Өнөөдөр Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо, уурхайчид хамтран татварын нэмэгдлийн асуудлаар мэдээлэл хийлээ.
"Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд татвар нэмэх бус зээл тусламж, бонд гаргах, мөнгө хэвлэх зэрэг аргууд байсаар байтал дундаж давхарга буюу уул уурхайн салбарынхны татварыг нэмж байгаа юм бэ" хэмээн Эрдэнэставантолгой ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга хэллээ.
Энэ үеэр Оюутолгой ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга Г.Баярмаа "Шаталсан татварын системийг дэлхийн олон улс хэрэглэдэг ч гэлээ ганц бие болон өрхийн гэж ялгаварлан оногдуулдаг. Гэтэл эрх баригчид татварын шаталсан шинэ системийг оруулж ирэхдээ үүнийг яагаад гээгдүүлсэн юм бэ. Дэлхийн жишиг юм бол түүнийг нь мөрдөх хэрэгтэй шүү дээ. Шаталсан татварын системийг дэлхийн олон улс хэрэглэдэг ч гэлээ ганц бие болон өрхийн гэж ялгаварлан оногдуулдаг.
Манай уурхайчдын хувьд жилийн найман сард нь хөдөө хээр, гэрээсээ хол ажилладаг. Ар гэр нь ажил хийх боломжгүй байдаг. Эрх баригчид хууль ёсны нэмэгдлээс нь дээрэм хийж байгаагаас ялгаагүй. Тайлбар хийхдээ 8 хувь гэж хэлж байгаа ч бүхэл бүтэн нэг салбарыг хамарсан шийдвэр гэдгийг онцолж хэлмээр байна. Дээр нь татварыг нэмсэн ч түүний зарцуулалт нь тодорхойгүй байна. Татвар нэмэгдлээ гээд эргээд өгөх үр өгөөж нь ч харагдахгүй байгааг онцлох хэрэгтэй" гэв.
Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн насыг 5 жилээр уртасган хэвийн нөхцөлтэй адилтган нэмсэн атлаа хүнд нөхцөлд ажилласныхаа төлөө ахиу авсан цалинг нь илүү татвар ноогдуулж байгаад эрчим хүч, уул уурхайн салбарын ажилтнууд бухимдалтай байгаагаа илэрхийлэв.
Мөн тэдний 90 гаран хувь нь орон сууц болон бусад зээлтэй. Уурхайчдын дундаж цалин 2.3 сая төгрөг гэдгийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Үндсэн цалин дээр хээрийн, хүнд нөхцөл, шөнөөн зэрэг нэмэгдлийг нэмж байж ийм дүн гардаг. Дээр нь энэ нь нэг хүний бус нэг өрхийн цалин болж явдаг учраас энэхүү татварын нэмэгдлийг цуцлахыг шаардаж байгаа аж.
Монгол Улсын ДНБ-ий 18, экспортын 86 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Уул уурхайн салбарт 46579 ажилтан, эрчим хүсний салбарт 16 мянган ажилтан ажиллаж байна. ХХОАТ шинэчилсэн хуульд уул уурхайн салбарын 80, эрчим хүчний салбарын 46 хувь нь хамрагдаж гар дээр авах орлого нь буурах тооцоо гарчээ.
Сэтгэгдэл