"Мэнгэ нь голлож” гэдэг үгийг сонсч явсан ч тэгтлээ ач холбогдол өгч байсангүй. Харин ирж буй өвлийн тухай бодох бүрийд "Энэ өвлийг яаж шуухан давна даа. Олигтой зун болсонгүй. Үүл буудаж, бороо оруулах авч тэр нь хөрсөнд шингэх завдалгүй хавийн юмыг хуйлруулж одно.
Хэдэн мал нь ногоо хөөвч араа шүдэнд нь ороогдох өвсгүй болохоор хамраараа шороо үмхлэх нь өрөвдмөөр. Дээр нь хаа сайгүй түймэр гарч, байгаа жаахан ойг минь тожгор болгочих шахлаа. Ядаж байхад төр, засгийнх нь байж байгааг " гэх түгшүүр төрөх юм. Үнэндээ ч эрх барьж байгаа МАН дотроо дээр, доороо орж бужигнаад хэрэг алга. Байгаа байдал нь нэг л биш. Эрх баригчдыг улс орны байдал, намрын ургац хураалт, өвөлжилтөөс илүүтэй хариуцлагаас яаж мултрах тухай асуудал л зовоож байгаа нь сүүлийн хэдэн өдрийн үйл явдал бэлхэнээ харууллаа.
Бие биеэ тагнасан чагнах нь хэрээс хэтэрч , эдүгээ намаа үгүй хийх дээрээ тулаад улсад айсуй өвөл хамаагүй байж ч мэднэ. Дээлээ нөмөрчилгүйгээр уснаас хуурай гарах талаар бодсоор нойргүй хонож байгаа юм чинь. Нөхцөл байдал энэ чигээрээ удаан үргэлжлэх аваас цөөн хэдэн улстөрчийн бус Монгол Улсын мэнгэ голлож таарна.
Дэлхий дэлгэнэсэн сайхан цаг байсан ахул өдийд хадланчид хадландаа гарч, ногоочид ургацаа хураан шинэхэн ногоотой шөлний сайхан үнэр айл бүхнээс үнэртэж, тариаланчид ангилан хадах тухай яриа өрнүүлэн, малчид өвөлжөө бууцаа эргэж тойрон засч янзлах гээд намрын нөр их ажил орон даяар давалгаалж байдагсан.
Харин одоо хураах ногоо ховор, өвс хадах талбай байхгүй, тарианы болц муу гээд болж бүтэх зүйл маруухан байна даа. Тэгэхээр өвөл ямаршуухан болох нь тов тодорхой. Ус цаг уурын хүрээлэн зуны дунд сараас олон жилийн дунджаас хүйтэн өвөл болох талаар анхааруулаад эхэлсэн. ХХААХҮ-ийн яамны мэдээллээс харахад ирэх өвөл 49 сая толгой мал өвөлжих аж. Уг нь 60–аад сая толгой мал тоолуулсан л даа.
Мэдээж, хүйтэн өвлийн сургаар 20 шахам сая нь идшинд бэлтгэгдэж таараа. Тэгээд ч өнөөдрийн байдлаар гаднаа хураах байтуйгай хадах өвсгүй шахам суугаа малчид юугаараа тэр их малыг тэжээх болж байна вэ. Эдүгээ сураг тавихад, Сэлэнгэ аймагт боодол өвс ширхэг нь 25-30 мянга хүрч магадгүй гэж дуулдаж байхад говийн малчдад ямар үнээр очих нь ойлгомжтой. Түүнийг нь дийлж авах малчин хэд билээ. Нөгөөтэйгүүр, газрын гарц муу учраас малын тэжээлийн хомсдол ч нүүрлэнэ. Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд малын тэжээл тарихаа бараг л больсон.
Даршийг олон жил хадгалж болдоггүйн дээр эдийн засгийн хувьд ашиг муутай гэж үздэг юм билээ. Хур бороо элбэгтэй, сайхан зун хэдэн жил үргэлжилсэн тул манайхан тэр л янзаараа байх юм шиг санасаар ирсэний гайг ирэх өвөл амсах нь бололтой. Хоёр хөрш ч экспортлох хэмжээний малын тэжээл бэлтгээгүй гэж дуулдсан. Байгаль цаг агаарын хувьд ч адилхан зун болж өнгөрсөн.
Хөдөө, орон нутгийн удирдлагууд хэдэн малаа аль аймгийн нутагт оторлуулах талаар өдөр шөнөгүй ярилцавч, хүний малыг бүү хэл өөрийн малыг яая гэж байгаа улс өөр аймгийн малыг хүлээж авахгүй гэцгээн хэл үг болцгоож байгаа дуулдах юм. Сүүлийн жилүүдэд жил дарааллан гарч буй малын гоц халдварт өвчнүүд дандаа отрын болон дамжин өнгөрсөн гадны малаас халдварласан талаар Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар өнгөрсөн өвөл ярьж байсан. Хоттой хонио хэдэн зуугаар нь хиаруулж орхисон малчид үлдсэн хэдээ вакцинд хамруулж, эрүүлжүүлж авсан эсэх нь эдүгээ эргэлзээтэй.
