-"Цовоо-Андууд” ХХК нь осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөн ажиллаж, барилгын чанар, норм дүрэм, стандартыг хангаж ажиллахгүй байна-
"Гуравдугаар эмнэлгийн хашаанд аюулгүйн хамгаалалтгүй барилга босгож байна” гэх мэдээллийг нэгэн уншигчаас ирүүллээ. Түүний хэлж буйгаар, ирээдүйд худалдааны төв болох ёстой энэ барилга яг явган хүний замтай залгаа босож буй бөгөөд хүмүүс доогуур нь явахдаа хаанаас, юу унаж ирэх бол хэмээн эмээж цүнхээ ч болов толгой дээрээ барьдаг гэнэ. Ингээд уншигчийн мэдээллийн дагуу бодит байдлаас сурвалжилснаа хүргэж байна. Энэ барилгыг Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт, П.Н.Шастины нэрэмжит Улсын III Төв эмнэлгийн хашаанд барьж байгаа аж. Тун удахгүй ашиглалтад орж, худалдаа, үйлчилгээний төв болох учиртай барилгын зөвшөөрөл "Цовоо Андууд” ХХК-ийн нэр дээр бий.
Газар дээр нь очиж сурвалжлахад, манай уншигчийн өгсөнтэй яг адилхан дүр зураг угтав. Барилгыг III эмнэлэг, "Ачтан” клиникийн хооронд, арав хүрэхгүй алхмын газар босгож байлаа. Тухайн орчин нь эмнэлэг, сургуультай учраас хөл хөдөлгөөн их. Тиймээс эмнэлгийн тусламж яаралтай авахаар ирсэн хүмүүст машинаа байрлуулах газар олддоггүй. Гэтэл энд байсан багахан чөлөөнд ийнхүү барилга бариад эхэлчихжээ. Барилгын хашаа нь машин замтай яг тулж, харин явган хүний зам руу бүр орчихсон байгаа харагдана. Хамгийн осолтой нь, барилгын хашаа гэх хөх төмрөн хавтангууд найдваргүй яажийчихсан, доогуур нь явган хүний замтай атал хамгаалалтын саравч, тор огт байхгүй. Хашаанаасаа ядахдаа таван метрийн дотор барилгаа эхлүүлчихээгүй атал чухам ямар бөх зүрхээр ийм аюултай ажил хийж байгаа нь хачирхмаар. Ядахад хүмүүс барилгын доогуур л явахаас өөр аргагүй аж.
Биднийг бодит байдалтай танилцах үеэр хүмүүс маш олноороо тэр аюултай замаар явсан. Тэгэхдээ гүйж, толгойгоо гараараа халхалж, цүнхээ дээрээ барих зэргээр л болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалах аядах юм билээ. Түүнчлэн барилгачид нь ч аюулгүй ажиллагааны хувцас, малгай, хамгаалалтын бүс зүүлгүйгээр тоосго өрж харагдсан. Тэдгээр залууст барилгаас унах, толгой тархи гэмтээхгүй гэсэн ямар ч баталгаа байхгүй.
Аз болж, хэн нэгний дээрээс элдэв юм унасангүй
Гэхдээ аюул, осол хэлж ирэхгүй. Гай нь таарсан нэг өдөр, хэн нэгэн болгоомжгүй хүний гараас унасан тоосго, мултарсан арматур, багаж хэрэгсэл бусдын дээрээс унавал юу болох вэ. Заавал хүний амийг авахгүй байж болох ч насаар нь эрэмдэг болгож хохироох вий. Тэгвэл энэ хэний алдаа болох вэ. Амин эрх ашгаа бодож, эмнэлгийн хашаанаас авсан газартаа барилга барихдаа хамгаалалт босгоогүй "Цовоо Андууд” ХХК юу, эсвэл анхнаасаа зохисгүй газарт зөвшөөрөл олгосон холбогдох байгууллага уу. Үгүй бол аюулгүй ажиллагааг бүрэн хангаагүй байхад нь ажил эхлэх зөвшөөрөл өгсөн холбогдох албаныхан уу. Мэдээж осол боллоо гэхэд эдгээр газар бүгд хариуцлагад дуудагдана. Тэгээд зохих торгуулийг нь төлөөд өнгөрөх байх. Эсвэл үгүй ч байж мэднэ. Тэгвэл тэднээс болж хүний амь, эрүүл мэндэд учирсан хохирлыг яаж барагдуулах вэ. Хүний амь, эрүүл мэндийг мөнгө хэзээ ч орлохгүй.
Хамгийн ноцтой нь, өнгөрсөн хугацаанд барилгын ажлын стандартыг мөрдөөгүйн улмаас маш олон хүн амиа алдаж, тахир дутуу болсон. Ээжийнхээ гараас хөтлөөд явж байсан 12-хон настай Есүгэн охиныг, найз нартайгаа кино үзэхээр баярлан алхаж байсан оюутан хүүг, ажлаа тараад үр хүүхэд рүүгээ яарч явсан залууг яг ийм барилгаас унасан төмөр, кран л алсан. Энд "алсан” гэдэг үгийг зориуд тодрууллаа.
Үүнээс гадна, барилгаас унасан тоосго, төмөр, хадаасанд оногдож, ноцтой бэртсэн, мөн хамгаалалтын хэрэгсэлгүйн улмаас өндрөөс унасан хүмүүсийн тухай мэдээг бид өдөр бүр маш олныг сонсож байгаа.
Түүнчлэн 2017 оны 80 дугаарт гэрчилгээтэй, "Цовоо Андууд” ХХК-ийн энэ барилгад аюулгүйн ажиллагааны стандарт, хэм хэмжээ байхгүйгээс гадна, уг барилга ашиглалтад орсны дараа автомашины зогсоол, гадаах талбайгаа хэрхэн зохицуулах бол хэмээх таашгүй асуулт тулгарсан байх. Яагаад гэвэл барилгыг дээр бичсэнчлэн арав хүрэхгүй алхмын зайд босгож байгаа ба автозам болон явган хүний замтай яг нийлчихсэн. Тиймээс энэ барилга ашиглалтад орсныхоо дараа хотоор нэг боссон үзэмжгүй, орчингүй, төсөр, чанаргүй байгууламжуудын тоог нэмэхээр байгаа нь хэнд ч ойлгомжтой. Өөрсдөө бол машины зогсоол барина гэсэн хариултыг өгч байгаа ч очоод харахад тийм боломж огт байхгүй нь тодорхой харагдаж байв.
Тэгэхээр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ газарт Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар анхаарал хандуулж, зохих арга хэмжээг авах нь зүйтэй болов уу. Эцэст нь хэлэхэд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүд хандаж хэлэхэд дээрх барилга байгууламжийг барьж буй компани нь осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөн ажиллаж, барилгын чанар, норм дүрэм, стандартыг хангаж ажиллахгүй байна.
Өглөөний сонин
Р.Саруул
Сэтгэгдэл