Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх 2004 онд "Эх Орон-Ардчилал" эвслээс нэр дэвшин, УИХ-д сонгогдож, их улс төрд хөл тавьсан билээ. Улмаар өөрийн Эх Орон намаа орхиж, АН-д элсэн, тэр бүү хэл Монголын Ардчилсан Холбооны Даргын тамгыг одоогийн АН-ын дарга С.Эрдэнээс гардсан юм. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндсэндээ 2007 оноос эхлэн, Тавантолгойн ордод сонирхолтой, түүний нэг хэсэг болсон Ухаа худгийг эзэмшигч "Энержи Ресурс", "М-Си-Эс" групп болон ард нь байдаг улс төрчдийн бодлого, үйл ажиллагааг идэвхтэй шүүмжлэгч байж ирсэн. 2007 оны 8 сарын 10-нд өөрийн бичсэн "Архи зарах нь алсын хараа биш" нийтлэлдээ гэхэд л : "1988 оны Монгол-Оросын хамтарсан нөөцийн комиссын есдүгээр тогтоолоор Таван толгойн орд газарт буй нүүрсний хэмжээг эцэслэн тогтоож, үүнийг холбогдох яам нь баталж, улсын нөөцийн бүртгэлд оруулжээ. Татвар төлөгчдийн 40 тэрбум төгрөгийн хөрөнгөөр илэрсэн нөөцөөрөө дэлхийд 15-д орж буй орд. Гэтэл нөөц нь ийнхүү баталгаатай тогтоогдчихсон ордод "хайгуул” хийх лицензийг 1999, 2002 онд "Энержи ресурс” ХХК-д олгосон байх юм. Орос, Монголын хайгуулчид олоод тогтоогоод баталчихсан нөөц газарт тэд юу хайсан болж таарах вэ.
Дээр
нь 2001 оноос хойш лицензийн төлбөр төлсөн компаниудын жагсаалтад
"Энержи ресурс” гэсэн нэр огт байхгүй байна. Хуулиараа бол лицензийн
төлбөрийг жилээр тооцож, урьдчилж төлсөн байх учиртай... "Энержи ресурс”
-ийнхэнд итгэхгүй байх өөр олон шалтгаан бий. Хамгийн наад зах нь орд
газрын үнэлгээг тэд өөр өөрсдийнхөөрөө хэлдэг. "Нийтдээ энэ орд 600-хан
сая ам.долларын нөөцтэй юм билээ” гэж нэг нь хэлж байхад П.Очирбат
дөрвөн хувь нь 180 сая гэж хэлэв. Уг нь бол шинжлэх ухааны аргачлалаар
тогтосон нөөц нь 1,2 триллион ам.доллар шүү дээ. Иргэний хөдөлгөөнүүд
бүх зардал, татвар шимтгэлийг нь хасаад 250 тэрбум ам.долларын цэвэр
ашиг болно гэж тооцоолсон. "Энержи ресурс”-ийнхэн нөөцийн хэмжээг янз
бүрээр хэлэх, дарагдуулсан тоо хэлэх зэрэг нь эргэлзээ төрүүлэхээс
аргагүй байдалд түлхэж буй..." хэмээн бичиж байв.
Мөн
түүний удирдсан МоАХ "Бүх ард түмний их хуралдай" гэгчийг зохион
байгуулж, Тавантолгойн ордыг төрийн мэдэлд буцааж авах олон нийтийн
эсэргүүцэл, шахалтыг зохион байгуулж үр дүнд хүрсэн юм. Гэсэн хэдий ч
"Энержи Ресурс"-ынхэн Тавантолгойн ордын талбайн дөрвөн хувь гэх Ухаа
худгийн ордыг авсан тул Х.Баттулгын тэмцэл ч улам идэвхтэй үргэлжлэв.
Х.Баттулга ба түүний багийнхан нь 2008, 2012, 2014, 2015 онд тус тус
төмөр зам ба "Энержи Ресурс" компаний Хятад хөрөнгө оруулагчтай
холбоотой асуудлыг хөндсөн томоохон медиа кампанит ажлыг зохион
байгуулж, тус компаний нарийн царигтай төмөр зам барих, Хятадын "Шенхуа
Энержи" компанитай хамтран Тавантолгойн ордыг эзэмших төслийг зогсоож
байсан юм. Үүний үр дүн, учир шалтгааныг улс төрчид, судлаачид янз
бүрээр л дүгнэдэг.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн Х.Баттулгад ялагдлыг авчрав. Энэ үед тэрээр: " MCS
групп өөрийн харьяа охин компаниудаас 7000 ажилтныг дайчлан компанид
нь хамаарал бүхий нэр дэвшигчдийг дэмжүүлэхээр Хөвсгөл, Баянхонгор, Увс
аймгууд руу түр шилжүүлсэн нь маш олон баримтаар нотлогдсоор байна.
Увсын 31 дүгээр тойрогт (2778), Хөвсгөлийн 39 дүгээр тойрогт(2400),
Баянхонгорын 9 дүгээр тойрогт(1913) шилжин санал өгөгсөд орон нутгийн
иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж, нутгийнхан 4 жил "өөрсдийн бус”
төлөөллийг УИХ-д суулгах ёстой болж таарав...MCS бол Үндэсний компани!
