Монголчуудад дуулгах САЙН хэрнээ СААР мэдээ



Олон улсын эрчим хүчний агентлагийн гаргасан тайланд хүлэмжийн хий ялгаруулдаг нүүрсний хэмжээ урьд өмнө байгаагүй ихээр өссөн гэсэн тооцоог хийсэн байна. Түүгээр ч барахгүй 2025 он гэхэд одоо байгаагаас тав дахин их нүүрс хэрэглэнэ гэсэн тооцоог хийсэн байна. Энэ хандлага дэлхийн улс орнуудыг уурхайчид буюу нүүрсний баялагтай (АНУ, ОХУ, Индонези, Австрали, ӨАБНУ, Мозамбик, Монгол гэх мэт) орнууд, байгаль хамгаалагчид (өндөр хөгжилтэй Япон болон арлын орнууд) гэсэн хоёр хэсэгт хуваагдахад хүргэжээ.   

Иргэд нь өнөө, маргаашийн идэх хоол гэхээсээ илүү дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн алдагдалд санаа зовж явдаг баян, мөдхөн гишгэх газаргүй болох гэж байгаа арлын орны хувьд нүүрс нь саяхныг хүртэл ярианы сэдэв биш байлаа. Харин энэ жилээс эхлэн байдал бишдэж байгааг бүгд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч эхэлжээ.

Япон улс түүхий нүүрс олборлогч, хэрэглэгч орнуудад татаас өгч, эрчим хүчний шинэ үүсвэр олж өгөхөд нь туслах санаачлага гаргасан. Гэтэл АНУ, ОХУ зэрэг томчууд нүүрсний нөөцөөрөө дэлхийд тасархай тэргүүлдэг учир ойрын хугацаанд олборлолтоо багасгахгүй гэдэг нь ойлгомжтой болж ирлээ.

Ингээд түүхий нүүрс ихээр олборлодог, хэрэглэдэг орнуудаас татвар авч арлын орнуудад татаас өгч байх шийдвэр гараад байгаа билээ. Гэхдээ хэмжээг нь одоо болтол эцэслэн шийдээгүй хэвээр байна. Нүүрс олборлосноос нь татвар авах уу, ашиглаж байгаагаас нь авах уу, эсвэл аль алинаас нь авах уу гэдгээ ч шийдээгүй байгаа гэсэн үг.

Улс орнууд "Ер нь бол нүүрсний хэрэглээг багасгаж эрчим хүчний шинэ эх үүсвэр хайх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь зүйтэй” гэдэгт бүгд санал нэгдэж буй. Гэвч энэ нь тийм амар бүтэхгүй бололтой. Нүүрсний импортоор дэлхийд тэргүүлэгч, цахилгаан станцуудын 70 хувь нь нүүрсээр ажилладаг БНХАУ ирэх 2025 он гэхэд нийтдээ 600 гигаваттын хүчин чадалтай цахилгаан станцуудыг нэмж барихаар төлөвлөжээ. Тэдний нүүрсний хэрэглээ шинээр барих цахилгаан станцуудыг тооцохгүйгээр жилдээ 5-7 хувиар нэмэгдэж байна. Энэ бол байгаль хамгаалагчдын хувьд аймшигтай мэдээ билээ. Нүүрсний нөөцөөр дэлхийд гуравдугаарт ордог ч хэрэглээний өсөлтийн хурдацыг нь гүйцэхгүй байгаа учир тус улс хуучирсан, өртөг өндөртэй олборлолт хийдэг 600 уурхайгаа хаах шийдвэр гаргасан. Одоо тус улс Өрнө-Дорно төмөр замын сүлжээг ашиглан нүүрс зөөвөрлөхөөр шамдаж байна.

Хэрэглээгээрээ БНХАУ-ын дараа ордог Энэхтхэгийн өсөлт харьцангуй удаан байгаа ч коксын хэрэглээгээрээ тун удахгүй Хятадыг гүйцнэ гэсэн таамаглалыг Дойче банк гаргажээ. Тиймд нүүрсний үнэ цаашид зогсолтгүй өснө гэж ажиглагчид үзэж байна. Энэ нь уурхайчдын тоонд орсон, цаашид байр сууриа улам ахиулахаар зүтгэж байгаа манай орны хувьд маш таатай нөхцөл бүрдэнэ гэсэн үг юм. Гэхдээ одоо байгаа шигээ ганц худалдан авагчид (БНХАУ) дэлхийн зах зээлийн үнээ тав дахин бага үнээр худалдаад байвал төдийлөн өгөөжөө өгч чадахгүй юм. Тиймээс худалдан авагчаа нэмэгдүүлж ганц улсаас хараат биш болох арга замыг эрэлхийлэх нь зөв. Олборлогч улсуудаас татвар авахаар болсон ч харьцангуй бага хэмжээний нүүрс олборлодог манай тал айх зүйлгүй юм..

Австрали, Индонези улсууд жилд 200 гаруй сая тонн нүүрс экспортолдог гэсэн үзүүлэлтээр дэлхийд тасархай тэргүүлж, ОХУ, Колумби, ӨАБНУ тэдэнтэй айлсахаар зэхэж байна. Эдгээр орнууд жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд нүүрсээ зөөх дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө оруулаад эхэллээ. Товчоор хэлэхэд, дэлхий дээр нүүрсний "их тэсрэлт” үргэлжлэх төлөвтэй байна.

 

Б.Хурцболд

http://news.zindaa.mn/22v9


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.