Хөгөө чирч яваа уул уурхайн салбар


Хөгөө чирч яваа уул уурхайн салбар

Эдүгээ уул уурхайн салбаргүйгээр Монгол улсыг ч, эдийн засгийг нь ч төсөөлөх аргагүй болжээ. Энэ салбарт улсын экспортын орлогын 86, аж үйлдвэрийн 71, эдийн засгийн 18, төсвийн орлогын 30 хувь нь тус тус бүрдэж байна. 2014 онд Монгол улс 1.2 сая тонн зэс борлуулж 4.5 их наяд, 25 сая тонн нүүрс борлуулж 1.4 их наяд, 7.5 тонн алт борлуулж 543 тэрбум төгрөг тус тус олжээ. Энэ гурав нийлээд 6.5 их наяд төгрөг, буюу эрдсийн экспортын бараг 90 хувийг эзэлж буйг Ашигт малтмалын газраас (АМГ) мэдээлжээ.

Тэгвэл яагаад энэ их орлоготой байж монголчуудын гуравны нэг нь ядуу байгаа юм бэ? Яагаад энэ их орлоготой орны төр засаг нь ирээдүйгээ барьцаалан бонд гарган зээл авч, зээлээ зээлээр төлж, гадны улсуудаас мөнгө гуйгаад явна вэ?

Хөгжлийг чирэх хүлээлт дагуулсан уул уурхайн салбар маань одоогоор хөгөө л чирч явна. Буруутан нь мэдээж салбар нь өөрөө биш, түүний засаглал юм.

БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ЗАСАГЛАЛ

Монголын уул уурхайн засаглалыг олон улсын Байгалийн Баялгийн Засаглалын Хүрээлэнгээс (NRGI) дүгнэж 2017 онд тайлан гаргажээ. Уул уурхайн баялагтай 89 улсын засаглалыг гурван бүлэгт хувааж 100 оноогоор дүгнэхэд Монгол улс 64 оноогоор 15-р байрыг эзэлжээ. Энэ бол байгалийн баялгийнхаа үр шимийг нь хэрхэн хүртэж байгаа, орлогоо удирдах түвшин, бизнесийг дэмжих орчин гэсэн гурван хэсгийн дундаж үзүүлэлт ажээ. [дэлгэрэнгүйг resourcegovernanceindex.com]

Байгалийн баялгийнхаа үр шимийг Монгол улс 63 хувьтай буюу дундаас дээш түвшинд хүртэж байгаа гэнэ. Засаглалын дүрэм, журам, дэг жаяг нь байгаа ч, тогтвортойгоор мөрдөж хэрэгжүүлдэггүй, үнэ цэнийг нь иргэд тэгш бус хүртдэг, хүртээх нийгмийн зардал нь их өндөр гэж биднийг дүгнэжээ. Дүгнэлтийг лиценз олгох, татвар хураах, орон нутгийн хөгжилд үзүүлэх үр нөлөө, төрийн өмчит компанийн өгөөж гэсэн дэд бүлгүүдээр задлан гаргажээ.

Уул уурхайн хайгуулын болон олборлолтын лицензийн менежментийг 61 оноогоор дүгнэжээ. Ашигт малтмалын газар лицензийг түрүүлж өргөдөл гаргасанд нь, түрүүлж олгох зарчмаар ихэнхдээ, заримдаа тендерээр олгож иржээ. Лиценз олгох үйл явц цахимаар ил тод болдог ч, орон нутгийн засаг захиргааны дарга нарын гарын үсэг авах хэсэг нь ихээхэн цаг хугацаа, хөрөнгө хүч шаарддаг. Хүчин төгөлдөр байгаа лицензийн мэдээллийг Кадастрын албаны цахим хуудсанд нийтэлдэг. Лицензэд хийх ёстой ажлыг чанарын биш зөвхөн мөнгөн дүнгээр л илэрхийлдэг. 2014 онд 497 хувийн компани 802 зөвшөөрөлтэй талбайдаа төрийн санхүүжилтээр 62 төсөлд хайгуулын ажил хийгджээ.

Татвар хураах дүрэм журам нь харьцангуй тодорхой, тэгээд ч Үндэсний Аудитын Газар давхар хянадаг учир Монгол улс 82 буюу хамгийн өндөр оноо авчээ. Салбарын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Олборлох Үйлдвэрийн Ил Тод Байдлын Санаачилга (ОҮИТБС, or EITI)–ын тайланд оруулдаг ч, заримдаа цаг алдаж, оройтуулдаг юм байна.