Ер нь манай малчид малаа эрүүлжүүлэх асуудлыг хангай дэлхий, бурханд даатгачихаад сууж байдаг гэмтэй. Малын эмч нар ч малаа эрүүлжүүлэх асуудалд малчид тун хойрго ханддаг талаар байнга ярьж байдаг. Тиймээс малаа эрүүлжүүлж чадаагүй малчид отор хийх аваас бусдын малыг сүйд хийж л таарна. Энэ талаар орон нутаг, малын эмч нар өнгөрсөн хавар хэдэнтээ чуулсан.
Үр дүн нь ирэх өвөл харагдах биз. Отор нүүдэл одоо ч үргэлжилсээр байгаа. Газрын гарц, ногооны сөл хайсан малчид хэдэн аймгийн нутаг дамжин, эдүгээ бараг л Туулын хөндийд тулж ирээд байгаа байх. Төв аймгийн Алтанбулаг сум гадны тууварчид, оторчдод эзлэгдсэн, бэлчээрийн даац хэтэрсэн талаар Засаг дарга нь мэдээлэл хийж байсан. Дархан-Уул, Сэлэнгэ аймаг ч ялгаагүй.
Отрын нутаг гэгддэг Хэрлэнбаян-Улаанд малын гоц халдварт өвчний голомттой тул өнгөрсөн өвөл отрын мал хүлээж аваагүй. Тэгэхээр өвс гайгүй ургасан байж мэдэх ч өвчний голомт бүрэн арилаагүй тохиолдолд дахиад л хэдэн зуун мянган малын толгойг "залгиж” орхино. Малчид ч тийшээ малаа оторлохыг хүсэхгүй болов уу. Тиймээс малчид минь эртхэн амь амиа бодож, өвс тэжээлээ бэлдэж, отор нүүдэл хийх газраа зөв сонгохгүй бол хаврын урт өдрүүдийг давж гарахад тун хүнд байж мэднэ.
Хатуу хэлэхэд, тэр жилийн бичин жилийн зуданд Баянхонгор аймаг хамаг малаа барж орхисон шиг эмгэнэлт явдал давтагдахгүй гэх газар үгүй. Аягүй бол ирэх оны мал тооллогоор Монгол Улс 49 сая толгой малынхаа талыг зуданд тавиад туучихсан байх вий. Урьдын адил арга барагдах цагт төр, засаг атга өвс тэврээд ирдэг юм гээд гэдсээ илээд хэвтэж яавч болохгүй шүү, малчид аа. Энэ бол зөвхөн мал аж ахуйн салбарынханд өгч буй сануулга.
Ногоочид хийгээд тариаланчид ч асуудал бий нь ойлгомжтой. Өнгөрсөн хавар шатахууны болоод үрийн зээл авсан тариаланчид ирэх аравдугаар сараас авсан ургацаараа банкны зээлээ төлөх учиртай. Хур бороо бага, газрын чийг муу байгаагийн улмаас га талбайгаас хураах ургацын хэмжээ муу байгаа талаар Газар тариалан эрхлэгчдийн холбоо хэдийнэ мэдэгдээд эхэлчихсэн. Ийм нөхцөлд Монгол Улс улаанбуудай гаднаас импортолж л таарна.
Цаг сайхан, ургац сайн байх үед гурилын үйлдвэрүүд дотоодын буудайгаа чанарын шаардлага хангадаггүй гээд гаднаас улаанбуудай импортлож байсан юм чинь. Үүнийг дагаад гурилын үнэ, түүнээс улбаатай талх, нарийн боовны үнэ нэмэгдэх л байх. Эцсийн дүндээ энэ бүхэн улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, хямарч ядаж байгаа эдийн засагт нэрмээс болох нь дамжиггүй. Манай улсын эдийн засгийн чадавхи ямар байгаа билээ.
Хоёр жил дараалан байдгаа бартал сонгуульдчихсан байдаг. Одоо бидэнд ганцхан зам байна. Тэр нь авлигад өгсөн 60 тэрбум төгрөг болон оффшор бүст байршуулсан мөнгийг эргүүлэн татаж улсынхаа эдийн засагт эргэлдүүлэх явдал. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ талаар байр сууриа илэрхийлсэн шүү дээ.
Х.Норжмаа
Эх сурвалж. Монголын мэдээ
Сэтгэгдэл