Эрдэнэсийн хотыг сэрээнэ


Эрдэнэсийн хотыг сэрээнэ

 

Эрдэнэсийн хотыг сэрээнэ

"Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын автобусны жолооч П.Нармандах уурхайчдаа өглөө ажилд нь хүргэхийн тулд үүрийн цолмон гийхээс урьтан гэрээсээ гарна. Энэ үед тэднийхэн ид нойрондоо умбаж хоцорно. Намрын налгар өдрүүдэд гарааш хүртлээ явган алхах нь эрүүл мэндэд тустайг тэр мэднэ. Журмын нөхөд тал талаас цуглан мэнд амарснаа мэдэлцэн, дарааллаараа эмчийн үзлэгээр орж даралтаа хэмжүүлэн, бие сэтгэл хэвийн эсэхээ шалгуулна. Дараа нь машинаа үйлчилгээнд бэлэн хангаад хяналтын механикчид шалгуулж тэнцсэнээр хүн тээвэрлэх эрхийн замын хуудсаа гардана. Ингээд болоогүй ээ, өнөөдөр аль чиглэлд гарах үүрэг даалгавар авснаа хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа сонссон хуудсанд гарын үсэг зурснаар баталгаажуулна. Одоо харин автобус, жолооч хоёр ажилд гарахад бэлэн. Тэд өөр өөрийн унааг ээлж дараатай гарган цуваанд сурцтай эрэмбэлэгдэнэ. Солонгос улсад үйлдвэрлэгдсэн сүмбэн цагаан 20 гаруй автобус өнөөдөр "Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсдыг "хураахаар” бэлэн жагсжээ. "ХАБ”-ын инженерийн суусан машин цувааг толгойлон энүүхэнд цайрах Эрдэнэсийн хотын зүг хөдөллөө. Улсын онцгой объект "Эрдэнэт” үйлдвэрийн баялаг бүтээгчдийг хамгаалахаар Цагдаагийн тасгийн дохиолол бүхий "69” цувааг "түгжин” явна. Замын хөдөлгөөн торох саадгүй, гэрлэн дохио зөвхөн анхаарлыг заан анивчина. Их хотыг нойрноос нь сэрээн "хүнгүй” цагаан "хүлгүүд” гэрлээрээ дохин хөвөрнө. Эхний зогсоол "Барилгачдын талбай”. Эндээс тэд өөр өөрийн хариуцсан чиглэлээр тарж одно. 07:00 гэхэд тал талаасаа цуглах цагийн хуваарьтай. П.Нармандах Эрдэнэ-Дэнж-Хунт-Гурван байранд амьдардаг ажиллагсдаа цуглуулахаар урагш эргэлээ. Буудал бүрээс ажиллагсдаа түүсээр... Сургуулийн хүүхдүүд үйлдвэрийн автобусанд дайгдах санаатай эртэлдэг юм байна. Зарим нь автобусандаа тухлаад үйлдвэр орох зуурт дугхийж амжина. Энэ үед үйлдвэрийн "Эрдэнэт долгион” FM 107,1 радио хэдүйн эхэлсэн ажиллагсдадаа хэрэгтэй мэдээлэл, тэдний ажил үйлсийн бахархам амжилтын талаар болон нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэдгийг дахин сануулж, энэ өдрийн ажилд нь амжилт хүсч ая дууны мэнд илгээнэ.

Эрдэнэсийн хотыг сэрээнэ

Автобусны жолооч нар буудал бүрт очих цагийн нарийн хуваарьтай. Минутын зөрүүгүй хурдаа тааруулах нь жолоочоос ур чадвар, хувийн зохион байгуулалт шаардана. Автобус болгоны хөдөлгөөнийг хяналтын тусгай системээр Авто тээврийн байгууллагын төвөөс хянаж суудаг мэргэжилтнүүд бий. Ажилтан автобуснаасаа хоцорвол буруутныг олох түвэггүй.

"Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллага уулын технологийн тээврийн белаз, зам засдаг, цас арилгадаг, усалгааны гэх мэт тусгай зориулалтын машин механизмууд, дарга, "цэрэг”, үйлчилгээний унаа гээд 300-аад тээврийн хэрэгсэлтэй, 800 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 50-иад нь Эрдэнэсийн хотыг сэрээн ийн ажилладаг. Өнөөдөр тус цехийн Зорчигч тээврийн хэсэг зургаан автобусаар "бүл нэмлээ”. Ингэснээр Чехийн "Карасо”-г халж, Солонгосын ая тухтай, халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, монголын цаг уурын нөхцөлд хамгийн зохимжтой "Хьюндай” маркийн автобусаар паркийг бүрэн шинэчиллээ.

П.Нармандах дэлхийн уул уурхайн топ арван үйлдвэрийн нэг "Эрдэнэт”-ийн уурхайчдыг 20 гаруй жил зөөж байгаагаараа бахархана. Өмнө нь Баяжуулах үйлдвэрт хүдэр хүргэдэг белазын жолооч явсан энэ эрхэм өнөөдөр улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг баялаг бүтээгчдийнхээ аюулгүй байдал, тав тухыг ханган гэр, ажлын хоорондох "аялал”-ыг хариуцаж явна.

Тэд хотоос гарах эцсийн зогсоол дээр цагтаа цуглаж цуваанд жигдэрлээ. Замын урсгалд ганц нэг машин таарч, Зууны манлай үйлдвэрийн уурхайчдыг хүндэтгэн автобусны цувааг зогсон өнгөрүүлнэ. Эрдэнэт хот нойрноос сэржээ...

М.ОДГЭРЭЛ

Эрдэнэсийн хотыг сэрээнэ

Эрдэнэсийн хотыг сэрээнэ

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.