гэж хэлэх хүмүүс хэрүүл хийх ээлжээ хүлээж байгаа байх. Би тэр хүмүүст
яаран өмөөрөх гээд байгаа компанийхаа танилцуулгыг ахин дахин унш гэж
зөвлөе. Энэ компанийн голлох хөрөнгө оруулалт "Kерри групп” гэх
БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс, Хонгконгт төвтэй аварга
корпорациас хийгдсэн болохыг одоо монгол хүн бүхэн мэдэх болжээ. Ухаа
худгаас уруудаад Централ тауэр, Шангри ла, MCS кока кола гээд бараг бүх
компанид нь Хятадын эзэмшил бий. Үүн дээр MCS-ийн оролцоотой ММС гэж
Ухаа худгийн ордыг эзэмшиж байгаа мөн "Kерри групп”-ийн эзэмшлийн
компани БНХАУ-ын төрийн өмчит "Шенхуа энержи” хэмээх аварга компанитай
хавсран ард түмний эзэмшилд байгаа том Тавантолгойг гартаа оруулах гэрээ
хийхээр удаа дараа оролдож ирснийг сана! ...Та нар, "нүүрсчин
бүлэглэлийнхэн” ингээд л Монгол Улсыг өөрсдийн шунал хүсэлд захируулан
гадныханд өгөх, хувааж идэх замаа нээчихлээ гэж бодож байгаа бол
эндүүрэл. Баярлах цаг чинь болоогүй гэдгийг хатуу сануулъя. Намайг амьд
байхад гадны гар хөл бологсод, урваач шарваачид дардан замаар давхихгүй
ээ..." гэж бичиж байлаа.
Үүнээс
ердөө нэг жилийн дараа Х.Баттулга Монгол улсын Ерөнхийлөгчийн
сонгуульд ялалт байгуулав. Түүнийг Монгол төрийн тэргүүн болсон учир
улс төрчийн тэмцэл нь өөрчлөгдөж магадгүй гэсэн хүлээлт улс төрийн
хүрээнд байсан ч Х.Баттулга өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд үг
хэлэхдээ энэ бүхнийг үгүйсгэж орхилоо. Тодруулбал Монгол Улсын
Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн
тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь тавьсан
хоригийг хэлэлцэх үеэр тэрээр: "Тавантолгойг түрүүчийн УИХ дээр үнэгүй
авах гэж оролдсон бүлэглэл дахиад гараад ирлээ. УИХ-ын дэд даргаар
тавьсан хүнээ МАН-ын бүлийн хурал эргэж хараач. Удахгүй МАН-ын их хурал
болох байх. Үүн дээрээ бүлгийн шийдвэрээ эргэж хараач. Бид дахиад
чөтгөрийн тойрогт орлоо. Өнөөдөр хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан.
Бусад улс төр, бизнесийн бүлэглэлийг атгачихсан байгаа. Одоо яамд руу
орж байна. Энэ тодорхой болсон байгаа учраас тодорхой хоёр хориг
тавьсан юм.
Ч.Хүрэлбаатар
бид хоёр нэг засагт хамт байсан. Янз бүрийн зовлон ярьдаг байсан.
Өнөөдөр 55 тэрбум төгрөг их мөнгө үү, та хариулаач.
Удахгүй
ҮАБЗ нэлээд өргөн хүрээтэй хуралдана. Оноос өмнө УИХ-ын хаалттай
хурлыг зарлана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүний наана МАН их хурлаа
хийх байх. Сая миний ярьсан бүлгийн шийдвэрүүдээ эргэж хараач. Миний
хоригийг бас их хурал дээрээ яриач гэж хүсэх гэсэн юм. Буруу шийдвэр
гаргасан шүү, Ч.Хүрэлбаатар аа.
Монгол
Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч боловч төрийн мөнгөөр,
татвар төлөгчдийн мөнгөөр уул уурхайн хайгуул хийгээд олсон ордуудыг
хувийн эзэмшилдээ авч, тэндээс их хэмжээний мөнгөтэй болоод, эргээд улс
төрд орж ирж, улс төрийг худалдаж яваа хүмүүстэй би эв нэгдэлтэй байж
чадахгүй гэдгээ сонгуульд нэр дэвшиж байхдаа ч хэлсэн. Одоо ч хэлнэ,
цаашдаа ч хэлнэ. " гэв. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнх
нь тодорхойлж байсанчилан нам дамнасан, улс төр, бизнесийн "Нүүрсчдийн
бүлэг" буюу "Энержи Ресурс", "М-Си-Эс" групп, тэдгээртэй хамаарал
бүхий улс төрчидтэй хийх тэмцлээ улам эрчимтэй үргэлжлүүлэх болно
гэдгээ баталлаа гэхэд болох биз ээ.
Ч.Явуухүү
ЭХ СУРВАЛЖ: SONIN.MN
http://sonin.mn/news/politics-economy/84025
Сэтгэгдэл