Эмэгтэй гишүүд амьд уу !!!


Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин монголын толгой баячуудын хүүхдүүдэд хүчиндүүлсэн тухайгаа бусдад дэлгэлээ. Мэдээллээс харж байхад энэ хэрэг явдал 2015 онд буюу өдгөөгөөс хоёр жилийн өмнө үйлдэгдсэн бөгөөд өдгөө болтол энэ хэрэг нэг тийшээ шийдэгдээгүйг охины ярианаас харж болно. Өөрөөр хэлбэл, баячуудын хүүхэд мөнгө төгрөг, элдэв арга саам хийн өнөөдөртэй золгосон байж болзошгүй учраас арга мухардсан охин олон нийтэд хандаж байгаа мэт. Бүр тодруулбал, хөрөнгөтнүүдийн зүгээс хохирогч охинд халдах, хохирогчийг ямар нэгэн байдлаар чимээгүй болгох гэсэн аймшигт оролдлого гэтэж байна уу гэсэн өнгө аяс ч мэдэгдэлд буй.

Охины хувьд тийм дэлгэрэнгүй тодорхой бус ч гэсэн мөнгө төгрөг өгөхөөс эхлээд дарамт шахалт үзүүлсэн тухай цахимын мэдэгдэлдээ дурдсан. Нэгэнт шийдэгдээгүй буюу сэжигтнүүд ял авахгүй хоёр жилийн хугацаа өнгөрчихсөн гэхээр хохирогч охинд ямар нэгэн халдлага ирэхийг үгүйсгэх аргагүй учраас хамгийн сүүлчийн арга гэж болох олон нийтэд хандсан нь энэ байх.    

Харин хохирогчийн аав Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг бид энэ асуудлыг ул суурьтай судалж байна, та бүхэн хүлээцтэй байгаарай хэмээн байр сууриа илэрхийлснээс харвал энэ хэрэг өдөөгдсөн, нэг тийшээ шийдэгдээгүйг бас л давхар нотолж байна. Хохирогчийн хэлсэн шиг "Аав ээжид мөнгө төгрөг өгөхийг оролдохоос эхлээд элдэв дарамт шахалт үзүүлсэн” бол Д.Ганхуяг гишүүн асны хувьд хөрөнгө мөнгөний хөлд тийм ч амархан сөхрөхгүй нь лавтай. Эрх мэдлийн хувьд гар хүрэх газраа бас чиг хүрч явсан өдөр түүнд бий. Тэгэхээр мэдээлэлд дурдагдсан эрх мэдэл бүхий эрхмүүдийн 100 орчим хүүхэд гэхээр аргагүй Д.Ганхуягийн хүч дутаж мухардсан нь энэ байх. Одоо яах вэ. Сүүлчийн ганц найдвар бол Хууль тогтоох дээд байгууллага болж байна. Гэтэл хүчирхийллийн эсрэг хэмээн байнга л ярьж суудаг өнөөх хэдэн улстөрч эмэгтэйчүүд нь чив чимээгүй. Улс орон, нийгмийг хамарсан, 100 орчим хүүхэд холбогдсон аймшигт хэргийн хохирогч нар мэдэгдэл хийгээд байхад чив чимээгүй байгаа эмэгтэй гишүүд амьд уу.

Албан бус мэдээллээс харахад хохирогч охиныг хар тамхи хэрэглэдэг, архи уудаг бараг л "хамтарсан” гэх шалтгааныг хэрэг үйлдсэн гэх баячуудын зүгээс бүрдүүлсэн нь шат шатны байгууллагад гацаа үүсгэсэн байх хэмээн хардаж байгаа хүмүүс цөөнгүй бий. Одоогоор шүүхээс баячуудын гэх нэрлээд байгаа хүүхдүүдийг гэмт хэрэгтэн хэмээн нотлоод ял өгчихсөн зүйл үгүй учраас хэрэгтэн гэх аргагүй. Харин нэг сонирхолтой асуудал бий. Хохирогч дурдахдаа "АПУ, Таван богд, Моносын боссуудын хүүхэд хэмээсэн нь бий. Нэгэнт л "АПУ”-г дурдсан байтал юунд нэр усыг нууцлаад байгаагийн цаана ямар шалтгаан байна вэ.

Хохирогч өмгөөлөгчийнхөө зөвшөөрснөөр энэхүү мэдэгдлийг хийж байгаа бөгөөд ахиад ч маш их материал баримт байгааг дурдаад байсан. Энэ бүхний ар талд чухам юу нуугдаад байна вэ. Хамгийн ноцтой гэж болох хар тамхи хүчингийн хэргийн тухайд хохирогч өөрөө баримт дэлгээд байхад хэвлэл мэдээллийн байгууллага тэгтлээ шуугихгүй байгаагийн цаана чухам юу оршино гээд олон шалтгаан нуугдаж байна. Уул уурхайн сайд асан улстөрөөс бүр мөсөн гарахаа мэдэгдсэн гэх мэдээлэл ч бий. Ийм л олон учир шалтгаан дагуулсан хэрэг өдөөгдсөн ч олон нийтэд хариуг нь дэлгээгүй байна. Үнэхээр шүүх эрх мэдлийн байгууллагууд том эрх мэдэл, хөрөнгө мөнгөний өмнө хүчгүйдээд байна уу ямар учир байна вэ. Дийлэхгүй байгаа бол одоо Хууль тогтоох дээд байгууллага ажлаа хийх хэрэгтэй. Тэр тусмаа эмэгтэй гишүүд маань яагаад таг чиг байна вэ.

С.Баяр

Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.