“Бандааштай” дуучдынхаа өмнөөс ”бөгс улайх” юм


Урлаг, уран зохиол, сэтгүүлзүй гурав соён гэгээрүүлэх гэдэг үүргээрээ ижилхэн. Ард түмний сэтгэхүйд урлагаар дамжуулж гоо сайхныг үнэлэх үнэлэмжийг бий болгодог бол уран зохиол хийсвэр сэтгэлгээ, цаашлаад сэтгэхүйн цар хүрээг тэлж өгдөг.
“Бандааштай” дуучдынхаа өмнөөс ”бөгс улайх” юм
Харин сэтгүүлзүй бол ард түмнийг мэдээ мэдээллээр хангаж, аливаа асуудалд шүүмжлэлтэй, мөн эерэг байр суурьнаас хандахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрээс хамгийн чухал нь урлаг. Дуу хуур, бүжиг наадам гэж зүйл энэ ертөнцөд байгаагүй бол бид хэн болох байсан, бүүвэйн дуу аялдаг бүсгүй хүний тухай, эрчүүдийн эр зоригийг магтан дуулсан дуу хуур үгүй бол энэ орчлонд зөвхөн хар бараан зүйл, гэмт хэрэг, аллага, хүчирхийлэл л давамгайлах байсан нь дамжиггүй.

Тиймдээ ч урлагийн үнэ цэнэ гэдэг тэр хэрээр ард түмний, тухайн улсын соёлын хамгийн том хэмжүүр хэмээн сэтгэж сууна. Монголчууд монголоороо үлдэх асар том ухаан ч урлаг тэр дундаа уртын дуу, морин хуур, хөөмийн эгшигт нуугдаж байгаа нь дамжиггүй.

Төв Азийн цээжинд байгаа цөөхөн хүн амтай улс түүхийн харгуйд гээгдэлгүй үлдэхийн цаана урлаг уран зохиол хоёр хамгийн чухал үүрэг гүйцэтгэх цаг үе өнөөдөр ирчихээд байгаа нь нууц биш. Гэвч өнөөдөр бид үндэсний гэсэн бүхнээ гээж байна. Харийн соёл урлагийг хэт шүтсэн монголчуудыг монгол үндэстэн гэж танихад ч бэрх болж байгааг нуух юун. Тэр дундаа эвдэрч гээгдэх гол шалтгаанд манай урлагийнхан голлох үүрэгтэй оролцож байгааг энд зориуд онцлон хэлэхийг хүслээ.

Хатуухан хэлэхэд, гуравхан сая хүн амтай монголчуудыг дэлхий төгөлдөр хуур, хип хоп, R&B урсгалаар танихгүй. Харин хос чавхдаст морин хуур, хөөмэйн эгшиг, уртын дуугаар биднийг Эзэн Чингисийн үр удам хэмээн таних болно. Үүнийг урлагийнхан юу юунаас илүүтэй ухаарч, дэлхийн соёлтой хөл нийлүүлэн алхаж байгаа ч үндэсний гэсэн бүхнээ мартаж бас гээж боломгүй байгаа юм.

Саяханы жишээг ярья. Өвөрмонголын Хөххотод саяхан Монгол-Хятадын анхдугаар экспо гэх том хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулагдав. БНХАУ-ын муж бүрээс төлөөлөл ирсэн 12 мянган хүнийг хамарсан энэ том арга хэмжээнд бид хэрэндээ л бэлтгэлтэй очсон. Гурван улсын урлаг соёлын цэнгүүн гурван өдөр Хөххотод үргэлжилж, урлагийн үнэ цэнэ тэр тусмаа монгол үндэсний бүжгээр бид шилдэг гэдгээ баталсан. Олон улсын бүжгийн наадамд монгол бүжигчид маань үндэсний бүжгээрээ оролцож ёстой л шилдгийн шилдэг гэдгээ тэнд батлаад ирэв.

Харин манайхаас явсан поп хамтлагууд үнэндээ бидний нүүрийг түлж байгаад ирсэн гэхэд хэтийдэхгүй. Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө бий болгосон хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг "Гурван охин”, "Sweetуmotion" хамтлагууд Монгол Улсын урлагийн нүүр царай болон очжээ. 

