Эрх ашгийн солбилцолд гасалж буй газар шороо


Нэлээн сүрчин гарчиг өгчихлөө. Гэвч ийм л дүгнэлтийг уул уурхайд өгөх бодит дүр зураг бий болоод байгааг дор хөндөх байна.

 

 

 

.... Заамарт аварга том байшин шиг эксковаторууд, сэгсрэгдэн оргилох ус, аюул дагуулсан том том нүхнүүд, амьсгал боогдуулам шороо тоос, энэ бүхний дунд хөөцөлдөн тоглох хүүхдүүд түүнийг угтсан нь сэтгэл өвдөм байсан гэдгийг Жон Х.Нокс зураглан өгүүлсэн юм. Малчид бэлчээргүйдэн идээшиж дассан нутгаасаа шахагдаж, байна. Тэд хэчнээн эсэргүүцээд ч дуу хоолой нь эрх баригчдад хүрдэггүй юм байна ....гэж манайд зочилсон НҮБ-ын шинжээч хэлжээ. Чухам үнэн энэ л дээ.

 

Харин гадаадын  шинжээчийн харж мэдээгүй бүр нарийн ажиллагаа уул уурхай дээр яаж явагддаг вэ. Алт ер нь уул уурхайн томхон лицензний ард хэрэгтээ хэн байдаг вэ. Хариулт нь бараг тодорхой, хэдхэн улстөрчид л байгаа. Энд тосон Заамрыг дахин замруулж байгаа нэг жишээг товч буулган харья.  

 

2017 оны хавар Заамар сумын ИТХ, сум багын Засаг дарга нарт Төв аймгийн Газрын харилцаа, Барилга  хот байгуулалтын газраас нэгэн тоот довтолгон иржээ.

 

Утга нь, АМГТ-ны газраас  ... холбогдох хуулиудын заалт, Засгийн газрын 2017 оны 37 –р тогтоолыг тус тус үндэслэн дараах солбилцлолуудыг холбосон шулуун шугамаар хязгаарлагдсан 5628,5 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих, эс дэмжих талаарх саналаа яаралтай ирүүлнэ үү... Мөн татгалзсан санал ирүүлсэн тохиолдолд хуулийн үндэслэлийг сайтар судалж тодорхой гарган, зөвшөөрөл гаргасан талбайтай давхардаж байгаа иргэн ААН-ийн судалгааг хамарган ирүүлж байхыг мэдэгдэж байна.   Хуулийн хугацаатай болохыг анхаарна уу... гэжээ.

 

Алт ба олз ашиг, өөр хоорондын эрх ашгийн нэгдэл, албан тушаалын наймааны солбилцол нь Заамар сумыг дахин онилж төв эхлэлийн цэгээ Өвөр намганы хэвлий дээр хатгажээ.  Үүнд тээг босгож чадах ганц боломж нь хуулийн хүрээнд сумын ИТХ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага  байж таарна.

 

Ингээд 2017 оны  3 дугаар сарын 15-ны өдөр Заамар сумын ИТХ аас маш доторхой үндэслэлүүдээр АМГТГ-ын Өвөрнамганд алтны хайгуулын лиценз өгөх саналд татгалзах саналтай тогтоолыг гаргажээ.

 

 

 

 

 ... Тус сум нь 5594 хүн амтай, 281207 гектар газар нутагтайгаас 12597 гай талбай газар тариалангийн зориулалттай. Алт-1 хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 1978,01 гад хайгуулын 20 лиценз, 22816,03 гад ашиглалтын 81 лиценз олгож, нийт 140 гаруй тонн алт олборлосон. Гэхдээ энэ нь сумын хөгжилд нөлөөлдөггүй, иргэдийн эрүүл мэнд байгал орчиндд сөрөг нөлөөтэй, нутаг бэлчээр сулдсан, 20 гаруй гол горхи булаг шанд усны эх ширгэсэн зэрэг үндэслэлүүдийг дурьдаж нийт 26 гишүүний 100 хувийн саналаар Төмстэй багийн Түмэнгийн дөрөлж, Өвөрнамганы нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох  Ашигт малтмалын газраас ирүүлсэн саналыг татгалзаж  буйгаа мэдэгдэж,  тогтоол баталж хүргүүлжээ.

 

Яригдаж буй талбайд яагаад ч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нэг хаалт байж . Түмэнгийн дөрөлж болон Өвөр намганы газар нутгийг 2015 онд ИТХ-ын шийдвэрээр бэлчээр нутаг хамгаалах, мал ахуйг дэмжих ганц зорилгоор ашиглахаар  аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад авсан байж.  

