хүүхэн рүү сэтгэл алдрахад Зая гэгээнтэн "Чамд саван үнэртсэн хүрээний ганган хүүхэн хэрэггүй, сааль үнэртсэн хөдөөний эхнэр хэрэгтэй” гэж зөвлөж байсан гэдэг. Халхын сайхан хүүхнүүдийн түүхийг бичиж буй Ойдов чамд энэ мэдээлэл маш хэрэгтэй шүү” гэж хэлсэн билээ.

Монголын түүхэнд Тариатын бослого гээчийг өдөөсөн гучаад оны эсэргүү нар Тэрхийн голын сайхан хүүхнүүдийг зүгээр байлгасангүй. Архангай аймгийн Тариат сумын харъяат, хэл бичгийн ухааны магистр С.Чулуунбат энэ тухай хүүрнэхдээ "Тэрхийн голын хүүхэн сайхан гэдэг үг эртний улбаатай бөгөөд гоо үзэмж, намба ухаан төгс бүсгүйчүүд өрх бүрт, жалга бүхэнд байсаар иржээ. Хожим эсэргүүний үед "Тунгаамал болор” шиг үзэсгэлэнтэй эгч дүү хоёр болох Маамаа, Цэрмаа гэгч байж. Гэтэл Эсэргүүний төв штаб гэгдэж байсан "Очирбатын яам”-н дээр тэднийг аваачиж "Дарь эх”-ээр тодруулж байсан түүхтэй…” гэсэн бол Тариат сумын харъяат, өндөр настан Б.Дашдорж гуай "Эсэргүү нарын гарт өртсөн сайхан хүүхнүүд зөвхөн хоёр гурваар тогтохгүй ээ. Эсэргүү нарын толгойлогч "Ногоон малгайт” Дамдинсүрэн, түүний гар хөл болох Самбуу дүвчин, Бор гэгээн Самдан, Ээмэгт лам, Түгж жанжин, Жур жанжин, Жамц жанжин нар Тэрхийн голын хамаг л сайхан хүүхнийг олзлон авч дор бүрнээ л "Дарь эх” гэж өргөмжлөөд садар самуун явдалд умбаж байсан түүхтэй” гэж өгүүлсэн юм. "Тунгалаг тамир” кинон дээр "Төрийн заан” Түгжил гэгч олзлогдож ирсэн гурван хүүхний нэгэнд хандаж "Чамайг Дарь эхээр өргөмжилье. Их зан гаргаад байвал Дарь эхийг чинь хусч хаяад шулам болгож орхино шүү” гэх маягийн юм хэлдэг. Энэ нь түүхэн бодит явдлаас сэдэвлэсэн дүрслэл байлаа.

Хэдийгээр Манжийн үеийн нэгэн домгоос үүдэлтэйгээр "Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн” хэмээх хэлц үг бий болсон ч тус нутгийн царайлаг сайхан хүүхнүүдийн явдал суудал нь өнө эртний улбаатай ажээ. Энэ тухай эрдэмтэн, судлаачид "Ой тайгын иргэд буюу Шинчи баян Урианхайн нэг салбар манай эриний арваас арваннэгдүгээр зууны үед нүүдэллэн Тэрхийн голын сав нутгаар суурьшсан нь өнөөгийн Тэрхийн цагаан нуур орчмын уугуул иргэд болно. Ийнхүү эртний Ариг уснаа төрсөн Алунгоогийн хойч хацар сайт, өнгө гоо эмс Тэрхийн голд удамшсан учир энэ болно. Хар Кидан, Найман аймгийн угсаа ч буй” гэж тодорхойлсон байдаг.

Эрт цагт Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны төв болж байсан Тариатын хүрээ нь одоогийн Архангай аймгийн Тариат сумын нутаг, Тэрхийн цагаан нуурын дээд бие Тэрхийн голын хөндийд төвлөрч байсан байна. Ер нь манай эрдэмтэн мэргэд Тэрхийн гол болон Тэрхийн цагаан нуурыг сайтар судалж үзүүштэй. Үүнтэй уялдуулж нэгэн түүх хүүрнэе. "Дайн өдөөсөн дурлал”, "Гоо үзэсгэлэнгээ зэвсэг болгосон хатан хаан”, "Хосгүй баатрыг хөлдөө сөхрүүлсэн үзэсгэлэнт бүсгүй” гэх мэтээр цоллуулж ирсэн эртний Египедийн сүүлчийн хатан хаан Клеопатрагийн гоо сайхны нууц нь Израйль улсын нутагт байдаг "Сөнөсөн тэнгис”-тэй холбоотой болохыг эрдэмтэд нотолжээ. Энэхүү тэнгисийн ус 40 хувийн концентранцтай бөгөөд хүний биед шаардлагатай олон төрлийн эрдэс давс агуулдаг болохоор хүмүүс эртнээс шавар, давсыг нь эмчилгээнд хэрэглэсээр ирсэн байна. Хамгийн сонирхолтой нь тэнгисийн ус маш их нягтралтай тул усанд сэлж чаддаггүй хэнбугай ч мандал дээр нь зүгээр хэвтэж болдог аж. "Сөнөсөн тэнгис”-ийн гайхамшигт үйлчилгээг хүмүүс эрт дээр үеэс мэдэж ашиглаж ирсэн бөгөөд дэлхийн түүхэнд гоо үзэсгэлэнгээрээ мөнхөрч үлдсэн алдарт Клеопатра хатан энэхүү тэнгисийн эрэг дээр гоо сайхны бүтээгдэхүүний бяцхан үйлдвэр байгуулж байсан түүхтэй. Тэрбээр тэнгисийн ус, шаварын үйлчилгээг ихэд үнэлж, найрлага нь гоо сайханд өндөр ач холбогдолтой болохыг мэдэрсэн байж. Орчин үеийн шинжлэх ухаан ч үүнийг нь баталжээ. Африк гаралтай Клеопатра анхандаа тийм ч царайлаг байгаагүй, харин Ромын эзэн хаан Юлий Цезарийн нууц амраг болох үеэсээ нүүр царай нь онцгой сайхнаар гэрэлтэж ирсэнийг ч түүхч, судлаач нар тогтоосон байх аж. Үнэхээр л сөнөж мөхсөн гоц гойд тэнгисийн ус, шавар хүний гоо сайханд ингэж нөлөөлдөг юм бол монголчууд бид эрт цагт үзэсгэлэнт царай төрхөөрөө шагшигдаж явсан Тэрхийн голын хүүхнүүдийнхээ гоо сайхны нууцыг тайлж бас болох юм.

