"Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод нь төмөр хайлуулж, цутгамал үйлдвэрлэдэг "Цутгуурын”, механик боловсруулалт, металл хийц болон резинэн эдлэл үйлдвэрлэдэг "Механик” гэх хоёр том цехээс бүрддэг. Бид эхлээд Цутгуурын цехийн Хайлах хэсэгт очиход хайлалт ид явагдаж байв. Хайлсан төмөр мэлтэгнэн урсаж, оч нь түүдгийнх шиг үсчин гялалзах нь сонин. Ган хайлагч залуу урт төмрөөр сэтгүүрдэн зогсох нь баатрын дүртэй. Түүнд бидэнтэй хөөрөлдөх зав байсангүй. Хайлах хэсгийн ажлын байр өвөрмөц үнэртэй, чимээ шуугиан ихтэй, их халуун.
Металлын буцлах хэм 1450-1550 орчим. Дээд тал нь 1700 хэм байдаг гэнэ. Зуухны аман дээр 1000 орчим хэм аж. Цехийн дарга Ц.Зоригоо Уралын Политехникийн дээд сургууль төгсөж ирээд ажлын гараагаа ган хайлагчаас эхэлсэн тухайгаа хүүрнэв. Үнэхээр бахдам энэ ажил эр зориг, тэсвэр тэвчээр ихээхэн шаарддаг бололтой. Танайхны ажлын нөхцөл угаартай, халуун, дуу чимээ ихтэй юмаа гэхэд тийм ээ, үнэхээр хүнд нөхцөлтэй. Тэгэхдээ дасчихдаг юм. Манайхан ханиад шуухнаа хүрвэл цех рүүгээ орж ирэнгүүт л эдгэчихдэг гэлцдэг юм гээд инээв. Хайлах хэсгээс гадна Хэвний хэсэг маш том байгууламж бүхий нүсэр системтэй. Хольц зуурч дамжуулдаг төхөөрөмж бүхий дөрвөн давхар байгууламжид хэв бэлтгэх ажиллагаа явагдана.
Хэвний дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр ТЭЗҮ, техникийн даалгавар боловсруулах ажил хийгдэж байгаа аж. Хүйтнээр хатуурдаг холимгоор хэв бэлдэх технологийг нэвтрүүлснээр хэвэнд хэрэглэдэг материалын тоо хэмжээ, төрөл багасч, бат бэхийн чанар олон дахин сайжрах, зай талбай хэмнэх гээд эдийн засгийн ихээхэн үр ашигтай. Ажлын байрны нөхцөл ч шинэ түвшинд очих гэнэ. Энэхүү технологийг нэвтрүүлэх ажил "Эрдэнэт” үйлдвэрийн ирэх 15 жилийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан тухай цехийн дарга ярьж байсан. Загвар буюу тэдний ярьж заншсанаар Моделийн хэсэгт мужааны цехэд орсон мэт хөрөө рамны дуу шуугиантай. Учир нь цутгамал бүтээгдэхүүний загварыг модоор хийдэг юм байна. Нэгэн үе загварыг гараар хийдэг байсан бол одоо тоон удирдлагатай суурь машинаар хийдэг болжээ. Гадуураа шилэн хорготой, автомат машин модоор загвар зүсч, дэргэд нь оператор орос залуу зогсох. Энэ машинд загварын зургаа л зөв оруулсан бол алдаа гарахгүй гэнэ.
Механик цехэд ажиллагсад зорох, зүсэх, фрезердэх ажиллагааг суурь машин дээр хийж харагдана. Дээрх ажиллагааг нэгэн дор гүйцэтгэх багахан автобус адил овортой бүрэн автомат машин байх. Орчин үеийн энэ дэвшилтэт технологийг суурилуулж, туршаад одооноос л ажиллуулж байна. Солонгос улсад үйлдвэрлэсэн таван тэнхлэгт бүрэн автомат энэ суурь машинаар хэлбэр, хэмжээ, хийцийн хувьд төвөгтэй эд ангийг хийх юм. Засвар механикийн заводын хамт олон бүрэн автомат тоон удирдлагатай, механик боловсруулалттай суурь машины төв байгуулах зорилт тавин ажиллаж байгаа аж.
Механик цехийн Резинэн эдлэлийн хэсэгт Тайваньд үйлдвэрлэсэн 2000 болон 1000 тоннын халуун пресс машин ажиллаж байна. Уг прессээр Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж болох бөмбөлөгт тээрмүүдийн хуягийг резинээр үйлдвэрлэж, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа аж. Өмнө нь өндөр даралтын уураар резинийг чанаж болгодог байж. "Халуун прессийг ашигласнаар хөдөлмөрийн бүтээмж дээшилж, резин бүтээгдэхүүний болц сайжирч, гадаргуугийн цэвэршилт харьцангуй өндөр гарч байгаа. Бүтээгдэхүүний чанар сайжирснаар эдэлгээ уртасч байна” гэж Механик цехийн орлогч дарга Б.Баянжаргал ярив. Энэ оноос Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн тээрмийн гурав дахь цогц булан резинийг үйлдвэрлэсэн байна. Жижиг тээрмийн хуягийг жил гаруйн хугацаанд үйлдвэрлэж нийлүүлжээ. Мөн энэ ухаалаг пресс машинаар том оврын эд ангиуд хийх зорилттой ажиллаж байгаа аж.
"Манайх Механик боловсруулалттай бүтээгдэхүүн 2200 орчим тонн, металл хийц стандартын бус тоног төхөөрөмж 800 орчим тонн, резин эдлэл 120 тонн, цутгамал бүтээгдэхүүн 5000 орчим тонныг үйлдвэрлэж "Эрдэнэт” үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Манай хамт олон жилд 55-60 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, импортоор авах сэлбэг хэрэгслийг энэ хэмжээгээр хэмнэж, зэсийн баяжмалын өөрийн өртгийг бууруулахад хувь нэмрээ оруулахаар чармайн ажиллаж байна” гэж Засвар механикийн заводын Механик цехийн дарга Д.Галбямба ярилаа.
Засвар механикийн заводын хамт олон Либхерр-994 маркийн экскаваторын шанагыг 2016 онд Монголд анх удаа үйлдвэрлэсэн юм. Энэ шанага 300,4 сая төгрөгийн өртгөөр бүтээгдэж байгаа нь гадаадаас худалдан авдаг зардлаас даруй 100 сая төгрөгийн хэмнэлттэй юм. Мөн Баяжуулах үйлдвэрийн хүдэр нунтаглах тээрмийн булинга дамжуулах үндсэн насос "Грат-1400”-ийн ажлын дугуйг өөрчилснөөр насосны ажиллах цагийг уртасгажээ. Эдийн засгийн өндөр үр ашигтай энэ төслийн үр дүнд Баяжуулах үйлдвэр сард 35 насос ашигладаг байсан бол одоо 15 болон буурснаар жилд 4,5 тэрбум төгрөг хэмнэх болжээ. Заводынхны үйлдвэрлэдэг үй түмэн бүтээгдэхүүнээс хоёрхныг дурьдахад ийм байна. Ийнхүү "Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд Засвар механикийн завод жинтэй хувь нэмэр оруулсаар байна.
Я.ЭНХТУЯА
Сэтгэгдэл