Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь МАН-ын 30 гишүүн гарын үсэг цуглуулан УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өчигдөр албан ёсоор өргөн барьсан. Тэднийг хүсэлтээ өргөн барихаас нэг өдрийн өмнө УИХ-ын дарга М.Энхболд хилийн дээс алхсан байв. Уг явлыг Я.Санжмятав, "эрүүл мэндийн шалтгааны улмаас…” гэж тайлбарласан. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулчихаад, яг өргөн барихын өмнөх өдөр УИХ-ын дарга "өвдсөн” нь учиртай мэт.
Үндсэн хуульд заасанчлан, Төрийн байгуулалтын Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулах үүрэгтэй. Гэвч УИХ-ын дарга эзгүй байгаа явдал дээрх заалтыг зөрчихөд хүргэж мэдэх юм. Хуралдлаа гэж үзэхэд намын даргагүй МАН-ынхан дараагийн алхамаа хийж чадахгүй. УИХ-ын дарга эзгүй байгаа нь Засгийн газраа огцруулахаар хүсэлт гаргасан 30 гишүүнийг түр хүлээхээс өөр аргагүй байдалд хүргэлээ. Улмаар өвчин нь "ужигравал” ирэх есдүгээр сард хуралдах товтой Намын бага хурал ч хойшлогдож мэдэхээр байна. Гэвч тэдний энэ алхмын өмнө саад тотгор бас бий. Тэр бол мэдээж дээр дурдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан…
Тэр нөхөд дунд Засгийн газрын эрхмүүд ярайтал зогсож байна. Харин Засаг унагахаар зориглосон 30-аас дөнгөж гуравхан нь тэдний дунд багтаж… Үүнээс харахад тэдний асуудал энэ давааг давж чадахгүй унахаар дүр зураг тодорч байгаа юм. За яахав зарим нэг яах нь мэдэгдэхгүй хүмүүс бий л дээ. Харин бусад намаас тэднийг дэмжинэ гэж үзвэл О.Баасанхүү… Түүнийг бараг хуралдаанд очилгүйгээр замаа төөрүүлнэ гэж харж болохоор. Хэрэв очвол дэмжиж мэднэ. Энэ Засагийг ямар нүдээр харж явдгаас нь шалтгаална гэж хэлж болох юм. АН-аас Ж.Батзандан гишүүн тэдний талд зогсож болох юм. Мөн Б.Наранхүү гишүүний нэр Байнгын хорооныхны дунд цохиж явна.
Энэ хүнийг М.Энхболдын хуурай дүү гэлцдэг. Газрын наймаа, хурдан мориор хүзүү сээрээ холбосон ахан дүүс учир хөдлөх ч үгүй, дуугарах ч үгүй. Шууд л "ах”-ыгаа дэмжээд суучихна. Тэдний намын тулхтай цөөн доторх цөөн гишүүдийн нэг Д.Эрдэнэбат л эргэлзээгүйгээр мань 30-ыг дэмжих биз. Гэвч АН-ын нөхөд энэ үйл явдалд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийг харж дүгнэхэд, хэзээ нэгэн цагт ийм байдалтай тулгарахаа анхнаасаа нарийн тооцоолж л дээ. Өвчний улмаас алга болчихоод байгаа УИХ-ын дарга М.Энхболд, Засаг нь савлаад хэзээ хязаагүй уначих гээд байгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, М.Энхболдын улаан хамгаалагчаар тодроод Өдрийн сониноор хүртэл өмгөөлөөд гүйгээд байсан Д.Хаянхярваа… гээд журмын нөхөд багтаж.
Үнэхээр сууриа дажгүй ухсан Засгийн газар юм байна гэдгийг Байнгын хороодод шургуулсан хуваарилалтаас нь харж болохоор юм байна шүү. Тэд ямартаа ч Төрийн Байгуулалтын Байнгын Хороогоор дэмжигдэхгүй нь тодорхой байна. Дараа нь харин УИХ-аар Төрийн Байгуулалтын Байнгийн хорооны шийдвэрийг хэлэлцэнэ. Эндээс харин "мань 30”-ын зам засагдаж болох юм. Гэвч МАН-ын дарга "өвчтэй” байгаа. Түр хүлээж бай…
Г.Хан
Undesten.mn
Сэтгэгдэл