 

Хуулийн дагуу бол энэхүү алт онилсон ажиллагаа  ингээд зогсох ба үгүй дээ гацаанд орно. Гэвч том томилгооны өр ширтэй гарч ирсэн дарга нарын улайрал ийм "жижигхээн”тогтоолд зогсдогүй.

 

Аймаг сум орны удирдлага ИТХ-ийн тогтоолд "үгүй” гэж мэдэгдсэнээс хойш хэсэг хугацаанд Өвөрнамганы алттай талбай талбай түр анхаарлаас гарсан мэт харагдана.. Гэвч нэгэнт дарга нарын тохироо,  эрх ашгийн солбилцол нэгдсэн бол нутаг орны төлөөллийг няц дардаг арга барилаар үйл явдал цааш өрнөсөн байна. 

 

Заамар сумын ИТХ өөрийн нутагт нэмж хайгуулын тусгай зөвшөөрлөөр алт ухуулах боломжгүй санал илгээснээс хойш ердөө гуравхан сарын дараа Ашигт малтмал газрын тосны газраас Заамар сумын Өвөрнамганы 1548.08 а талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эрхлэх  ХҮ-020880 тоот тусгай зөвшөөрлийг  "Эрдэнэсийн эрэг” гэх компанид 2017 оны 07 сарын 27- ний өдөр олгочихсон байжээ.

 

Товчдоо нэгтгэж харвал АМГТ-ны Газрын эрх мэдэлтнүүд  Заамар суманд үлдсэн үүцтэй газрын алтыг хэн нэгэнд хадганд боож өгөх өр шир үүдсэн бололтой. Үүнийгээ АЛТ-2 хөтөлбөрөөр халхлан эртнээс бэлдсэн байна. Ингэж харах хэд хэдэн үндэслэл байна. Сумын ИТХ аас шийдвэр арган сэндийлж сийчүүлэхгүй үлдээхэр шийдэн сумын тусгай хэрэгцээ хамгаалалтад авч үлдсэн  /2015 онд / Түмэнгийн дөрөлж, Өвөр намганы гэсэн 15000 га талбайг яагаад ийн хүч хэрэглэн авч тусгай зөвшөөрөл олгох болов. Хэн үүнд нөлөөлсөн бэ. Хайгуулын лицензийн эсэргүүцэн тэмцэж буй талынхны  хардаж байгаа баримтаар 2017 оны  1 сард Амйгийн ИТХ –ын тогтоолоор үүсгэн байгуулагдсан "Төв Эрдэнэс” ОНӨҮГ –ын 66 хувийг одоогийн лиценз эзэмшигч "Эрдэнэсийн эрэг” компани ямар замаар авчихсан юм бэ.  Энэ бүхэн яавч орон нутгийн  эрх ашиг, иргэдийг дэмжих тухайд хийгдээгүй нь тодорхой.

 

Орон нутгийн эрх бүхий  байгууллага ИТХ, нутгийн ард иргэд татгалзсан санал ирүүлсэн байтал  Ашигт малтмал Газрын тосны газар  "Эрдэнэсийн эрэг” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл хүч түрэн олгосон харагдаж байна. 2015 онд орон нутгийн тусгай хэрэгцээ хамгаалалтад авсан талбай эрх мэдэлтнүүдийн хуйвалдааны шинжтэй үйлдлээр ийм амархан хүнд техникийн аманд тавигдаж ухуулахад бэлэн болчихоод байна. Үүнд ердөө 3 сарыг л зориулсан байна.

 

 

Ингэж хуйвалдааны маягаар бэлчээр нутгийг нь луйвардаж, нууцаар лиценз болгосныг мэдсэн орон нутгийн удирдлага, иргэний байгууллагууд эсэргүүцэн жагсаал хийж, АМГТГ -ын шийдвэрийг цуцлах хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байгаа. Тэд энэхүү луйврын талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, АМГТГ –т хандсан боловч одоо болтол ямар нэг хариу тайлбар авч чадаагүй мухардаад байгаа юм.

 

Илт хууль зөрчсөн бараг дээрмийн гэж болохоор ийм ажиллагааг эрх бүхий албан тушаалтнууд тухайлбал АШГТГазрынхан яаж ийм зоригтой хийгээд байна. Ард нь хэн байна. Ямар хамгаалалтад найдаад ийм аархалтай байна гэдэг бол сэндийчүүлсэн газар нутгийг минь хараад өрөвдөн гасалж байгаа гадаадын шинжээчийн үгэн дээр нэмж ярих бидний асуудал.


Эх сурвалж: Shuud.mn

 

Пүрэвжавын Баярхүү  / тоймч/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.