 Харамсалтай нь тэнд суугаа монголчууд ч тэндээс урлагийн таашаал мэдэрч чадсангүй. Өнөөх бидний аав ээжийн үед хит болж, өдгөө дэлхий дахинд хит болон эгшиглэж буй "Улаанбаатарын үдэш” дууг сонсохоос ч төвөгтэй болгочихож. Элдэв маяг нугалаа оруулж, хоолой салгаж байна гэж худал хэлсэн хүнд солгойрч байх юм. Гэтэл Улаанбаатарын үдэш дууг Хятад, Монгол хэлээр хольж дуулсан Өвөрмонголын залуу хамтлаг маргааш үдэш нь ёстой л гурван улсын залуучуудыг хуйлруулж чадаж байлаа. Залуу хамтлагийг энд чадваргүй хэмээн шүүмжлэх гэсэнгүй. Мэдээж Улаанбаатарын үдэш чинь бидний өмч шүү гэдгийг тэнд зарлахыг хүссэн байж мэдэх юм. Гэхдээ өмсөх хувцас, гаргах хоолой, хэнд хаана зориулж дуулж байна вэ гэдгээ бодолцох ёстой байв. Хэний ч мэдэхгүй шахам Өвөрмонголын дууч залуу харин дэргэд нь үндэсний цэвэрхэн богино дээл, гуталтай гарч ирээд дуулж байгаа нь нүдэнд дулаахан харагдсаныг нуух юун. Бандааштай бүсгүйчүүдийн хамтлаг гэх нэрийг "Гурван охин”-д өгчихжээ, тэнд цугласан залуус. Дөнгөж 18  нас хүрч буй Өвөрмонголын охидын хамтлагтай залгаж дуулсан "Гурван охин"-оосоо золтой л ичээд үхчихсэнгүй.

Тэдний нас хэд билээ. Тэгээд ч ямар том арга хэмжээнд очиж дуулж байгаагаа манай шоу ертөнцийн гурван бүсгүй маань мэдээгүй нь харамсалтай. Олон улсын арга хэмжээнд явж буй нас тогтсон бүсгүйчүүдэд ядахдаа гуя хасаа далдлах зүйл байдаггүй юм уу гэж асуумаар. Тэд зүгээр нэг шинэ жил, хурим, төрсөн өдөрт уригдаагүй. Хатуухан хэлэхэд, гуя дагаж хүзүү гэдэгчлэн Чинбаа хаана явна тэнд Sweetуmotion явдаг нь нууц биш. Олон улсын олон ч үйл ажиллагаанд тэд Монгол Улсыг төлөөлж оролцож байгаа. Тиймдээ ч дууны чанар чансаа, мэргэжлийн байх талаас арай илүү анхаараач гэж жирийн үзэгчийн хувиар хүсэх байна.

Өмссөн хувцастайгаа тааруулж дуугаа сонгож суръя. Өөрсдийн уран бүтээлийг биш өмнөх үеийн алдарт дуунуудыг түмэнд хүргэх гэж байгаа бол ядахдаа л тэр нугарч унасан баарны бүжгээ больчих, бүсгүйчүүд ээ. Өргөн Сэлэнгэ, Дэнжийн ногоо, Улаанбаатарын үдэш дууг орчин үеийн хэмнэлд оруулахыг тэгж их хүсч байгаа бол ядахдаа л сургуулилт хийж, өмнөх дуучдынх нь нугалаа хэмнэлийг битгий алдагдуулаач гэж хүсье.

Манайд "бандааштай" дуучдаас илүү чадварлаг Азид танигдсан уран бүтээлч хэдэн зуу бий. Хөсөгтөн, Алтан-Ураг, Наран, залуусын хамтлаг олон байгаа. Гадны хоёр гурван хэлээр уран бүтээлээ гаргачихдаг чадварлаг уран бүтээлчдээ одоо дэлхийд таниулъя. Өмнөд хөрш гэж үл тоох юун. Тэнд дэлхийн тэрбум 700 хүн амьдарч байгаа. Тиймээс эхлээд дэлхийд алхах гэж байгаа бол ядахдаа л С.Наран шиг гурван хэлээр гудиггүйхэн дуулчих чадварт суралц гэж хэлье дээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Балжир

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.