Монголын төрийн өмчит компаниудын [ТӨК] засаглалд 40 оноо өгснөөр Евразийн есөн улсаас долоод жагсжээ. Стратегийн ач холбогдол бүхий орд газруудын төрийн ашиг сонирхлыг удирдах зорилгоор "Эрдэнэс Монгол” компанийг 2007 онд байгуулсан. Тус компани нь монголын уул уурхайн хамгийн том, зэс алтны гэх мэт таван уурхайн хувьцааг эзэмшдэг. Гэтэл энэ компани хамтарсан үйлдвэрүүдийнхээ санхүү, үйлдвэрлэл, борлуулалттай мэдээллээ нийтэд мэдээлдэггүй ажээ. Улсын Их Хурал нь ийм мэдээ, тайланг шаарддаггүй, хянадаг ч үгүй ажээ. Мэдээлэлгүй учир компанийн үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналт ч сул байна.

Баялгийнхаа орлогыг удирдах түвшингээр 54 оноо буюу дунд авчээ. Улсын төсвийн тайлан харьцангуй ил тод байдаг ч, төсвийн тодотголыг жилд нэг хоёр удаа хийдэг болов. Энэ нь 2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа, төсвийн өр, тэнцэл, зарлагатай холбоотой дүрмүүдээ үргэлж л өөрчлөхөд хүргэж байна. Салбар бүрийн орлого, өрийн тухай мэдээллийг түргэн шуурхай нийтэлдэг цахим хуудас байхгүй байна.

2014 онд байгалийн баялаг нийт экспортын бараг 90 хувь болсон учир, ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч 49 орны дотроос Монгол байгалийн баялгаасаа хамгийн их хараат улсаар тодорчээ. Төсвийн орлого нь нүүрс, зэсийн үнийн өөрчлөлтөөс бараг бүтэн хамаарах болсноор эдийн засаг нь Евразидаа хамгийн төрөлжөөгүй улс болжээ.

Байгалийн баялгийн орлогоо иргэддээ бэлэн мөнгө шилжүүлэх замаар хуваарилж, зардал нь өндөр хэмээн хааяа зогсоож ирлээ. Ямар ч гэсэн орлогын хуваарилалтыг нь ил тод гэж үзээд Монголд 74 оноо өгсөн нь Бразилын дараа удаалжээ. Хуваарилалтыг мөн аймаг, сумын түвшинд нөөц ашигласны болон лицензийн тодорхой хэсгийг шилжүүлэх замаар явуулж байсан ч өнөөдөр бараг зогсжээ. Байгалийн баялгийг нь олборлож байгаа сумуудад юу ч ирэхгүй болсон тухай гомдол гарах боллоо. Тод жишээ нь газрын тосыг нь олборлож буй Дорнод аймгийн Матад сум.

Байгаль орчны яам нь уурхайн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг (БОНҮ) олон нийтэд түгээх зорилготой төвлөрсөн цахим хуудас ажиллуулдаг боловч "Эрдэнэс Монгол” (ТӨК)-ийн оролцоотой хамтарсан үйлдвэрүүдийн үнэлгээнүүд бүрэн, тодорхой нийтлэгдэхгүй байна.

2010 онд байгуулсан Төсвийн тогтворжуулалтын сангийн үйл ажиллагаанд (ТТС) 42 оноо олгосон нь тайланд орсон улсуудын 34 сангаас 18-д жагсчээ. Энэ сан жилийн тайлангаа нийтэлдэггүй, Улсын Их Хурал нь хянадаггүй, зөвхөн юу хийгдэж байгаа тухай мэдээллийг Сангийн яамнаас хааяа цахим хуудсандаа тавьж байна.

Мөн урт хугацааны хуримтлал үүсгэх зорилгоор Ирээдүйн өв санг (ИӨС) энэ жилийн эхнээс байгуулсан ч хуулийнхаа дагуу улирал, хагас жилийн тайлангаа гаргаагүй байна.

Уул уурхайн бизнесийн орчныг 73 оноогоор дүгнэжээ. Салбарын холбогдолтой тоо баримт дүрэм журам нь харьцангуй ил тод, байдаг боловч өөрчлөлт нь түргэн шуурхай нийтлэгдэхгүй байна. Засгийн газрын болон яамдын бүтэц бүрэлдэхүүн нь үргэлж солигдож, бодлого нь ч дагаж өөрчлөгддөг учир уул уурхайн бизнесийн орчин тодорхой бус, гадаадын хөрөнгө оруулахад таатай нөхцөл бүрдэж чадахгүй байна. Энэ тухай тайланд тодорхой тусгаагүй учир монголыг харьцангуй өөдрөгөөр үнэлжээ.

Монголчууд шинээр хийж бүтээсэн зүйл нь бага, дэлхийн зах зээл дээр ноолуураас өөр бүтээгдэхүүн гаргаж чадаагүй байгаа учраас эдийн засаг нь сэргэж, засаглалаасаа болоод эдийн засгийн хямралаасаа гарч чадахгүй байна.

Өнөөдөр төр засгийн хэрэгцээ, хэрэглээ нэмэгдсээр, авлигатай дорвитой тэмцэж чадахгүй байгаа учир төсвийн алдагдал нь тэлсээр, гадаадын засгийн газраас мөнгө гуйж Монгол улс амьдарч байна.

Д.ЖАРГАЛСАЙХАН

Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.