Тэртээ 17-р зуунаас эхлээд "Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн” гэсэн хэлц үг бий болж, гурван зуун жилийн турш яригдсаар ирсэн болохоор манай түүхч, судлаач нар Тэрхийн гол болон Тэрхийн цагаан нуурыг бага сага судалсан. Харин дээр өгүүлсэн Клеопатра хатных шиг гоо сайхны нууцархуу юм Тэрхийн цагаан нуур орчим байгаа эсэхийг эдүгээ судлууштай. Учир нь Тэрхийн гол хавьцаа сөнөсөн тэнгис лугаа сөнөсөн галт уулын ул мөр бий. Хойд, урд Тэрхийн гол нийлж Тэрхийн цагаан нуурт цутгадаг бөгөөд энэхүү нуур нь сөнөсөн галт уул болох Хорго уулаас баруун тийшээ далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт оршдог. Эрт цагт Хорго уулыг дэлбэрэхэд оргилон гарсан халуун хайлмал бодис нь Тэрхийн голын хөндийгөөр дүүрч, улмаар Тэрхийн цагаан нуурыг үүсгэсэн болохыг, уг нуур есөн мянга орчим жилийн настай болохыг эрдэмтэн, судлаач нар аль эрт тогтоочихсон. Дотроо хэд хэдэн аралтай, "Нуурын толгой” гэдэг арал дээр нь зундаа "Гогой” гэдэг ховорхон шувуу үүрээ засан өндөглөдөг аж. Түүнчлэн нуурын төв хэсэгт орших Чандмань толгойд "Санхам” нэртэй сайхан үнэрт ургамал битүү ургах бөгөөд алтан гагнуур, бамбай, сөд, дэгд, ямаан сэрдэг, зээргэнэ, таван салаа, ганга тэргүүтэн эмийн ургамлууд ургана. Тэрхийн цагаан нуур болон Чандмань толгойн тухай нутгийн ард түмний дунд яригдсаар ирсэн уран яруу домог олон бий. Хорго уулын хувьд гэвэл Монгол орны унтарсан галт уулуудын дотроос хамгийн сүүлд унтарсан галт уул төдийгүй жаахан хэтрүүлж хэлбэл уур нь савсаж байгаа цоглог шинэхэн уул. Эрт цагт буцлан урсч явахдаа халуун хайлмал "магма”-ын хөөс царцан хагарч 170 орчим сантиметр өндөртэй хүрмэн чулуун гэрийн "Тооно”, "Үүд” бий болон тогтжээ. Иймэрхүү чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байдаггүй юмсанж. Хорго орчмын шаврын царамнаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдож байсан бөгөөд үүнийг соц нийгмийн үед эзэрхэг оросууд ашиглаж байсан түүхтэй. Тэрхийн голын хөндий, Хөдөө нуур, Тэрхийн цагаан нуур орчим нь дөрөвдөгч галавын элс хайрга, шаварлаг бал чулуу, бялхмал хүрмэн болон шаварт чулуугаар бүрхэгдсэнийг эрдэмтэд тогтоосон байх бөгөөд Тэрхийн голын үе үеийн сайхан хүүхнүүд магадгүй эндхийн ус, шаврын үйлчилгээг эртнээс мэдэрсэнээр, тэр нь удам сударт нь нөлөөлсөнөөр царай төрх нь Халхын бусад аймаг, хошуудын эмс хатдынхаас илүү ихээр туяаран гэрэлтдэг байсан ч байж мэдэх юм. Сөнөсөн тэнгисийн ус, шаврын үйлчилгээг Нил мөрний хатан хаан Клеопатра ихэд үнэлж, найрлагыг нь гоо сайханд өндөр ач холбогдолтой болохыг 2000 гаруй жилийн тэртээ олоод мэдчихсэн байхад өнөө цагт эрдмийн зэрэг горилох гээд зүтгэж буй залуу судлаач нар Тэрхийн голын сайхан хүүхнүүдийн гоо сайхны нууцыг тайлж яагаад болохгүй гэж. Болно болно, болохгүй юм гэж энэ ертөнцөд үгүй.

Тэмдэглэсэн Б.Ойдов


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.